Х.Нямбаатар: "Таван толгой" төсөл амжилттай хэрэгжснээр "Эрдэнэс Монгол" компанийн уул уурхайн том төслүүд хөдлөх боломжтой
2018.07.05

Х.Нямбаатар: "Таван толгой" төсөл амжилттай хэрэгжснээр "Эрдэнэс Монгол" компанийн уул уурхайн том төслүүд хөдлөх боломжтой

УИX - ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Та хаврын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын хаврын чуулган өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн ажил хэрэгч чуулган болж өндөрлөлөө. Нэгдүгээрт, эдийн засгийг эрчимжүүлэх, макро эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд түүхэн шийдвэр гаргасан. Энэ нь Эрдэнэс Таван толгойн 30 хүртэл хувийг олон улсын хөрөнгийн биржээр арилжаална.

Ингэснээр уул уурхайд түшиглэсэн томоохон дэд бүтэц болох цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр, төмөр зам, авто зам, ачиж буулгах терминал болон Хэрлэн говь-Орхон говь төслийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргалаа. Энэ нь монголчууд анх удаа газрын баялгаа өөрсдөө үнэ цэнийг нь өсгөн нэмэгдүүлэх чиглэлээр хийх зоримог алхам болж байна. Их хурал шийдвэр гаргаж алх цохисноор шууд мөнгө ороод ирэхгүй.

Их хурал улс төрийн шийдвэрийг нь гаргаад өгсөн болохоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газар нэг жилийн хугацаанд яаралтай хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажилдаа идэвхийлэн орох хэрэгтэй. Ийм боломжийг нээж өгсөн нь хаврын чуулганы хамгийн том ач холбогдол байлаа. Энэ төсөл амжилттай хэрэгжиж чадвал Эрдэнэс Монгол компанийн мэдэлд байгаа бусад уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг ээлж дараатай хөдөлгөх боломж, туршлага хуримтлагдана. Тухайлбал, Асгатын мөнгөний ордыг хөдөлгөх, Мон Атомын мэдэлд байгаа цөмийн эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цаашлаад Эрдэнэс Монголын мэдэлд байгаа бусад төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах алхмууд тавигдана.

Хаврын чуулганы хоёр дахь дэвшилттэй тал нь төрийн бүтэц тогтолцоо, төрийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан чиглэлд том дэвшил гарсан. Салбарын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар бүтэц тогтолцоог хэвтээ болгох хуулийн төслийг батлан гаргасан. Эдгээр хуулиуд дээр би ажилласан. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүдийн хамт санаачилж, батлууллаа.

Д.Тогтохсүрэн гишүүний ахалсан ажлын хэсэгт орж салбарын хуулиудыг хэвтээ болгох чиглэлд ажиллаж, орон нутгийн бие даасан байдалд жаахан ч гэсэн дэвшил гарсан. Эдийн засаг, бизнесийн харилцаанд бүртгэл маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд өөрийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой бүртгэлийн харилцааг орчин үеийн системд шилжүүлэх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх, мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг үзүүлдэг эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан.

-Тэгвэл хаврын чуулганаар хийж амжаагүй ямар ажил үлдэв?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал үлдсэн. 2016 оны сонгуулиар нэг намд 65 суудал өгсөн нь магадгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, засаглалын хэлбэрээ тодорхой болгох даалгавраа өгсөн гэж ойлгодог. Тэр ч утгаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал шийдлээ хүлээсээр намрын чуулгантай золгож байна.

Намрын чуулган нэлээд ачаалалтай байхаар хэлэлцэх асуудлын дараалал батлагдлаа. Тухайлбал, 2019 оны улсын төсөв, 2020 онд явагдах сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн батлахаас эхлээд олон асуудал бий. Эдгээрээс онцолж нэн яаралтай анхаарал хандуулах ажил нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт.

-Ээлжит бус чуулган зарлаж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тусад нь авч хэлэлцэх үү. Тэгэхгүй бол намрын чуулганаар төсөв батлахаас эхлээд маш их ажилтай шүү дээ?

-Ээлжит бус чуулган зарлана гэсэн мэдээлэл одоогоор алга. Ээлжит бус чуулганыг зарлах дэг хуулинд бий. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдээлэл бага байгаа ч ямар ч байсан намрын чуулганаар хэлэлцэнэ гээд тогтоолын төслөө баталсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар зарчмаар явах гэж байна вэ. Та ажлын хэсгийн гишүүн байх аа?

-Би ажлын хэсэгт байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Уг хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тусгай дэгээр явна. Бусад хууль тогтоомжийн асуудлыг хэлэлцэхгүйгээр зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдана. Одоогийн өргөн барьсан төслөөс илүү өргөн хүрээнд ярилцъя гэсэн санал бидний хэсэг гишүүдээс гарсан. Өөрөөр хэлбэл бид парламентын төгс засаглалтай орон байх юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгээ тодорхой болгох ёстой гэж боддог.

Манайх шиг 76 гишүүнтэй, нэг танхимтай, ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй, Засгийн газар нь 1.6 жилийн настай ийм тогтворгүй улс төрийн орчинд улс орны хөгжлийн алс хэтийн ирээдүйг ярихад түвэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн албаны залгамж чанар алдагддаг.

 Гадны хөрөнгө оруулагчдын манайд итгэх итгэл сул, тоглоомын дүрмээ байнга өөрчилдөг ийм сөрөг талуудтай.

Би төр эрх зүйн онолын чиглэлээр багшилж байсан хүний хувьд, 1990 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед материалуудыг эргэн харж байхад өнөөдрийн хөгжлийн удааширалт, эв түнжингүй, бодлогын залгамж халаагүй байдал манай тогтолцоотой тодорхой хэмжээгээр хол-боотой. Бид олон хүнийг ямар нэгэн байдлаар сонгож, сольж 28 жилийг үдсэн байна. Харамсалтай нь Засгийн газар нь дөрвөн жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёрхон Засгийн газар бий. Бусад тохиолдолд хоёр сараас 1.6 жилийн насжилттай Засгийн газруудтай байсан.

Тиймээс эдгээрийгээ эргэж харах ёстой. 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж байхад Германы эрдэмтэн, судлаачид манайд зөвлөмж хүргүүлж байсан. Монгол Улсын эдийн засаг тэлж, өргөжих тусам улс төрд бизнесмен, компаниудын оролцоо их болно. Үндсэн хуулийн доголдол үүснэ. Өөрөөр хэлбэл улс төр илүү мөнгөтэй хутгалдана гэдгийг зөгнөж хэлсэн байдаг. Өнөөдөр  тэр нь бий болчихлоо. Хууль хүчний байгууллагуудад улс төрчид өөрсдийн хүнээ өрсөн томилдог. Өрсөж томилсноороо бусдыгаа айлгадаг.

Компаниудын эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гаргадаг. Үүнийг засч залруулдаггүй. Тиймээс үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Шударга шүүхийн хүсэмжлэлийг нийт иргэдийн 80 гаруй хувь нь хүсч байна. Харамсалтай нь иргэдийн шүүхэд итгэх итгэл өнгөрсөн хаврын явдал бэлхнээ харуулсан.

-Намрын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гээд байгаа. Яг ямар өөрчлөлт орох бол. Манайхан сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилдөг гэдэг шүүмжлэл бий?

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан. 2020 оны сонгууль хүртэл мажоритар тойргоор явах нь гарцаагүй. Том мажоритар байх уу, жижиг мажоритар байх уу гэдгээ бид шийдэх байх. Мөн сонгуулийн төрөлжсөн хуультай байх юм уу, Их хурлын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гээд тусдаа байх уу гэдгийг намар шийдэх ёстой. Төрөлжсөн сонгуулийн хууль нь зарим талдаа амьдралд нийцэхгүй байгаа.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн Нийтийн сонсгол явуулахаар албан бичгээ өргөн барьсан. Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж амжсангүй. Таны байр суурь ямар байгаа бол. Чуулгангүй үед хэлэлцээд явах боломжтой юу?

-Нийтийн сонсголын тухай хуулийг 2015 онд баталсан. Парламентын нэг том чиг үүрэг нь хяналт шалгалт байдаг. Гадны өндөр хөгжилтэй орнууд, Үндсэн хуулийн баялаг уламжлалтай улсууд парламент өөрөө мөрдөн шалгах эрх бүхий комисс байгуулдаг. Түүгээрээ томоохон хэргүүдийг мөрдөн шалгадаг. Байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулдаг. Манайд болохоор мөрдөн шалгах ажиллагааг хууль заасан эрх бүхий байгууллагууд хэрэгжүүлнэ.

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх үүрэг нь Их хуралд байдаг. Нийтийн сонсголын тухай хуулийн үндсэн агуул-га нь төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцох оролцоог бий болгох, Нийтийн сонс-голыг Их хурлын түвшинд гэлтгүй орон нутгийн өөрөө удирдах түвшинд хаалттай, нээлттэй сонсгол зохион байгуулах хэлбэрээр хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон, үндэсний аюулгүй байдалд хамаарах  асуудлаас бусад асуудлаар нээлттэй Нийтийн сонсгол явуулж иргэдийн төрийн оролцоог нэмэгдүүлэх хэлбэр бий. Их хурлын гишүүдийн дөрөвний нэг нь шаардсанаар Нийтийн сонсгол явуулах эрх зүйн орчин бий.

Бид Нийтийн сонсголыг явуулж, жишиг тогтоож, ард түмнийдундэргэлзээтэй байгаа эдгээр асуудалд хариулт өгөх ёстой. Манай намын 2020 оны сонгуульд нөлөөлөхүйц энэ асуудлаар нэг ойлголтод хүрч мухарлах хэрэгтэй. Үндсэн хуулийн бус шийдлийг хэсэг хүмүүс ярьсан, яриагүй гэдэг маргаан байгаа шүүдээ.

Хууль хяналтын байгууллага гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Ард түмэн болохоор төрийн дархлааг сулруулж, албан тушаалыг тухай бүрт нь үнэ хүргэж зардаг асуудал яригдсан. Тиймээс манай намын гишүүдийн дундаас хэрэв үнэхээр тийм бол зөв хариуцлага хүлээх шаардлагатай гэдэг зүйлийг ярьж байгаа. Үүнийг нэг мөр болгох хэрэгтэй.

-Хугацааны хувьд Нийтийн сонсгол хэзээ хийгдэх вэ?

-Хугацааг Байнгын хороо шийдэх байх. Байнгын хорооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байх ёстой. Энэ дашрамд өнгөрөгч хавраас эхлээд манай намын зарим залуус эрх бүхий албан тушаалтнуудаас шударга ёсыг шаардаж удаа дараагийн акц хийсэн. Үүний дүнд зарим асуудал тодорхой болсон. Эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татах ажил хийгдлээ. Иргэдийн зүгээс шахаж, шаардаж байгаа зүйлсийг бид цаашид тавьж байя гэдэг байр суурьтай байгаа. Эрдэнэтийн 49. 51 хувиас эхлээд олон асуудал бий.

-УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаад эцэслэлгүй завсарлалаа. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр ямар байр суурьтай байна вэ. Засгийн газрыг хэмжээгүй эрхтэй болгох энэ хуулийг батлах ёсгүй гэдгийг олон хуульчид хэлж байна?

-Хоёр зүйл л хэлье. Захиргааны шүүх яах аргагүй бидний урагшаа алхсан алхам. 1990 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Монгол төр анх удаа төр нь иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдэг тухайн үеийн АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлан гаргасан.

Төрийн захиргааны албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учруулсан гэм хорыг арилгах журмын тухай хууль, Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шүүх, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учруулсан гэм хорыг арилгах журмын тухай хууль гэж хоёр хууль баталж, Монгол төр анх удаа бид эрх зүйт төртэй боллоо гэдэг тунхагийг хуулиараа тунхагласан.

Энэ нь явсаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийнхаа нэг бүлэг болоод 2003 оноос эхлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаад төр нь иргэнийхээ, хуулийн этгээдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоо руу орсон. Харамсалтай нь ард түмэнд өгсөн энэ эрх мэдлийг хэдхэн хулгайч нар илүүтэй ашиглаж Монголыг тонон дээрэмдэх үндсэн хэрэглүүр болж байгаа гэдгийг би хэлчихье.

Танай сониноор дамжуулаад хуульчдаас би сөргүүлээд асуумаар байна. Маш олон хуульчид бий болчихож. Заримыг нь би захиалгаар дуугарч байна гэж хардаж байгаа. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авсан нь Засгийн газар хууль зөрчсөн байна гэдэг УИХ-ын тогтоол гарсан. Уг тогтоол гарсантай холбоотой гурван шүүхийн эцсийн шийдвэр гарсан юм.

Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим шийдвэрээ гаргасан. Эрхэм хуульчидаа, бид энэ гурван шийдвэрийн алийг нь хэрэгжүүлэх вэ. Үүнд хариулт өгөөч. Дараа нь хэдүүлээ дараагийн процессуудаа ярья. Өөрөөр хэлбэл нэг асуудлаар гурван шүүхийн гурван өөр эцсийн шийдвэр гарсан. Бид алийг нь хэрэгжүүлэх вэ.

Бид ард түмний төлөө ард түмний бүтээсэн бий болгосон баялгийг хууль бусаар авсан хүмүүсээс буцааж авах шийдвэрээ хамгаалж үлдэх учиртай. Хичнээн лицензийг хууль бусаар сэргээсэн үйлдэл байна вэ. Миний хэлээд байгаа дэвшил том алхмыг хэдхэн хүн ашиглаж байна. Хэрэг маргаан ойлгомжгүй байдалд очиж байна шүү дээ. Хэргийн харьяалал, шүүхийн харьяалал гэсэн ойлголт бий.

Өнөөдөр энэ нь ойлгомжгүй болсон. Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг Засгийн газар тэргүүлнэ гээд Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн. Гүйцэтгэх засаглалын гаргасан шийдвэр нь аль нэг компанийн томилгоот шүүгчийн өмнө бүдэрч унаж байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой Засгийн газрын шийдвэр заавал ямар нэгэн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндсөн байдлаар шийдвэр гарч байна. Энэ бүхэн хаана очиж байна вэ гэдгийг бодох ёстой. 

- Гэхдээ хэдхэн шүүгчээс болж Захиргааны хэргийн шүүхгүй болох алхам хийх гээд байгаа юм биш үү?

-Захиргааны хэргийн шүүх, Захиргааны ерөнхий хуульгүй болгоё гэж байгаа юм биш шүү дээ. Улс төрийн шийдвэрийг хянахгүй байя гэдэг ганц өгүүлбэр өөрчлөлт орж байгаа. Бусад бүх захиргааны шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүх хянах ёстой. Энэ эрх зүйн орчин нь хэвээрээ үлдэнэ.

-Улс төрийн шийдвэрийн чинь ард л бүх булхай, луйвар, тонон дээрэмддэг чинь явж байна шүү дээ?

-Улс төрийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц нь хяная. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим зөрчигдөж үү гэсэн Цэц нь байна. Захиргааны акт хууль бус байна уу гэдгийг Захиргааны хэргийн шүүх нь хяначихна.

-Засгийн газарт хэмжээгүй эрх өгөх нь өөрөө зөв юм уу. Ингэж шүдгүй арслан мэт хуулиар ард түмнийг хуурах хэрэг байгаа юм уу?

-Ардчиллын хамгийн үнэ цэнэтэй зүйлийг байхгүй болгож байна гэж яриад байгаа л даа. Тийм биш. Харин ардчиллын нэрийг барьж ард түмний баялгийг тонон дээрэмдэх, хууль бусаар лиценз шийдвэр гаргуулж авдаг гэх мэтээр манай Захиргааны хэргийн шүүх хэт хэлбийсэн. Өөрсдөө улс төрийн шүүх болсон. 1990 онд яаж үүсэл нь тавигдсан талаар би дээр хэлсэн. Хэргийн харьяалал, маргааныг шүүмжлээд байгаа эрхэм хуульчид маань хэлээд өгөөч ээ.

Би анх удаа Захиргааны ерөнхий хуулиар танай сонинд ярилцлага өгч байна. Гэтэл зарим нэг сайтууд намайг Ц.Нямдорж сайтай нэр холбон гүтгэн, доромжилох процесс 14 хоног явлаа. Өнгөрөгч хавраас хойш бузар булайг нь дэлгээд эхлэхээр миний эсрэг кампанит ажил явуулж байгаа хүмүүс бий. Намайг жилийн дотор хоёр байртай болсон гээд л. Хөрөнгө орлогын мэдүүлгийн программ солигдоод зуслангийн байшинг орон сууц гээд давхар бүртгэдэг болсон. Үүнийгээ ч ялгахгүй хүн гүтгэх юм. Гурван компанитай болсон гэсэн. Би 2008, 2009, 2010 онд хувийн аж ахуйгаа үүсгэн байгуулж байсан.

Тэр нь одоо болтол байгаа. Хүн гүтгэхдээ эхлээд лавлагаа авч байж гүтгэх ёстой. Шүүхийн тогтолцооны ялзарлыгөмгөөлж, хамгаалдаг хэсэг бүлэг бий. Тэр нь амьжиргааных нь хэрэглүүр болчихсон. Энэ бүхнийг чинь цэгцлэхийн тулд, улс орны хөгжлийг түргэтгэхийн тулд Засгийн газар нь Засгийн газар шиг байх шаардлага бий. Гаргасан шийдвэр нь шийдвэр шиг байх ёстой. Үүний тулд хийхээс аргагүй өөрчлөлт гэж харж байгаа.

Энэ хуулийн төслийг би санаачлаагуй байтал над руу дайраад байгааг нь ойлгохгүй юм. Захиргааны ерөнхий хуулийг шүүмжилж буй эрхэм хуульчидаа, ардчилсан сонгуульд ганцхан шүүгч мэс засал хийж байхад та нар хаана байсан юм бэ. Нэг шүүгч захирамж гаргаад ард түмний сонголтоор хоёр Их хурлын гишүүнийг олонхын санал авчихаад байхад нь шууд мэс засал хийсэн. Ийм зүйлс бусад орнуудад бослого тэмцэлд хүрдэг. Энэ үед хаана байсан юм бэ. Энэ шударга ёс юм уу, шударга ёсны нэр барьж шударга бусчуудын талд зогсож болохгүй.

-Шүүгч нарт асуудал бий гэж яриад байгаа. Мөнгө авсан хүндээ, өөрийг нь томилсон эзэндээ үйлчилдэг гээд. Болохгүй байгаа шүүгч нараа солиод явчихаж болдоггүй юм уу?

-Намар хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ асуудал хөндөгдөж байгаа. Монголд бүх насаараа халдашгүй дархан эрхтэй ганц л албан тушаал бий. Тэр хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ойлголт огт хийгдээгүй. Гүйцэтгэх ажил тэр хүмүүс дээр огт хийгдэхгүй. Хэргээ шалгуулдаггүй. Албан тушаалаа түдгэлзүүлдэггүй. Хариуцлагын нэг ч зүйл заалт хууль, тогтоомжид байдаггүй. Энэ хүмүүс шүүгч нар. 1990 оноос гэм буруутай гэж шүүхээр шийтгэгдсэн шүүгч байна уу. Байхгүй шүү дээ.

Ингээд ирэхээр энэ хүмүүст хууль үйлчлэхээ больсон. Шүүгчийн хариуцлагын тухай хууль гэж манайд алга. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан олон шүүгчид бий. АТГ нөгөө хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгая гээд Шүүхийн ерөнхий зөвлөлд асуудал тавихаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгуулсан тохиолдол байхгүй. Хүн бүрийн хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх энэ зарчмыг л бий болгох ёстой.

Ирэх намрын чуулганаар Шүүхийн захиргааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төслийг яамнаас оруулж ирэхгүй бол Шүүхийн захиргааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төспийг боловсруулж байгаагаа өргөн барина. Нэг нөхөр хоёр шавьтайгаа шүүгчийг сонгон шалгаруулж байна.

Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгчид оногдуулсан шүүгч томилох энэ эрхийг хуваалцаж, шүүгчийг сэлгэн ажиллуулах эрхийг мөн эдэлж байгаа. Илүү хараат бус болгоё гэвэл эхпээд Шүүхийн ерөнхий зөвлөлөө хараат бус болгох хэрэгтэй. Шүүхийн сахилгын хороог ч мөн адил хараат бус болгох ёстой. Дараа нь шүүгч нар хариуцлага хүлээдэг Шүүгчийн хариуцлагын тухай хуультай болох шаардлагатай. Ингэж шударга ёс, хүний эрх, хууль дээдпэх зарчмын талаар ярих юм. Шүүх дээр асуудал очиж яаж нуран унадгийг бид мэднэ. Олны дунд дуулиан тарьсан хэргүүдийн 80 хувь нь аль нэг шатандаа хэрэгсэхгүй болдог биз дээ.

Э.ЭНХБОЛД