Ё.Баатарбилэг 2018.08.01 | News.mn

Ё.Баатарбилэг: Бид Турк сургуулиудын асуудлыг нухацтай судална

Ё.Баатарбилэг: Бид Турк сургуулиудын асуудлыг нухацтай судална

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй уулзаж, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа


-Сүүлийн хэдэн өдөр гаднын тусгай хүчний байгууллагаас Монгол дахь турк сургуулийн захирлыг баривчлахыг оролдсон гэх асуудлаар нэлээд шуугилаа. Үүнтэй холбоотой таны байр суурь?

-Хэвлэлийн мэдээлэлтэй л байна, одоохондоо. Анзаарахад хоёр тусдаа асуудал яригдах байх. Нэгд, гадаад улсын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг оролдсон уу үгүй юу, тэгсэн бол тэр нь хууль номын дагуу хийгдсэн үү үгүй юу гэдэг хоёр улсын хоорондын улстөр-дипломат харилцааны асуудал. Хоёрт, Монгол дахь турк сургуулиудын асуудал хөндөгдөнө. Үнэхээр Туркийн Засгийн газраас манай талд хандаж удаа дараа үйл ажиллагааг нь зогсоож хаахыг шаардсанчлан гаднын террорист байгууллагыг санхүүжүүлдэг сүлжээний сургуулиуд, холбоотнууд, нөхдүүд энүүгээр байгаа юм биш биз гэдэг хардлага.

Эхнийхэд Туркийн тал бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гээд мэдэгдчихсэн, хууль номын дагуу бол манай улсын нүд чих болдог тусгай хүчний байгууллага мэдсэн, оролцсон байх магадлалтай байдаг, гэтэл төр засгийн удирдлагууд маань мэдээлэлгүй байдаг. Хэрэв манай тагнуулын байгууллага оролцоогүй, мэдээгүй гэвэл ийм ноцтой асуудал хамар доор нь болоод байхад нөхдүүд ажлаа яаж хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал босноо доо. Ямартай ч энэ бол хоёр орны хоорондын харилцаанд нэлээд төвөгтэй байдал үүсгэчихэв үү дээ гэж хардагдахаар болоод байна.

-Турк сургуулиудын асуудал хөндөгдөх байх гэж та хэллээ. Турк сургуулиудын санхүүжилтийг хянах механизм манайд хэр зэрэг байна вэ?

Анхны турк сургууль 1990-ээд оны дундуур байгуулагдсан гэж сонссон. Анхандаа буяны, хүмүүнлэгийн чиг баримжаатай үйл ажиллагаа явуулдаг, амьдралын боломж тааруу айлын сайн сурдаг хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг гэдэг ч юм уу ямартай ч үйл ажиллагааны хэлбэр, агуулга ил, нээлттэй, бас ашгийн бус маягтай явж ирсэн байдаг.

- Сүүлдээ удирдлагууд нь солигдсон гээд нэлээд бужигнаад, төлбөр тооцоо нь нэмэгдээд, бас зарим талаараа шашны агуулгатай үг хэллэг бүхий ном сурах бичгийг хичээлээс гадуур бие даалтаар ашиглуулах болсон гэх мэт зүйлс яригдаад удаж байгаа, саяны шуугианаар ч олон нийтийн сүлжээгээр сайн муу маш олон асуудлууд ил бичигдэж, нийтийн анхааралд орлоо. Төлбөр нь нэлээд өндөр, миний сонссоноор 16-20 гаруй сая төгрөгийн жилийн төлбөртэй юм уу даа. Монгол дахь Турк сургуулиудыг олон мянган залуучууд төгсөөд, цааш ажиллаж, сурч амжилттай яваа нь олон. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ их төлбөр яаж зарцуулагдаж байгаа, бас сургалтын агуулга, хөтөлбөр нь ямар байгаа, анхныхаа зорилго зорилтдоо байна уу үгүй юу, бие даалтаар дотуур байрандаа ямар сурвалж хэрэглэж байгаа гэх зэрэг асуудлуудаар тухайлсан боловсролын байгууллагын шалгалт дорвитой хийгдсэн зүйл байхгүй юм билээ. Тийм болохоор энэ талаар яаралтай судлах, холбогдох шалгалтуудыг явуулах, эргэж байнгын хороонд мэдээлэл чиглэлээр Засгийн газар, Боловсролын яаманд бичиг хүргүүлсэн байгаа.   

-Турк улсын иргэн, 'Улаанбаатар Эмпати' сургуулийн захирал Вэйсел Акчайн асуудалд бид ямар байр сууринаас хандах ёстой вэ?

-Монгол Улсад суугаа гадаад улсын иргэний асуудлыг бид мэдэхгүй, Монгол Улсын хууль дүрмийг зөрчөөгүй бол хүний эрх талаас нь ижил тэгш харьцаад хандаад явах нь зүйн хэрэг. Харин тухайн улс нь энэ хүнийг буруутай гэж үзээд, нутагтаа аваачих болсон бол хоёр улсын хоорондох гэрээ хэлэлцээр, олон улсад мөрдөгддөг журам дүрмийнхээ дагуу яриа хөөрөөгөө хийгээд л, ажиллагаагаа явуулаад аваад явах ёстой. Үнэхээр гаднын террорист байгууллагын сүлжээний хүн мөн эсэхийг нь мэдэхгүй байж хэт өмөөрөөд, цагаан тагтаа болгоод, эсвэл хэт харлуулаад хойт талын хар овоохой болгоод байх хэрэггүй л гэж хэлэх гээд байгаа юм. Мэдэхгүй, мэдээлэлгүй асуудлаас болж улс төрийн хүрээнийхэн хэт туйлширч, нэг талыг барьж, олон жил найрсаг харилцаатай явж ирсэн Турк улсын төр, засгийн явуулж байгаа бодлоготой харшилдах зүйл гаргаж, харилцаанд сэв суулгаж болохгүй. Хэдийгээр хүний эрхийн асуудал олон улсын анхаарлын төвд байдаг ч төр нь иргэнээ мэддэг байх нь олон улсын харилцаанд тогтсон хэм хэмжээ. Хамгийн гол асуудал нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэт халдашгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг сулруулах, хүчгүйдүүлэх, үл хүндэтгэх, зөрчих асуудал аль ч улс орон, төр засаг, гадны байгууллагаас гаргахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Ийм болохоор энэ асуудлаар УИХ-ын холбогдох байнгын хороо анхааралдаа авсан гэж найдаж байгаа.

-Турк сургуулиудыг цаашид тэгэхээр хаах асуудал хөндөгдөх үү?

-Сургуулиудын асуудлыг бид нухацтай судлах болно. Үнэхээр монголын боловсролын системд шинэчлэл авчирсан, боловсролын зах зээлийн эрэлтэнд нийцсэн, ямар нэг гадны шашин суртахууны нөлөөнд автуулах агуулгагүй, гадна дотны хууль бус байгууллагатай холбоо хамааралгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бол дэмжээд л явна шүү дээ. Монгол Улсад боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллага татвар төлдөггүй, маш таатай орчинтой. Үүнийг бас буруугаар ашиглуулах ёсгүй.

Т.ДАВААНЯМ

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn