УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ
2018.07.12

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

Эх дэлхийд түүхээрээ гайхагдсан Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам дэлгэр зуны энэ сайхан өдрүүдэд тохиож байна.

Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж яваа хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсын зүрх нь болсон Эрчим хүчний салбарынхаа тулах цэг, бахархлын эзэн болсонд тань талархал илэрхийлье.

Олон жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр Эрчим хүчний салбарыг бүтээн байгуулж, улс орон, айл өрхийн цахилгаан, дулааныг таслахгүйн төлөө өдөр шөнөгүй манаанд зогсож, жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах хариуцлагатай, хүнд ачааг үүрч буй мэргэшсэн хамт олон билээ. Ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө мөнхөд цохилох зүрх, Монгол Улсыг хөгжил дэвшлийн замд хүргэх зүтгүүр болсон эрчим хүчний салбарын хамт олон та бүхэн Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадрах ариун бөгөөд нэр хүндтэй үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа үүгээр илэрхийлж мэндчилж байна.

Монгол орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн манлайлалд хүрч, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье!

Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН