Б.Батзориг: Өвөлжилтөд бэлтгэхээр 900 сая төгрөг АЙМГУУДАД хуваарилна
2018.07.05

Б.Батзориг: Өвөлжилтөд бэлтгэхээр 900 сая төгрөг АЙМГУУДАД хуваарилна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах тогтоол гаргажээ. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өвлийн бэлтгэлийг эртнээс хангах ёстой. Энэ жил зуншлага сайнгүй байна. Нийт нутгийн 30 хувь нь хэвийн, 30 гаруй хувьд нь дунд хэмжээний зуншлагатай байгаа бол 40 хувьд нь зуншлага муу байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулах шийдвэр гаргаж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 900 сая төгрөг гаргаж, аймгуудад хуваарилахаар боллоо. Энэ мөнгөөр зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах пост нэмэгдүүлэх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оготно царцааны нүүдэлтэй тэмцэх, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна” гэв.

-Халуун зунаар Архангай аймагт шүлхий гарчихлаа. Шүлхий өвчний эсрэг вакцин тарьж байгаа атал яагаад шүлхий өвчний тархалт буурахгүй байна вэ?

-Монгол Улс 80 сая орчим малтай боллоо. Мал, махаа экспортлоход малын эрүүл мэндийн асуудал маш чухал байгаа юм. Тиймээс салбарын яам Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулсан. Зургадугаар сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь халдварт өвчин гарсан хойно нь очиж тэмцдэг байсан. Харин энэ хуулиар урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийх юм. Энэ жил бүх малаа вакцинжуулах төсвийг улсын төсөвт суулгаж чадаагүй. Нийт 7.2 сая тун шүлхийн вакцин авах мөнгө тавьж өгсөн. Мөн ОХУ-аас 1.6 сая тун вакцин тусламжаар авч байгаа. Нийт 8.8 сая тун вакцин байна. Үүгээр 15 сая малыг вакцинжуулна. Эхний ээлжид бүх үхрээ вакцинжуулна. Манай улс 4.5 сая үхэртэй. Мөн эрсдэлтэй бүс нутагт байгаа малаа вакцинжуулна. Архангай аймгийн тухайд бүх үхрээ вакцинжуулсан учраас үхрээс шүлхий өвчин илрээгүй. Бог малаас шүлхий гарсан. Мал эмнэлгийн ерөнхий газар ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Бүх малаа вакцинжуулах нь л чухал байна. Наадмын дараа наймдугаар сарын 1-ээс сумдад малын угаалгын ажлыг эхлүүлнэ.