Х.Нямбаатар 2018.07.23 | iToim.mn

Х.Нямбаатар: Намрын чуулганаар нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралтай холбоотой халуун өдрүүд хүлээж байна

Х.Нямбаатар: Намрын чуулганаар нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралтай холбоотой халуун өдрүүд хүлээж байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Хаврын чуулган завсарлаад сар болоогүй байна. Харин зарим гишүүн болон Ерөнхийлөгчөөс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлтийг УИХ-ын даргад өгөөд байгаа. Хаврын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж та дүгнэж байна вэ?

-Энэ хаврын чуулганы сүүлийн өдөр хамгийн үр дүнтэй шийдвэрээ гаргасан. "Эрдэнэс Тавантолгой"-г эдийн засгийн эргэлтэд оруулах хариуцлагатай шийдвэрийг УИХ гаргалаа. УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу IPO гаргах бэлтгэл ажил одоо ч хийгдэж байгаа байх. Ойролцоогоор жилийн дараа монголчууд анх удаа өөрсдийнхөө газрын баялгийг гаднын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах замаар хөрөнгө босгож, эдийн засгийг эрчимжүүлэх дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Олон ажлын байр ч бий болох байх. Тавантолгой өнөөдөр 10 сая тонн нүүрс чадан ядан гаргаж байгаа бол энэ тоо 3-8 дахин өсөх урьдчилсан тооцоо байгаа. Мөн дээр нь зөвхөн түүхий нүүрс зарах бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг нэг цонхны үнээр гаргах боломжтой болох шийдвэрийг хаврын чуулганаар УИХ гаргасан. Энэ бол хамгийн том ололт гэж үзэж байгаа.

-Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ гэж байсан боловч амжаагүй. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслөө боловсруулж үндсэндээ дуусч байгаа гэсэн мэдээллийг өсгөн. Намрын чуулганаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадах болов уу?

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж чадаагүй нь харамсалтай. МАН сонгуульд нэр дэвших мөрийн хөтөлбөртөө төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр тодорхой хуулиудыг батлуулна гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд миний бие зарим гишүүнтэй хамтарч боловсролын тогтолцоог хэвтээ тогтолцоо руу шилжүүлэх хуулиудыг боловсруулан батлуулсан. Энэ бол төвлөрлийг сааруулах чиглэлд хийсэн томоохон ажил болсон. Эдийн засаг өсч, тэлж байгаагийн хэрээр иргэн, хуулийн этгээд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах, эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой бүртгэлийн тогтолцоог орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж шинэчлэн баталлаа. Мөн УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, ёс зүйтэй байлгах үүднээс УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Бусдын өмнөөс санал өгдөг байдал дахин давтагдахгүй. Одоо бидний хамгийн тэргүүнд хийх ёстой ажил бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Намрын чуулганаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийг хэлэлцэн батална. Үүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг тусгай горимоор яаралтай хэлэлцээсэй. Засаглалын эрлийз загвараасаа гарч хэн нэг нь хариуцлага хүлээдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Парламентын сонгодог засаглалын хэлбэрийг олоосой гэж бодож байна. Мөн намрын чуулганаар Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гээд шил шилээ дарсан цаг хугацаатай батлах хуулиуд байгаа. Мөн аравдугаар сарын 7-нд Хэнтий аймагт нөхөн сонгууль болно. Энэ мэт намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралтай холбоотой халуун өдрүүд биднийг хүлээж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт та ажиллж байгаа. Ямар ямар өөрчлөлт оруулахаар байгаа вэ?

-Би ажлын хэсэгт ажиллаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Уг хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тусгай дэгээр явна. Бусад хууль тогтоомжийн асуудлыг хэлэлцэхгүйгээр зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдана. Одоогийн өргөн барьсан төслөөс илүү өргөн хүрээнд ярилцъя гэсэн санал бидний хэсэг гишүүдээс гарсан. Өөрөөр хэлбэл бид парламентын төгс засаглалтай орон байх юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгээ тодорхой болгох ёстой гэж боддог. Манайх шиг 76 гишүүнтэй, нэг танхимтай, ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй, Засгийн газар нь 1.6 жилийн настай ийм тогтворгүй улс төрийн орчинд улс орны хөгжлийн алс хэтийн ирээдүйг ярихад түвэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн албаны залгамж чанар алдагддаг.

Би төр эрх зүйн онолын чиглэлээр багшилж байсан хүний хувьд, 1990 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед материалуудыг эргэн харж байхад өнөөдрийн хөгжлийн удаашралт, эв түнжингүй, бодлогын залгамж халаагүй байдал манай тогтолцоотой тодорхой хэмжээгээр холбоотой. Бид олон хүнийг ямар нэгэн байдлаар сонгож, сольж 28 жилийг үдсэн байна. Харамсалтай нь Засгийн газар нь дөрвөн жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёрхон Засгийн газар бий. Бусад тохиолдолд хоёр сараас 1.6 жилийн насжилттай Засгийн газруудтай байсан. Тиймээс эдгээрийгээ эргэж харах ёстой. 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж байхад Германы эрдэмтэн, судлаачид манайд зөвлөмж хүргүүлж байсан. Монгол Улсын эдийн засаг тэлж, өргөжих тусам улс төрд бизнесмен, компаниудын оролцоо их болно. Үндсэн хуулийн доголдол үүснэ. Өөрөөр хэлбэл улс төр илүү мөнгөтэй хутгалдана гэдгийг зөгнөж хэлсэн байдаг. Өнөөдөр тэр нь бий болчихлоо. Хууль хүчний байгууллагуудад улс төрчид өөрсдийн хүнээ өрсөн томилдог. Өрсөж томилсноороо бусдыгаа айлгадаг.

-МАН-ын бүлэг 32:33-аараа хуваагдсан нь олон нийтэд ил болоод зогсохгүй намын удирдлагууд нь ч хүлээн зөвшөөрөөд байгаа. та залуу гишүүний хувьд намын дотрох эв түнжингүй байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үүнийг намын бүлгийн дарга, удирдлагуудаас асуух хэрэгтэй. Би бол зүгээр бүлгийн гишүүн. Эх баригч нам дотроо эв түнжинтэй байх хэрэгтэй. Гэхдээ эв нэгдэлтэй байна гээд хууль бус зүйлүүдийг халхавчилж болохгүй. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үйл явцад намын бүлэг хуваагдсан нь үнэн. Гэхдээ гол гол шийдвэрүүд дээр намын бүлэг нэгдсэн байр суурьтай байсан. 2018 оны намрын чуулганаар эрх баригч намын ард иргэддээ амласан амлалтаа биелүүлэх хугацааны хоёрдугаар хагас эхэлж байгаа. Энэ хугацаанд илүү их хариуцлагатай байх ёстой. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн том асуудал шийдэж чадсан. Эдийн засгийн хувьд дипольд зарлах хүндрэлээс гарч чадсан. Өнөөдөр Монголбанкан дахь валютын нөөц нэмэгдэж, мэдээлэл нь ил тод байна. Эдийн засаг дандаа өсөлттэй, валютын ханш харьцангуй тогтвортой, ОУВС-гийнханы манай улсад өгч байгаа үнэлгээ сайн, уул уурхай түүхий эдийн үнэ ханш өссөн байна. тэгэхээр гадаад таатай нөхцөлийг боломж болгон ашиглах ёстой. Энэ том боломжуудыг жижиг сажиг амбиц, албан тушаалын төлөөх өрсөлдөөнөөр алдаж болохгүй.

Л.ОДОНЧИМЭГ

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn