Л.Элдэв-Очир Я.Содбаатар О.Баасанхүү Л.Болд М.Билэгт Б.Баттөмөр 2018.07.31 | Үндэсний Шуудан

Албан тушаалтныг чөлөөлөх асуудлаар чуулган зарлах нь зохисгүй гэв

Албан тушаалтныг чөлөөлөх асуудлаар чуулган зарлах нь зохисгүй гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 26 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг огцруулах асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж, УИХ-ыд даргад албан бичиг хүргүүлсэн. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий гишүүдийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, "60 тэрбум"-ын хэрэгтэй холбогдуулан АТГ-ын даргыг огцруулах асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналаа хоёр удаа УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Харин УИХ-ын Тамгын газраас уг асуудлыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэ талаар мэдээлэл өгсөн ч ээлжит бус чуулган хуралдах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулах эсэх аасуудлаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Ээлжит бус чуулган зарлавал би очиж амжихгүй. Учир нь "Нэг баг - нэг өдөр" өдөрлөгийг хийхээр жил орчмын өмнөөс төлөвлөж, тойргийнхоо баг бүрт уулзалт зохион байгуулж байна. Үүнийгээ УИХ-ын Тамгын газарт хэлсэн байгаа. УИХ-ын гишүүд ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо хийх ажилаа төлөвлөсөн. Тиймээс чуулган хуралдуулахад ирц бүрдэхэд хэцүү болов уу.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Эхлээд хуулийн маргаантай зүйлээ цэгцлэх хэрэгтэй. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан уу, үгүй юу. Хоёрдугаарт, тэднийг солих үндэслэл, шалтгаан нь юу юи, энэ нь хуульд нийцэж байна уу гэдгээ тодорхой болгох ёстой. Ер нь мэргэжлийн байнгын хороо нь дүгнэлт гаргаад, хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ээлжит бус чуулган зарлах хэрэгтэй ч ямар сэдвээр вэ гэдгийг ярих ёстой. Нэг албан тушаалтныг чөлөөлөх, өөрчлөх асуудлаар чуулган зарлах нь зохисгүй. Харин Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар ээлжит бус чуулган яаралтай зарлах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийн осол эндэгдлийн асуудлаар, "Эрдэнэт үйлдвэр" компанийн 49, 51 хувийн асуудлыг ярьмаар байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Хаврын чуулган завсарлахын өмнө хаврын чуулганаар олон чухал асуудал хэлэлцэхгүй өндөрлүүлж байна гэдэгт шүүмжлэл хэлж байсан. Тймээс ээлжит бус чуулган зарлахыг дэмжинэ. Хуаврын чуулган завсарлах гэж байхад чуулганы хуралдаанаа сунгаж хүлээгдэж байгаа асуудлуудаа хэлэлцэх санал ч гаргаж байсан. Тиймээс ч ээлжит бус чуулган хуралдуулах саналд гарын үсэг зурсан.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Чуулган хуралдуулах асуудлаар ямар нэг мэдээлэл ирээгүй. Харин элжит бус чуулган ийм асуудлаар хуралдуулах гэж байна гэвэл яваад очно. Гэтэл ямар асуудлаар, хэзээ ээлжит бус чуулган зарлах талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байна. Хэрэв хуралдуулах дээрээ тулбал, ээлжит бус чуулганыг хэзээ яаж хийх нь хуулийнхаа хүрээнд шийдэгдэх байх.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-УИХ-ы ээлжит бус чуулган хуралдуулах хуультай учир хуулийнхаа дагуу л явна. Миний хувьд үүнд зөв, буруу гэж хэлэх боломж алга. УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан зүйл заалтын дагуу хуралдуулах эсэхийг шийдэх ёстой гэсэн бодолтой байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn