Амарсайхан.С 2018.07.06 | medee.mn

Яармагийн шинэ гүүрийг наадмын өмнө хэсэгчлэн нээнэ

Яармагийн шинэ гүүрийг наадмын өмнө хэсэгчлэн нээнэ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж байна. Энэ онд багтаан гүүрний ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах юм байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь  гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил байдаг. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил өнөөдөр үргэлжилж байна. Хотын гүүрнүүдийн ихэнх хувь нь 1960-1986 оны хооронд баригдаж, хагас зуун жил ашиглагдсан  байдаг юм. Тиймээс салбарынхан эдгээр гүүрнүүдийг их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Яармагийн хуучин гүүрний хувьд 1959 онд ашиглалтад орсон. Шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.  

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Яармагийн гүүрний ажлын гүйцэтгэл, чанар маш сайн хийгдэж байна гэж дүгнэж байна. Ганц асуудал нь энд тавьсан гэрэлтүүлэг нь өнгө үзэмж, чанар стандартын хувьд шаардлага хангахгүй байна. Хотын гол гүүрэн замын гэрэлтүүлгийг чанар, шаардлага хангах хэмжээнд байна уу гэдэг дээр эргэлзээтэй байгаа учраас үүнийг дахин харж өөрчлөх ёстой гэж бодож байна. Яармагийн гүүрийг урьдчилсан байдлаар энэ долоо хоногт багтаан нээх, эцсийн байдлаар бүх гүйцэтгэлийг нь хангуулан энэ оны сүүлээр хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна”      

Төслийн ерөнхий зохицуулагч Ц.Түмэн “Яармагийн гүүрний ажил төлөвлөсөн хугацаагаар явж байгаа. Харин ч наашаа гурван сарын хугацаа татсан байгаа. Хугацаагаараа 2019 оны нэгдүгээр сарын 31-нд нээнэ гэж байгаа. Аравдугаар сарын 1-нд шинэ болон хуучин гүүрний засварыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна” гэлээ.                   

Харин Замын цагдаагийн газрын уулзварт гүүрэн гарц барихбүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа гэж НИТХ-ын дарга хэллээ. Тэр утгаараа бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах, хүлээлгэж өгөх хугацааг наашлуулах хэд хэдэн үүрэг даалгавар гүйцэтгэгч Хятадын компанид өгсөн байна. Тодруулбал, тус бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийг өөр төслүүдэд шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс гэрээг дахин дүгнэхээр болсон байна.

Яармагийн шинэ гүүрийн зорчих хэсгийг наадмын өмнө түр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх юм байна.

Тус гүүр нь Туул гол дээгүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай бөгөөд хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөвт өртгөөр есөн сарын хугацаанд баригдаж дуусч байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажиллаж байна.

Энэ гүүр байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай ба баталгааны хувьд 100 жил байх ч бололцоо бий гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Шинэ гүүр одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд шинэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурна гэж үзжээ.

Мөн шинэ гүүрний доогуур 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй, ямар нэг саадгүй зорчих боломжтой болох аж. Улмаар шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрийг хааж засварлах ажлыг эхлүүлэх аж.

                

М.АМАРЖАРГАЛ

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn