НАЛАЙХ дүүргийн наадамд 47 улсын цолтой бөх зодоглолоо
2018.07.10

НАЛАЙХ дүүргийн наадамд 47 улсын цолтой бөх зодоглолоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 07 сарын 07, 08-ны өдрүүдэд Налайх дүүргийн 96 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө.

Налайх дүүргийн баяр наадамд газар газрын хурдан хүлгүүд шандас хурдаа сорьж, газар газрын харваачид цэц мэргэнээ үзсэн, улс, аймгийн алдар цолтнууд хүч үзсэн өргөн дэлгэр сайхан наадам боллоо.

Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа 07 сарын 08-ны өдөр болж, уурхайчдын алдар гавьяаг шигтгэсэн Налайх дүүргийн түүхийг үечилсэн байдлаар харуулсан сайхан зохиомжтой нээлт боллоо.

Баяр наадмыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж хэлсэн үгэндээ: “Улсын нийслэлийн наран ургах зүгт байрлалтай, хөдөлмөрч, бүтээлч түмний өлгий болсон Налайх дүүргийнхээ нийт ард иргэддээ болон уудам дэлгэр эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Налайхчууддаа Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэж хотол олноороо сэтгэл тэнүүн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Налайхчууд бид эрүүл аюулгүй, амар тайван амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон арван хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, хөгжлийн түүчээ болсон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, олон ажлыг өрнүүлсэн амжилт бүтээлээр Үндэсний их баяр наадмаа угтаж байна” гэв.

Налайх дүүргийн баяр наадамд Улсын их хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нарын олон хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.

Налайхын наадамд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ш.Жаргалсайхан, Улсын заан Д.Баасандорж, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын заан Б.Батмөнх, Улсын заан Б.Соронзонболд, Улсын заан Т.Санчир, Улсын харцага Уламбаяр, Гантулга, Бямбажав, Одгэрэл зэрэг улсын цолтой 47, аймаг цэргийн цолтой 120, нийтдээ  256 бөх хүч үзэн барилдсанаас  Булган аймгийн харьяат, Хилчин спорт хорооны бөх, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл 8 давж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн харцага Б.Зоригтбаатар 7 давж үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ.

Шөвгийн 4-д Завхан аймгийн харьяат, Хүч спорт хорооны бөх, аймгийн харцага н.Чинтулга, аймгийн заан Б.Өлзийсайхан нар 6 давж цолоо баталсан байна.  

Налайхын наадмаас аймгийн начин-4, аймгийн арслан-1, аймгийн заан цолтон 1, нийтдээ 6 шинэ цолтон төрөн гарлаа.

Говь-Алтай аймгийн харьяат, сумын заан Б.Дагва, Налайх дүүргийн харьяат, сумын заан С.Пүрэв-Очир, Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Дэмиддорж, сумын заан Баасандорж нар аймгийн начин цолтон боллоо.

Урианхай сурын харвааны эрэгтэй төрөлд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын мастер Х.Бямбажав тэргүүлсэн бол, Үндэсний сурын харвааны эрэгтэй Завхан аймгийн Тэс сумын харьяат, Налайх дүүрэг, Мондэ багийн харваач, Спортын мастер Б.Хатансайхан тэргүүлэн аймгийн мэргэн цол хүртсэн бол үндэсний  сурын эмэгтэй төрөлд Увс аймгийн Тэс сумын харьяат, Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хороо, Жем интернэшнл компанийн харваач, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа тэргүүн байр эзэлжээ.

Налайх дүүргийн наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны газар газраас ирсэн шандаст хурдан хүлэг тоосоо өргөж хурсан олон наадамчдаа баясгалаа.

Их нас, хязаалан насны морьдын уралдаанд Налайх дүүргийн уяач Н.Батболдын зээрд халзан, бор өнгөлсөн бол Азарга, соёолонгийн уралдаанд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач Р.Батбаярын бор азарга, хонгор соёолон түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо цэнгүүллээ.

Ийнхүү уурхайчдын голомт хотхон, олон ястны өлгий болсон Налайх дүүргийн 96 жилийн ойн баяр цэнгэл наадам нартай хуртай, шинэ цолтнуудтай өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.