Б.Баттөмөр: Манай улс өөрийн онцлогтоо тохирсон хөгжлийн бодлого, төрийн зохицуулалттай замаар хөгжинө
2018.07.24

Б.Баттөмөр: Манай улс өөрийн онцлогтоо тохирсон хөгжлийн бодлого, төрийн зохицуулалттай замаар хөгжинө

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-УИХ-аас Таван толгойг хөдөлгөх шийдвэр гаргасан. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хүртэлх хувийн хувьцааг дотоод гадаадын зах зээлд гаргах асуудалд та ямар бодолтой байна вэ?

-"Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцааг дотоод, гадаадын зах зээлд худалдах, бэлтгэлийг хангах тухай тогтоол гэж ойлгох хэрэгтэй. Манай зарим хүмүүсийн яриад байгаа шиг “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг тавиад туучхаж байгаа юм биш. Дотоод, гадаадын зах зээл дээр 30 хүртэлх хувийн хувьцаа гаргаж болох талаар тооцоо, судалгаа хийж, энэ ондоо багтааж УИХ-д танилцуулах үүрэг Засгийн газарт өгөгдсөн. Ашигтай бол хувьцаа гаргана. Ашиггүй гэж үзвэл өөр санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах боломжуудыг хамтад нь судалж үзэх хэрэгтэй.

-Санхүүгийн өөр арга хэрэгслүүдийг ашиглана гэдгээ тодруулахгүй юу. IPO хийхэд 1.5-2.0 тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн тооцоо танилцуулсан гэл үү?

-Дэлхийн санхүүгийн зах зээл дээр газрын баялагт суурилсан компаниудын хувьцаа амжилттай арилжаалагддаг боловч, баялгийн эзэд болох тухайн улс, ард түмэнд тийм ч үр ашигтай байдаггүй гэсэн судалгаа бий. Мэдлэг, биет бус хүчирхэг бизнесийн загвартай орчин үеийн компаниудын хувьцаа үнэ цэнтэй, өндөр үнэлгээтэй байна. Тухайлбал, Али Баба, Oracle, Facebook, Amozon, AIR BNB, Uber гэх мэт. АНУ ын Catle компани Невада муж дэлхийд хамгийн томд орох цахилгаан автомашины зай хураагуур үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулахад 1.3 тэрбум доллар зарцуулж, компанийхаа арван хувийн хувьцааг 20 тэрбум ам.доллароор үнэлж байна. Энэ компанийн нийт үнэлгээ нь 200 тэрбум ам.доллар гэсэн тооцоо гарчээ. Яагаад оруулсан хөрөнгөнөөсөө зуу дахин ихээр үнэлэгдэж байгаагийн учир нь үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь орчин үед их эрэлттэй, ирээдүйтэй болохоор тэр. 2040 он гэхэд дэлхийн автомашины 50 хувь нь цахилгаанд шилжих учраас энэ чиглэлийн бизнес ашигтай гэж үзэж үнэлгээ нь өндөр тогтсон байна. Манай “Эрдэнэс Таван толгой” компани 7.3 тэрбум тн нүүрсний нөөцтэй орд эзэмшдэг. Үүнээс 4.9 тэрбум нь коксжих нүүрс гэж байгаа. Ийм том баялагийн 30 хувь нь 1.5-2.0 тэрбум ам.доллароор үнэлэгдэхгүй байлгүй дээ. Хэрэв тэгж худалдвал дэлхийд бид тэнэгээ зарлаж, хөгжлийн тухай ярих ч хэрэггүй болно. Газар доорх баялагийн үнэ тэг гэдэгтэй санал нийлэхгүй. Гадаад зах зээл дээр нүүрсний үнэ төрөл, чанараасаа хамаарч нэг тн нь 100-200 ам.доллорын үнэтэй байна. Нэг тн нүүрснээс олох ашгийг 10 ам.доллар гээд бодоход нийт орд 73 тэрбум доллор. Үүний 30 хувь нь 21.9 тэрбум ам.доллар болно.

Том баялаг дээр суурилж үйл ажиллагаа явуулах компани урт хугацаанд бага хүүтэй эх үүсвэр, бонд гарган санхүүжилтээ босгож ажиллах нь том эрх ашигт нийцэж, эцсийн үр дүн нь сайн байх магадлал өндөр. Нөгөө нэг арга нь удирдлагын менежментийг сайжруулж, Монголын төрөөс бодлогоор дэмжиж,үр ашгийг нь дээшлүүлэх замаар өөрөө өөртөө хөрөнгө оруулах нь компанийн үнэлгээг өсгөж, үр ашиг сайжрах боломж бүрдэнэ. Таван толгой компани 2017 онд тулгамдсан өрөө төлөөд 700-гаад тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас харахад ирээдүй нь их өөдрөг байгаа юм. Нөгөө талаар зам тээвэр, гээд дэд бүтэц хөгжөөгүй, түүхий нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа нь үнэлгээнд сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байгаа юм.

-IPO хийх замаар Таван толгойн тодорхой хувийг нь авчих санаатай бизнесийн бүлэглэл байгаа гэж ярих юм. Энэ талаар та дуулав уу?

-Надад яг тийм мэдээлэл алга. Гэхдээ авчих санаатай хүмүүс байдаг байж магадгүй л юм. Нэг хүн, нэг хэсэг хүн, нэг хоёр бизнесийн бүлэглэлд томдоно л доо. Яагаад гэвэл дэлхийд бүртгэлтэй маш том орд. Монгол Улсыг 200 жил тэжээнэ гэсэн тооцоо байдаг.

Монголчууд бид өнгөрсөн 30 гаруй жилд хонхортоо, бие биетэйгээ байлдаж амьдарч байна. Төрд өмч, төрийн зохицуулалт хэрэггүй, зах зээл зохицуулдаг гэдэг либерал загвараар тархиа угаалгаж, одоо ч угаалгасаар байна. Монголчууд бидний сэтгэлгээ жижиг, бүтээлч биш, хоорондоо их дайтдаг учир дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж ажиллаж, амьдарч чадахгүй л явцгааж байна. Хийж бүтээснээ нурааж, зарим нь төрөө тонож амьдарч байгаа нь үнэн. Одоо зарим нь хонхроосоо гарч дэлхийд байг гэхэд тив, бүс нутаг, хөршүүдийнхээ зах зээлд ажиллах хэрэгтэй. Уг нь том том боддог, хийдэг, ярьдаг хүмүүс байх л юм. Харамсалтай нь Монголдоо төрийнхөө үлдсэн хэд рүү л дайраад байх юм. Зөвхөн Монголдоо биш Монголоосоо гарч сэтгэж ажиллавал ард түмэн түүнийг дэмжиж, түүнд туслахад бэлэн байх даа.

-Таван толгойн IPO хийх тооцоо, судалгаа, бэлтгэлийн явцыг заавал УИХ д танилцуулах уу?

-Гарч байгаа УИХ-ын тогтоолд заавал танилцуулах заалт орсон. Танилцуулсны дараа IPO хийх эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэж ойлгож байгаа.

-Таван толгойн 30 хувьд IPO хийхтэй холбогдуулан "Эрдэнэс Монгол” компанийн 49-өөс доошгүй хувийг ард иргэдэд хувьчлах асуудлыг МАН ын бүлэг яагаад дэмжсэнгүй вэ?

-Засгийн газар зөвхөн "Эрдэнэс Таван толгой"-н асуудлыг оруулж ирсэн.

Гэтэл АН-ын нөхдүүд "Эрдэнэс Монгол"-ын асуудлыг давхар оруулаад яриад байгаа юм. Энэ нь хэлэлцэж байгаа Таван толгойн 30 хувиас 10 дахин том асуудал. Ийм том асуудлыг тооцоо судалгаа муутай,сэтгэлийн хөөрлөөр, эсвэл улс төрийн оноо авах зорилгоор шийдэх гэж оролдвол алдаа гарна. Бид улс орны цаашдын хөгжил, амин чухал асуудлуудыг долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмаар явах естой. "Эрдэнэс Монгол"- д "Эрдэнэс таван толгой", "Эрдэнэс Оюу толгой", “Багануур”, “Шивээ овоо” компаниуд, "Эрдэнэт УБҮ"ХК, “Мон атом” гээд Монголыг авч явж байгаа, цаашид авч явах 10 орчим компани бүгд багтсан байдаг. "Эрдэнэс Монгол"-ын хувьд тодорхой тооцоо, судалгаа, дэс дараалалтай хувьчлал, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх нь зүйтэй. Бодлогогүй хувьчлалын горыг бид хангалттай амссан. Одоо бид хувьчлал дээр дахиж алдах эрхгүй. Ардчилсан нам ард түмэндээ их хайртай учраас өгөх гээд МАН хайргүй учраас татгалзаад байгаа асуудал огт байхгүй гэдгийг хэлье. Ард түмний нэрийг барьж тэдэнд өгнө гээд өгсөн дүр үзүүлээд, эцэст хэдхэн хүн хураагаад авчихдаг схем одоо хуучирчээ. Зарим улс төрийн хүчин, улстөрчид, ард түмэндээ хайр зарлаад эхлэхээр цаана нь заавал далд санаа явж байдаг нь туршлагаар нотлогдчихсон зүйл. 1990-ээд оны эхэнд ард иргэдээ өмчтэй болгоно гээд тухайн үед байсан бүх төрийн өмчийг үнэлээд цэнхэр, ягаан тасалбар болгоод тараасан. Үр дүн нь баялгийн 92 хувь нь хүн амын тав хүрэхгүй хувьд оногдож, гурван монгол хүний хоёр нь ядуу тарчиг, эдийн засгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Сайн хувьцаа гэж бас нэг хөтөлбөр бий. Төрөөс иргэддээ олгосон арилжаалахгүй хувьцааг сонгуулийн өмнө үнэгүйдүүлээд хэсэг хүмүүс цуглуулсан. Яс ярих юм бол баялгийг засаглаж байгаа тав хүрэхгүй хувиас бусад монголчууд эрх чөлөөгүй амьдарч байгаа нь үнэн. Энэ бол алдаатай бодлого, алдаатай хувьчлалын үр дүнг илтгэж буй тоо. Бүгдийг хувьчлаад, төр татвар аваад хөгждөг гэсэн тархи угаасан неолиберал онол, бодлогоос татгалзах хэрэгтэй. Монгол Улс өөрийн онцлогт тохирсон төрийн бодлого,төрийн зохицуулалттай загвараар хөгжинө.

-Засгийн газраас 2018-2020 онд төрийн өмчийг хувьчлах чиглэлийг УИХ-д оруулж ирсэн нь нэлээд маргаан дагуулж байгаа. Энэ асуудлыг АН завсарлага авч намрын чуулган хүртэл хойшлуулсан. Таны хувьд Төрийн банкийг хувьчлах асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. Уг нь өмч хувьчлалыг ард түмэндээ хүртээмжтэй хэлбэрээр шударга хувьчилж чадвал иргэд маань ч хөрөнгөтэй болно. Тухайн банкны үйл ажиллагаа нь ч сайжирна биз дээ?

-Төр өөрт хэрэггүй, ашиггүй, өмчөөсөө салж сонирхсон этгээдэд өгч тухайн ажлыг хийлгэх нь зөв зүйтэй. Харин ашигтайг хувьчлал нэрээр аваад улс эх орныхоо эрх ашгийг хохироож, хөгжлийг хойш татаж хорлоод байх нь зүйд нийцэхгүй. Энэ утгаар Төрийн банкны хувьчлалыг эсэргүүцсэн. Төрийн банк асар том бүтэц, түүнийг дагасан том зардлыг санхүүжүүлж байгаа мөртлөө 2017 оны тайлангаар 12.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Урьд нь 76 захирал ажиллаж байсан бол одоо 40 захирал ажилладаг гэж байгаа. Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж дөрвөн захиралтай болгож, үр ашиггүй зардлыг бууруулж болохгүй байгааг ойлгохгүй байгаа. Төрийн банкийг хувьчилж, төсөвт 70 тэрбум төгрөг орохоор тооцсонтой санал нийлэхгүй. Бидний хийсэн судалгаагаар дэлхийн 70 гаруй оронд төрийн, төрийн өмчийн оролцоотой банкууд ажиллаж байна. Төрийн банкийг тухайн үед байгуулсан шийдвэр зөв байсан. Одоо хувьчлах гэж байгааг буруу гэж харж байна. Монголын төр, төрийн банкаараа дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр бодлогууд дотор Эдийн засгаа олон тулгууртай болгож солонгоруулах, ипотекийн зээлийн хүүг бууруулж, иргэддээ ээлтэй болгох, жижиг дунд үйлдвэрүүдийг бага хүүтэй, урт хугацаатай зээлээр дэмжих, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээмжээ дээшлүүлэх, Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг бодлогоор хөгжүүлэх, импорт орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих гээд маш олон асуудлууд орно. Төрд банк хэрэггүй болсон үед нь хувьчилж болно. Одоо төрд банк хэрэгтэй байна. Монголын өмч хувьчлал ордны нэг өрөөнд болдог гэсэн яриа байдаг. Энэ утгаараа авах эзэд нь тодорчихсон байж магадгүй. Монгол Улсад том эрх ашиг,түүнийг баримталж ажилладаг хүмүүс цөөрсөн байна. Монгол улс, Монголын ард түмний эрх ашиг бол том эрх ашиг. Хувь хүмүүс,бүлэглэлүүдийн эрх ашгийг,жижиг эрх ашиг гэдэг. Ардчилал зах зээлд шилжсэн 30 гаруй жилд том эрх ашиг нь жижиг эрх ашгийнхаа өмнө байнга жижгэрч ирлээ. Энэ бол манай хөгжлийн ухралт, мухардал, доройтлын гол шалтгаан нь гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ утгаар эсрэг саналтай байгаа юм.

-Та том, жижиг эрх ашгийн тухай ярилаа. Юу шалтгаалаад байна вэ?

-Монголчууд бүгдээрээ биш ээ. Төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс бусдын нөлөөнд автах нь их болжээ. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд "Улс төрийн авлига" гэдэг. Улс төрийн авлига маш аюултай. Энэ нь төрийн шийдвэрт нөлөөлөх замаар өөртөө ашиг хийхийг хэлж байгаа юм. Цаашаа их даамжирвал мафижсан тогтолцоо руу орох зам чөлөөтэй болж байна гэсэн үг. Төр засгийн шийдвэрээр дамждаг авлига улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлдэг. Манай өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс бусдын нөлөөнд орсон баримт, үйлдэл байж л байдаг. Өнөөдөр Монголд мөнгөтэй гэх хүмүүсийн хууль бус хүсэлтэд үгүй гэж хэлж чаддаг, улс, эх орон, иргэдийнхээ эрх ашгийг түрүүнд нь тавьдаг тийм удирдагчид, тийм баг хэрэгтэй байна. Ийм тохиолдолд Монгол Улсыг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг өөд татаж, ядуурлаас гаргах нь тийм ч хүнд асуудал биш.

-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль батлагдсан. Татвар төлөгчдийн мөнгөөр банкуудын өөрийн хөрөнгийг нөхөх зорилготой хууль баталлаа гэсэн хардлага нийгэмд байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Улс төр нь бохир бол нийгмээ бохирдуулж, төр засгийн гаргаж буй шийдвэрт иргэд нь үл итгэх шинж ажиглагддаг.Үүнийг засахад их цаг хугацаа шаардагдана.Банкны тогтвортой байдлыг хангах хуулийг хардах хэрэггүй гэдгийг хэлье. Монгол Улс өнгөрсөн З0 жилд бодлогын алдаа гаргаж, эдийн засаг нь банкнаас 95-аас илүү хувийн хамааралтай гаж тогтолцоог бий болгочихож. Банкны бусад салбаруудыг хөгжүүлж чадсангүй. Иймээс хүссэн хүсээгүй нэг хэсэгтээ байгаа банкны салбараа дэмжихээс өөр арга алга. Энэ хууль батлагдсанаар банкны салбарт үүсэж болох эрсдэлийг багасгаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, эдийн засгаа цаашид тогтвортой авч явах ач холбогдолтой хууль батлагдлаа гэж талархаж хүлээж авах ёстой. Хууль батлагдаад мөрдөгдөж эхлээгүй байтал нөгөө хоёр банк өөрийн хөрөнгөө 124.0 тэрбум төгрөгөөр нэмж байгаа мэдээлэл байна. Энэ бол сайн үр дүн. Банкны эздэд ашиггүй, хадгаламж эзэмшигчид болон улс орны хөгжилд ашигтай хууль гарсан. Тодруулбал, олон улсад байдаг стандарт хууль. Монгол Улс 2016 оноос ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх үүргийг бид хүлээсэн. Үүргээ биелүүлж, эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдэж дуусах шатандаа орж байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан түүний баг банкны эрх зүйн шинэчлэл, улс орны эдийн засгийг эрүүлжүүлэх , зохистой харьцааг сэргээж тогтоох чиглэлд сайн ажиллаж байгаа. Банкны бус салбарууд болох Хөрөнгийн зах, даатгал, ББСБ, ХЗХ гэх мэт салбаруудын шинэчлэлийг эрчимтэй хийх шаардлага үүсэж байна.

-Зээлийн хүүг бууруулах тухай зарим гишүүдийн санал байнгын хороон дээр дэмжигдээгүй ч УИХ-аар дэмжигдэж хэлэлцэхээр болсон шүү дээ. Та нэлээд тууштай дэмжиж байх шиг байсан. Зээлийн хүүг бууруулах ямар боломжууд байгаа вэ?

-Энэ бол маш том асуудал тул товч хариулъя. Зээлийн хүүг бууруулна гээд босго тогтоогоод өгчихөөр буурчихдаг асуудал биш. Зээлийн хүүг бууруулахдаа, захиргаа, эдийн засгийн аргыг хослуулан төрийн зохицуулалтыг зөв хийж ажиллаж үр дүнд хүрнэ. Эдийн засгийн аргад нь макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулж, банкуудын эрсдэл даах чадвар, засаглалыг сайжруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх асуудлууд орно. Үүнд: инфляцийг зорилтот түвшинд хадгалах, ханшийн огцом хэлбэлзлийг гаргахгүй байх, мөнгө, төсөв, засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн бодлогын үр ашгийг нэмэгдүүлэх, хоорондын уялдааг хангах, банкны бус салбаруудыг хөгжүүлэх, банкуудыг олон нийтийн болгож өөрийн хөрөнгө, чадавхыг нэмэгдүүлэх гээд олон асуудлууд бий. Нөгөө талдаа зээлийн дээд хязгаарыг маш сайн тооцсоны үндсэн дээр уян хатан тогтоож, турших захиргааны арга байж болно. Зээлийн хүү өндөр байхыг хэн ч хүсэхгүй. Арилжааны банкууд ч хүсэхгүй байгаа. Олгож байгаа зээлийн хүү өндөр байх нь банкны чанаргүй зээлийн хэмжээг ихэсгэж, өрсөлдөх чадварт нь муугаар нөлөөлдөг. Иймээс хаана, хаанаа зээлийн хүүг бууруулах шаардлага байна. Монголд зээлийн хүү яагаад өндөр байгаа нь төрийн зохицуулалтыг тухай бүр хийж байгаагүй, хадгаламжийг уралдаж өндөр хүүтэй авсан, банкны засаглал муугаас зардал өндөр, банкууд олон нийтийн болоогүй, банкны тухай хуулийн хэрэгжилт муу, түүнд тавих хяналт сул, энэ чиглэлийн бодлого эзэнгүй хаягдсантай холбоотой. Нөгөө талаар инфляци өндөр, ханш тогтворгүй, уналттай, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй явж ирсэнтэй холбоотой. Манай улсын хувьд зээлийн хүү, ханш, банкуудын үйл ажиллагаа нь зах зээлийнхээ зарчмаар явах нь зөв байх. Гэхдээ банкуудад төрийн хяналт, эрсдэл тооцож холбогдох арга хэмжээг тухайн бүр авч байх төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

-Ипотекийн зээлийг өргөжүүлэх, ард иргэдэд ээлтэй шударга болгох тал дээр ямар ажил хийх ёстой вэ?

-Орон сууцны зах зээл бол эдийн засгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Орон сууцны зах зээл дээр алдаатай бодлого явуулснаас 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал үүссэн гэдэг. Монголын ипотек дэлхийн нийтлэг загвартай нийцэж байгаа нь үнэн боловч зээлийн хүү нь найман хувь байгаа нь авч байгаа иргэддээ дэндүү ээлгүй шударга биш байгаа юм. 20 жилийн хугацаатай зээл авахад авсан зээлийнхээ хүүг 160 хувь буюу 1.6 дахин өсгөж төлж байгааг мөлжлөг гэж үзэж болох талтай. Төгрөгийн ханш байнга уналттай, инфляцийн зорилтот түвшин найман хувь, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаа өнөө үед дотоод эх үүсвэрээс гаргах санхүүжилт үүнээс бага хүүтэй байх боломж муутай. Иймээс орон сууцны хоёрдогч захыг хөгжүүлэх, олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авч ипотекийн хөтөлбөрийг дагнаж санхүүжүүлж, иргэддээ ээлтэй болгох шаардлагатай.

-Ипотекийн зээлд хамрагдах иргэдээ багцалж чадвараар нь төрөлжүүлж шийдэх, дагуул хот байгуулах чиглэлээр юу хийж болох вэ?

-Өнгөрсөн жилүүдэд 4.2 их наяд төгрөгөөр 80 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан тоо байдаг. Өнөөдөр ипотекийн зээлд хамруулах шаардлагатай 350-400 мянган өрх байна. Хамрагдах хүсэлтээ гаргасан өрх 120 мянга байдаг. Өрхийн орлогоор аваад үзэхээр хүсэлт гаргасан иргэдийн 10.6 хувь нь ипотекийн шаардлага хангадаг тооцоо байдаг.

Энэ нь иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлд их ажил хийх шаардлага байгааг харуулж байгаа тоо. Хүсэлт гаргасан иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 хувь нь 40-60 метр квадрат байр авах, нэг метр квадрат үнэ нь 1.2 саяас хэтрэхгүй байх санал гаргажээ. Энэ нь хямд өртөгтэй, талбайн хэмжээ бага орон сууцыг хот болон хотын захад дагуул хот хэлбэрээр байгуулж, тэнд нь ажлын байр, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээг хамтад нь шийдэж, татварын хөнгөлөлт гэхчлэн төрийн ухаалаг зохицуулалтыг хийж чадвал олон асуудлыг бөөнд нь шийдэх боломж байгаа юм.

-Орон сууны үнийг хямдруулах ямар боломжууд байгаа бол. Татварын хөнгөлөлтийг яаж шийдэх талаар тодруулна уу?

-Орон сууц барих газрын үнийг тэг болгохоос эхэлнэ. Дараа нь тэнд, ойролцоо цэгт дулаан, цахилгаан, цэвэр, бохир усыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн датаци олгох замаар. Ингэсэн тохиолдолд нэг метр квадратын үнэ 1.2 саяас доош байх боломжтой. Ипотекийг хямд өртөгтэй,бага талбайтай орон сууцанд орж буй хүмүүст түлхүү оруулах бодлого барихад болохгүй зүйлгүй.

-Хөгжлийн загвар, төрийн зохицуулалт гэдэг асуудлууд таны ярианд их олон гарч байна л даа. Ингэхэд манайх хөгжлийн ямар загвартай улс вэ. Төрийн зохицуулалт гэж байна уу?

-Энэ сэдвүүд өөрөө маш том бие даасан асуудал. Товчхондоо хөгжлийн загвар гэдэг нь тухайн орны геополитик буюу орон зайн зарчим, онцлог, хөгжлийн түвшин, дэлхийн болон бүс нутгийн зах зээлийн онцлог, чиглэл, хандлагад тохируулж улс орныхоо эдийн засаг, нийгэм гэх мэт салбаруудаа урт, дунд, богино хугацаанд төлөвлөж, түүнийхээ гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгч алдааг засаж хөгжих замаа зөв тодорхойлох ёстой. Манайд урт, дунд богино хугацааны төлөвлөлт байдаг боловч, түүний хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, алдаа дутагдалдаа үнэлэлт өгч, хөгжлийн уян хатан бодлого гаргаж хэрэгжүүлдэггүй алдаа байгаа юм. Бидэнд ямар нэгэн “...изм” хэрэггүй. Өөрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах хүчтэй механизм хэрэгтэй.Адам Смиттийн үл үзэгдэгч гар хуучирсан. Төр оролцож хэрэггүй, зах зээлийн зарчмаараа хөгжинө гэдэг зах зээлийн стандарт үг, онол одоо байхгүй. Монголын төр өнгөрсөн 30 жилд төр оролцохгүй, зах зээлийн зарчмаар гэдэг стандарт ярьсаар улс орноо хөгжлийн мухардалд орууллаа. Төрийн зохицуулалтыг эдийн засагт захиргааны болон эдийн засгийн аргаар хэрэгжүүлдэг. Монголын эдийн засаг оновчтой төрийн зохицуулалтгүй явж ирсэн тул хуримтлал бага, үрэлгэн, алдаагаа засаж яваагүйгээс асар их бэрхшээлтэй асуудлууд хуримтлагдсан байгаа нь нууц биш ээ. Хийж буй зохицуулалт нь тооцоо судалгаа муутай, жижиг, амиа аргацаасан, өнөө маргаашийг өнгөрөөсөн цогц бодлогогүй учраас үр дүнд хүрэхгүй байна гэж дүгнэж байгаа. Зохицуулалттай эдийн засаг хүчтэй байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл хоёр хөршөөс харж болно.

М.МӨНХЦЭЦЭГ