Ё.Баатарбилэг: Сүрьеэгийн эмнэлэг байгуулна
2018.08.06

Ё.Баатарбилэг: Сүрьеэгийн эмнэлэг байгуулна

Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд байдаг. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 9.8 хувийг эзэлж, уг өвчнөөр жил бүр 4000 гаруй хүн шинээр өвчилж байгаа аж.

2014-2015 оны хооронд хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт бүх насны 100 мянган хүн ам тутамд 757 байгаа бөгөөд тооцооллоос гурав дахин их байгааг тогтоожээ. Энэ нь гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22 мянга буюу түүнээс олон хүн амьдарч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, уг өвчин хүн амын дунд далда хэлбэрээр газар авч байна гэсэн үг. Тиймээс төр, засгийн зүгээс  сүрьеэгийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Тухайлбал, УИХ-ын даргын зүгээс уг асуудлыг онцгойлон оруулахаа хэлсэн. Түүнчлэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг асуудалд нэлээд анхаарал хандуулан, УИХ дахь "Сүрьеэгүй Монгол" лобби бүлэг байгуулан ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд сүрьеэгийн талаар үндэсний томоохон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах бөгөөд удахгүй дөрвөн аймаг, нэг дүүрэгт сүрьеэгийн нэгдсэн үзлэг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн манай улс сүрьеэгийн шинэ эмнэлэгтэй болохоор яригдаж байгаа бөгөөд УИХ-ын НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг "Хаврын чуулганаар Төсвийн хүрээний мэдэгдэл, Үндсэн чиглэл батлах үеэр сүрьеэгийн шинэ эмнэлэг байгуулах, илрүүлэг оношилгоонд тодорхой хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Ирэх оны төсөвт тусгах байх. Сүрьеэгийн шинэ эмнэлгийг Богд уулын орчимд буюу агаар сайтай газар байгуулахаар БОАЖЯ-ныхантай ярьж байна" гэжээ.