Н.Цэрэнбат 2018.07.09 | Ikon.mn

"Энэ жил жуулчдын тоо эхний таван сарын байдлаар 10 хувийн өсөлттэй байна"

"Энэ жил жуулчдын тоо эхний таван сарын байдлаар 10 хувийн өсөлттэй байна"

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хурал энэ сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Өнөөдөр гурван улсын сайд нар хуралдаж байна. Тус хуралдаанд гурван улсын төлөөлөл болсон нийт 150 гаруй албаны хүмүүс оролцож байна.

"МОНГОЛ УЛСААС ОХУ-Д ЖУУЛЧИЛСАН ИРГЭДИЙН ТОО 2017 ОНД 217 МЯНГАД ХҮРСЭН"

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хэлэлцээрийн хүрээнд Аялал жуулчлалын салбарт Монгол-Хятад-Орос гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын уулзалт 3 талт механизм 2016 онд Хятад улсын санаачилгаар бий болсон. Анхдугаар уулзалт 2016 онд БНХАУ-д, хоёрдугаар уулзалт 2017 онд ОХУ-д, харин гуравдугаар хуралдааныг энэ жил эх орондоо зохион байгуулж байна.

Хуралдаанд гурван улсын аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцож, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлүүд, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэхээс гадна шинээр харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

2016 онд зохион байгуулагдсан хуралдааны үр дүнд “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоо”-г байгуулсан бол 2017 оны хуралдааны үр дүнд аялал жуулчлалын салбар дахь бүх түвшинд хамтын ажиллагааг сайжруулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлээд байна.

2017 онд БНХАУ-аас 144 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирсэн нь 2016 онтой харьцуулахад 8 хувиар өссөн бол Монголоос БНХАУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 345 мянгад хүрсэн байна. Харин 2017 онд ОХУ-аас 106 мянга гаруй жуулчин Монголд ирсэн нь 2016 онтой харьцуулахад 21 хувиар өссөн бол Монгол улсаас ОХУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 217 мянгад хүрсэн байна

Засгийн газрын зүгээс энэ удаагийн хуралдаанаас гарах үр дүнг бодитой байлгах үүднээс Их түмэн голын санаачилга төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллаж, гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлж байна" гэв.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан 

"Энэ удаагийн уулзалтаар гурван улсад харилцан жуулчилж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвхөн зун гэлтгүй бусад улиралд ч мөн жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна. 

Өнгөрсөн жил Монгол Улсад нийт 470,000 орчим жуулчин ирсэн. Энэ жил жуулчдын тоо эхний таван сарын байдлаар 10 гаруй хувийн өсөлттэй байна. Зөвхөн долоодугаар сард өнгөрсөн жил 80 мянга орчим жуулчин ирсэн бол энэ жил 90 орчим мянган жуулчин ирэх хандлагатай байна. Жуулчдыг татахын тулд бид соёлын арга хэмжээ зохион байгуулж, аль болох жуулчдыг Монгол орноор аялуулах бодлогыг хэрэгжүүлж ажилладаг" гэлээ. 

"ГУРВАН ТАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО АДИЛХАН БАЙГАА"

БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жианг 

"Өнөөдөр бид энэхүү хурлаар Хятад-Монгол-Оросын хил дамнасан жуулчлалын бүсийн визийн хөнгөлөлтийн талаар харилцан ойлголцол олсон. Гурван талын Засгийн газрын бодлого ч адилхан байгаа. Тиймээс цаашид бид аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад маш ач холбогдолтой болж байна. 

Энэ удаа Монголд болж буй энэхүү гуравдугаар уулзалт маш зохион байгуулалттай болж байна. Ирэх жил гурван улсын сайд нарын уулзалтыг БНХАУ-д зохион байгуулна" хэмээн онцоллоо.

А.НАМУУН