Засаг дарга Х.Болормаа 20, 18, 9 дүгээр хороонд ажиллаа
2018.07.30

Засаг дарга Х.Болормаа 20, 18, 9 дүгээр хороонд ажиллаа

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Онцгой комиссын Үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай Ажлын хэсгийн хамт 20, 18, 9 дүгээр хороонд ажиллалаа.

Хороодын нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад, дүүргийн 20 хорооны Хадатын 6-р гудамжны хоёр айл автозамын доорх үерийн ус зайлуулах хоолойг дагасан сувгийн голдирлыг хааж бетонон хашаа барьснаас болж энэ орчмын айлууд үерт өртөх нөхцөл үүсчээ. Харин 18 дугаар хороо, Бэлхийн 48, 49 дүгээр гудамжны автозамын үерийн ус зайлуулах хоолой үргэлжлэн орсон борооны улмаас ус нэвтрэх хүчин чадлаа дийлэлгүй хальсан. Энд дүүрэг, хороо иргэдтэйгээ хамтран 630 гаруй метр ус зайлуулах сувгийн татаад байна. Дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн гудамжны 30 гаруй айлын хашаа, гудамж усанд авсан байдалтай байв. Дүүргийн Онцгой комиссын Үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай Ажлын хэсэг дуудлага өгсөн үед нь усанд автсан дөрвөн гудамж, айлуудын хашааг УСУГ болон дүүрэгтэй гэрээтэй байгууллагын 6, 20 тоннын машинаар нийтдээ 61 удаагийн зөөвөрлөлт хийж усыг соруулжээ. Дүүргийн Засаг дарга дээрх хороодод ажиллах үеэрээ холбогдох албаныханд дараах үүрэг, чиглэлийг өгөв. Газрын албанаас үерийн далан, суваг, ус зайлуулах хоолой, уулын ус урсах голдиролыг хааж буусан айлуудын судалгааг гарган дээрх иргэдтэй уулзалт зохион байгуулах, 18 дугаар хорооны 48, 49-р гудамжинд үерийн усны нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2019 оны нийслэлийн төсөвт тусгах саналыг хүргүүлэх, үерт өртсөн гудамж, айлын хашааг ариутгаж, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж ажиллах, цаашид бороо орох мэдээтэй байгаа тул 9, 11-20 хороод иргэдтэйгээ хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тус тус даалгалаа.