Ё.Баатарбилэг 2018.07.06 | Өдрийн сонин

Ё.Баатарбилэг: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх нь зөв. Цаг алдах хэрэггүй

Ё.Баатарбилэг: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх нь зөв. Цаг алдах хэрэггүй

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган өндөрлөсөн. Та хаврын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж бодож байна вэ. Таван толгой төслөө эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэрийг гаргалаа. Олон хүн ам сайтай байх шиг байна л даа. Нөгөө талдаа Д.Гантулга гишүүнийг чөлөөлсөн нь мөн онцлох үйл явдлын нэг болж байна. Хаврын чуулганыг дүгнээд хэлэхгүй юу?

-УИХ Үндсэн хуулиар олгогдсон эрх, хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр ирсэн гэж миний хувьд дүгнэх байна. Хэлэлцэж шийдвэрлэсэн хууль тогтоомж, соёрхон баталсан гэрээ конвенци, хуулийн хэрэгжилт, гүйцэтгэлд тавьсан хяналт шалгалт, гишүүдээс салбарын ажилтай танилцах болон орон нутагт ажилласан байдал, цаашлаад УИХ-ын чуулган цагтаа эхэлдэг болсон.

Мөн гишүүдийн ирц, идэвх өндөр болсон гээд цагаан дээр хараар бичсэн тоо, тооцоолол, судалгаа дүгнэлтээр тод харагдаж байна лээ.

Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах, Энэтхэгийн нэг тэрбум ам.доллараар нефтийн үйлдвэр барих гэрээг соёрхон батлах, Оюу толгойн гэрээг эргэж харах талаар ажлын хэсэг байгуулах гэх мэт бас ч эдийн засгийн талаасаа муугүйд тооцогдох нэлээд олон шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа. Энэ хаврын чуулган ч адил. Мэдээж Таван толгойн асуудал чухал. Олон жил яригдсан. Харин одоо УИХ-аар оруулж батлуулсан цаасан дээрх төслөө ажил хариуцсан хүмүүс нь танилцуулж ярьсан шигээ хэрэгжүүлээсэй гэж л хүсч байна. Ажил, цаг хугацаа хоёрыг хариуцлага үргэлж дагадаг юм хойно ам, ажлын зөрүү бага байвал хожим нь хаа, хаанаа хэрэгтэй болов УУ-

-Таван толгой төсөл цаашаа хэрэгжээд явах боломжтой юу. Таван толгойн 30 хувийг IРО болгон гаргалаа гэхэд 1.5-6 тэрбум ам доллар орж ирнэ гэсэн. Хэтэрхий бага байна гэж шүүмжлэх юм?

-За, ний нуугүй хэлэхэд маш богино хугацаанд, мэдээлэл багатай, тооцоолол судалгаа дутуу юм оруулж ирээд улс орны эрх ашиг, чуулган завсарлахаас өмнө яаралтай батлахгүй бол болохгүй гээд, нэн яаралтай гэсэн горимоор зүтгүүлсээр байгаад л батлуулсан шүү. Гишүүд хэлэлцүүлгийн явцад ийм байдалтай хэлэлцэгдэж байгааг ил тод хэлж байсныг та ч анзаарсан байх.

Таван толгой дээрээ нэмээд Эрдэнэс Монгол компаний 34 хувийг нийтийн эзэмшилд шилжүүлэх гэж АН хажуугийн санал гаргаж, “гуя дагаж хүзүү” биш бүүр “хүзүү дагаж гуя” гэдэг шиг л юм болсон. Гишүүд харин үүнийг нь дэмжээгүй. 1990-ээд оны цэнхэр ягаан тасалбар гэж мэдээлэл, туршлага багатай байсан олон түмний толгойг эргүүлж байгаад том үйлдвэрүүдийг хэсэг бүлэг нөхөд эзэн суучихсан гашуун түүх бий.

Эрдэнэс Монгол компанид Монголын стратегийн томоохон бүх ордууд, жишээлэхэд Оюу толгойн 34 хувь, Таван толгойн 68 хувь, ураны томоохон ордууд, алт, мөнгө, зэс, молибдены томоохон ордуудын лиценз багтдаг. Багануур, Шивээ овоо гээд томоохон ТӨХК-иуд хамаардаг том субьект юм байна лээ. Ингэж төрийн шийдвэр гаргах явц дунд заримдаа гэнэдүүлж дайрдаг улс төр бизнесийн өндөр зэрэглэлийн бүлэглэлийн далд технологи байдаг юм уу гэмээр л хардлага төрсөн шүү.

-Өнгөрөгч хаврын чуулганаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэр үр дүнтэй ажиллав?

-Манай байнгын хороо хариуцсан салбарууд, харьяалах яамдынхаа үйл ажиллагааг дэмжих, нөгөө талаараа эдгээр яамд, байгууллагуудын үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах, хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлж ажиллалаа. Багшийн хөгжлийг дэмжих хууль, Донорын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зэрэг салбарын бие даасан хэд хэдэн хууль, нэлээд олон хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцүүлж батлуулсан байна. Засгийн газраас болон гишүүдээс өргөн баригдсан, хаврын чуулганы жагсаалтад орсон хуулиудаа хэлэлцээд ихэнхийг батлуулсан. 

Одоо Хөдөлмөрийн хууль болон салбарын хэд хэдэн хууль тогтоомж дээр ажлын хэсэг ажиллаж байна. Эрүүл мэнд, нийгмийн асуудал, боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны асуудал гээд хамрах хүрээ их болохоор ачаалал үнэхээр өндөр байдаг юм байна. Хамгийн олон удаа хуралдаж, хамгийн олон ажлын хэсэг ажиллуулсан байнгын хороо байсан. Чуулганы завсарлагаанаар ч ажлын хэсгүүд ажиллана, шаардлагатай бол зарим асуудлаар байнгын хороо хуралдана.

-Байнгын хорооны зүгээс намрын чуулганаар ямар асуудлууд оруулж ирэхээр  төлөвлөсөн бэ?

-Ирэх намрын чуулганаар Хөдөлмөрийн хууль гол хууль болж хэлэлцэгдэх байх гэж харж байгаа. Ажлын хэсэг гарсан. Нийгмийн даатгалын багц хууль, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Боловсролын шинэчлэлтэй холбогдсон зарим хуулиуд, Киноны тухай, Музейн тухай, Соёлын өвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай гээд Засгийн газраас 2020 он хүртэлх УИХ-аар батлуулахаар төлөвлөгдсөн хуулиуд орох байх гэж найдаж байгаа. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомжийн асуудал ч яригдах болов уу. Гол нь Засгаас дээрх хуулиудаа өргөн барих учиртай.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын гэх асуудлын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан. Түүнчлэн Нийтийн сонсгол явуулах ёстой гээд байгаа. Үүн дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Хууль зүйн байнгын хороо руу дээрх асуудлыг шилжүүлсэн гэдгээ УИХ-ын дарга хэлсэн. Харин Хууль зүйн байнгын хороо хэрхэн шийдэхийг мэдэхгуй. Эрх зүйн талаасаа энэ асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй гэж тус байнгын хорооны дарга чуулган дээр дуугарсан даа.

Болох, болохгүйг нь хуулийн талаас нь сайн мэдэхгүй байна. Хийе гэвэл тэгээд хийх л биз, болохгүй гэсэн ч хийчихдэг л юм байна лээ. С.Зоригийн хэргээр зарим гишүүд чуулгантай өдөр давхцуулаад өнгөрсөн намар сонсгол хийсэн шүү дээ. Хуулийг яаж хэрэглэхээсээ болдог юм биш үү дээ харж байхад. Хуульч биш мань мэт нь цаасан дээр бичсэнээр нь ойлгоод хэрэглээд явдаг, мундаг хуульч нөхөд маань логик агуулгаар нь хараад, миний хараагүй өнцгөөс тайлбарлаад явчихаж харагдах юм, зарим зүйл дээр.

-60 тэрбумын асуудлын хүрээнд мөнгө босгосон гэж бодож байна уу. Та нэр дэвшихдээ намдаа мөнгө өгсөн үү?

-Надад намын гишүүний татвараасаа илүү гаргаж, намд хандивлаад байх хөрөнгө мөнгө байхгүй. Надаас тэгж нэхээ ч үгүй. Ядаж миний хүсэлтээр томилуулсан сайд, дарга ч алга.

Энэ гарын үсэг зурсан хүмүүсээс нь л асуу. Ямар нэг зүйл мэдэж байгаа болоод л шаардаж байгаа байлгүй. Аль ч нам сонгуульд орохдоо мөнгө босгож ордог. Чухам яаж хөрөнгө босгож байгаа нь олон нийтийн анхаарлын төвд л байдаг асуудал шүү дээ. Тийм ийм сайд болно гээд л ялах эсэх нь мэдэгдэхгүй аль нэг намд тэрбумаар нь өгөөд байдаг хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу, мэдэхгүй.

Наад 60 тэрбумын асуудал чинь гурван сонгууль дамжиж л шуугилаа. Хууль хяналт нь үгүй байна гээд хэрэгсээгүй, хардагдаад байгаа хүмүүс нь тийм биш гэсэн. Огцор гээд байгаа дарга нь ч тэнд байгаагүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Тэгэхээр бид хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн, холбогдогчийн үг хоёрт итгэхгүй өөр яах юм, эсвэл бүгдээрээ хов базаж, ховоор ажлаа явуулж, ховын үгээр бусдыгаа шүүгээд, буруутгаж зөвтгөөд явдаг болох юм уу. “Шүүх засаглал, хууль хяналт цаашаа бай" гэж байгаад.

Цаашдаа тэгээд ямар жишиг тогтоох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хууль шүүхээр шийдэгдсэн асуудлаар, эсвэл шалгагдаж байхад нь УИХ шүүх шиг хэлэлцдэг болох юм уу. Хэн нэгэнд таалагдаагүй л бол буруу, таалагдвал хууль бус байсан ч зөв гэж явах гээд байгаа юм уу. Яг энэ 60 тэрбумын сонсголын асуудлыг гишүүд өргөн барьсан өдөр Эрдэнэс Монголын 34 хувийг нийтийн эзэмшилд өгөхөөр чуулганд хажуугийн санал гэж чуулганд оруулж ирсэн шүү, АН-ын санал гээд манайхан байнгын хороогоор дэмжээд явсан. Ажиглаж байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр 60 л гээд байснаас энэ 34-ийг нэг их яриагүй шүү. Тохиолдол байж болох л доо. Түүх ч шоглоомтой шүү.

-Нийтийн сонсгол хийх асуудлаар танай бүлэг хаалттай хуралдаж нэлээд маргалдсан байна лээ. Г ишүүдийн байр суурь ямар байсан бол? 

-Гишүүдээс өөрсдөөс нь асуу. Нэр бүхий зарим нэг сайт, фэйсбүүк хуудсууд дээр бүлгийн хурал дээр зарим гишүүд дарга нарын хэлсэн үгтэй бэлэн постерууд бүлгийн хурлын дараа шууд залгаад бэлэн хөврөөд эхэлнэ лээ. Би байр сууриа дээр хэлсэн.

-2020 оны сонгуулийн өмнө танай нам дотроо нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ урапцах янзтай. Нам дотроо асуудлаа шийддэг гэж яригддаг МАН-ын гал тогоо маш халуун байна. Удахгүй хагарах вий гэсэн хүмүүс ч байна л даа?

-Дотроо шийдчих байлгүй дээ. Яг жилийн өмнө бас л бужигнаж байгаад асуудлаа шийдээд, нэг хэсэг нөхөд маань намын болоод Засгийн бүх эрх мэдлээ авцгаасан. Бүлгээс ч, хувь гишүүний хувьд ч Засгаас орж ирсэн бүхий л асуудалд “бодлого” гээд л дэмжсээр ирсэн. Тийм болохоор нэг их болохоо байгаад, талцаад, дээл мээлээ уралцах асуудал гарахгүй байх гэж бодож байна.

Гэхдээ нийгэмд нэгэнт ил гараад байгаа, яригдаад байгаа, бүлэг дээр үүсээд байгаа зарим нэг асуудлууд дээр дүгнэлт хийж, эв нэгдлийг хангуулах талаар Намын удирдлага, Намын удирдах зөвлөл анхаарах цаг болсон байх аа. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг дээ. Хэсэг бусгаараа биш, бүгдээрээ л хэлэлцэх хэрэгтэй.

-Ээлжит бус чуулган хуралдах уу. Үндсэн хуул ийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал хэзээ Их хурлаар орох юм бэ. Нийтийн сонсгол хийх үү. Хийх бол хэзээ вэ?

-Шийддэг хүмүүсээс, хариуцдаг байнгын хороодоос нь асуусан нь дээр байх. Ер нь ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх нь зөв гэж бодож байгаа. Миний хувьд Үндсэн хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан, бас 67 гишүүн гарын үсэг зурчихаад байна. Цаг алдах хэрэггүй.

Э.ЭНХБОЛД

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn