Хамтарсан стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв
2018.07.06

Хамтарсан стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Кундави Кадиресан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2018.07.05) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа НҮБ-ын ХХААБ-ын бүсийн захирал Кундави Кадиресанд талархаж явдагаа илэрхийлээд, салбарын өнөөгийн байдал, бодлого зорилтынхоо талаар танилцуулсан юм.

Тэрбээр, 2017 оны 12 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас мал аж ахуйн салбарын суурь хуулиуд болох Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны тухай хууль батлагдах хэрэгжиж байгааг онцлон тэмдэглээд, НҮБ-ын ХХААБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулж, Ерөнхий малын эмчтэй болсон талаараа мэдээлэл өгсөн.

Мөн малын гоц халдварт өвчний үед тэмцэх бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа онцоллоо. НҮБ-ын ХХААБ-аас мал эрүүлжүүлэхэд зориулан 300 мянган ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид дээр дурдсан хоёр хуулийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн Монгол Улс Бэлчээрийн тухай хуультай болох нь цаг болсон гэдгийг УИХ, Засгийн газарт тууштай илэрхийлж байгаагаа дуулгаад, малын хөлийн татвартай болох зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Сайдын байр суурийг сонссон, НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Кундави Кадиресан эдгээр өдрүүдэд Монгол Улсад болж буй "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-д төлөөлөгчөөр оролцохын хамт салбар яамны бодлого, үйл ажиллагаатай танилцахыг хүссэнээ илэрхийллээ. Тэрбээр, өнгөрөгч 6 дугаар сард "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт"-ыг Монгол Улсад анх удаа хамтран амжилттай зохион байгуулсанд талархаад, НҮБ-ын ХХААБ нь маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул хамтран ажиллах бүхий л боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэлээ.

 

Хатагтай Кундави Кадиресан Бэлчээрийн тухай хуулийн төсөл энэ Засгийн газрын үед батлагдана гэж найдаж байгаа хэлээд, уг хуулийн төсөлд зөвлөмж өгч, хамтарч ажиллахад бэлэн, гол нь малын хөлийн татвартай болохын ач холбогдол, давуу талыг малчид, олон нийтэд сайтар ойлгуулж, болгоомжтой хандахыг хүссэн юм.

        Талууд Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжил, эрх зүйн орчны шинэчлэл болон бэлчээрийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар харилцан санал солилцсоны үр дүнд хамтарсан стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.