Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ
2018.07.10

Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. 2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай.

Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов.

Жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2000 гаруй алба хаагч оролцлоо. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлалаа.

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд гадаадын улс орнуудын Элчин сайдын яамны төлөөлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, иргэд хүрэлцэн иржээ.  

1992 оны Үндсэн хуульд “ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заажээ.

Гадаадын улс орнууд ч төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд тухайлбал ОХУ жилийн бүрийн наймдугаар сарын 22-нд, АНУ зургаадугаар сарын 14-нд тэмдэглэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.