2018.07.06

Төсвийн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй зарцуулдаг байдлыг зогсооно

УИХ-ын 2018 оны хаврын чуулганаар Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцэж баталлаа.

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан өргөн мэдүүлсэн уг хууль батлагдсанаар татвар төлөгчдийн төсөвт хуримтлуулсан мөнгийг ямар ч норм, нормативгүйгээр зарцуулдаг байдал цэгцрэх юм.

“УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө татахын тулд зураг төсөвгүй барилгын ажлын хөрөнгийг төсөвт тусгуулдаг. Үүнээс болж хот, хөдөөд баригдаж байгаа яг адилхан барилгуудын төсөвт өртөг эрс ялгаатай байгаа юм. Эндээс ямар ч төсвийн төлөвлөлт  гэж байдаггүй нь харагдаж байна. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд Төсвийн тухай хуульд норм, норматив, төлөвлөлт гэдэг зүйл шаардлагатай байна” гэдгийг хууль санаачлагчийн зүгээс онцолжээ.

Жишээ дурдахад СХД-т 645 хүүхдийн суудалтай сургууль 5.5 тэрбм төгрөгний хөрөнгө оруулалттай байхад өөр газар яг ижилхэн суудалтай сургууль 3 тэрбумын хөрөнгө оруулалттай байдаг. Ингээд хөрөнгө оруулалтын ажил хийх гэхээр Сангийн яам, БСШУСЯ дээр төсөв зөрснөөс болж барилгын ажил ганцаанд ордог байна.

Тиймээс хуулийн төслийн 1-р зүйлийн 24.6-дахь хэсгийг “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэж өөрчилжээ.

Мөн 2-р зүйлийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” хэмээн өөрчлөн найруулсан юм.

Тодруулбал, улсын хэмээнд батлагдах бүх төрлийн зардлыг тодорхой норм, норматив, батлагдсан стандартын дагуу гаргасан зураг төсөв дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг нь батлах юм.

Зураг төсөвгүй бол төсөвт суухгүй гэсэн үг.

Харин хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас норм, норматив дээр тодорхой журмуудыг батлах ёстой. Сангийн яам бусад яамтай хамтарч төсвөөс санхүүжиж байгаа байгууллага бүр дээр стандарт гаргах шаардлага гарна. Харин бүс бүсээс хамаарч барилгын ажил өөр өөр төсөвтэй гардаг учир бүсчилсэн хэлбэрээр, захын дүүргүүдэд ялгамжтай стандарт гаргах юм.

Хэлэлцүүлгийн явцад ч УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан

Төсвийн орлого татварын болон татварын бусад орлогоос улсын орлого бүрдэж байгаа. Хуулиа сайн мөрдөж ажиллаж чадвал орлогоо хянах боломжтой. Манайд норм, норматив аа яг сайн барьж байгаа салбар бараг байхгүй. Хууль батлагдсанаар норм, норматив  цэгцлэх, үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа.

Төсвийн тухай хуулийн ЦООРХОЙГ НӨХӨХ зорилгоор Н.Учрал гишүүн хуулийн төсөл санаачлан оруулж ирж байгаад талархаж байна. Төсвийн норим, норматив байхгүйгээс шалтгаалж төсвийн сахилга бат алдагдах, нэг ижил зураг төсөл нь хоёр өөр дүнтэй хэрэгжих, үүнээс үүдээд татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зарцуулагдах зэрэг олон асуудлаад үүсээд байсан.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Яг адилхан эмнэлэг байхад 100 ортой эмнэлэг, 200 ортой эмнэлгээс 2 дахих их зардалтай байх жишээтэй. Сургууль, цэцэрлэг дээр асуудал их гарч байна. Зураг шаардлага хангахгүй, буруу тооцоололтой зураг их байна. Барилгын норм норматив, үнийн ханш, материалын чанар өөрчлөгдөж байна. Төсвийн норм нормативыг өөрчлөх хэрэгтэй.

Хуулийн төслийг дэмжиж байна. Орон нутагт төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг жигдлэх, цэгцэлэх, норм нормативыг  нь стандартыг нь нэг жишиг руу яваачих цаг нь болсон гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Олонхи гишүүдийн дэмжлэгийг авсан энэхүү хууль батлагдсанаар төсвийн зарцуулалтыг жигдлэхээс гадна данхар бүтэцтэй төрийн албыг ч цэгцлэх юм. Жишээлбэл, байгууллагын үйлчлэгч гэхэд хэдэн мкв талбай цэвэрлэх вэ гэдгээс шалтгаалаад тухайн байгууллагад хэдэн үйлчлэгч хэрэгтэй вэ гэдэг нь стандартын дагуу бий болох ёстой.

Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал

Н.Учрал: “Энэ хуулийн төсөл дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хэрэгжихэд анхаарах Их Хурлын  тогтоол гарна. Цаашдаа стандартыг шинэчлэн батлах, нутгийн өөрөө удирдах байгууллагад энэ хууль хэрэгжинэ. Салбар бүр үүн дээр анхаарах ёстой байгаа. Татвар төлөгчийн мөнгийг үр дүнтэй зарцуулах боломж гарч ирж байгаа. Ирэх жилийн төсвөөс өмнө стандарт, нормоо барьж ажиллаж чадвал өнөөдрийн хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил цааш явах боломж бүрдэж байна”

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn