Г.Занданшатар 2018.08.08 | Gogo.mn

Шатар тоглож цэнгэдэг Хонгор нутгийнхан

Шатар тоглож цэнгэдэг Хонгор нутгийнхан

Монголын бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны хошууны Даншиг наадам Баянхонгор аймгийн Баянлиг суманд наймдугаар сарын 2-4-ний өдөр болжээ.

Уг хошуу нь Баянхонгор аймгийн Баянлиг, Өлзийт, Жинст, Богд, Баянговь, Баянлиг, Эрдэнэцогт сумын зүүн өмнөд хэсэг, Өвөрхангай аймгийн Богд сум, Нарийнтээл сумын Таацын гол хүртэлх нутгийг хамардаг. Даншиг наадмаар Ламын гэгээний шашин соёлын цэнгүүнийг сүсэгтэн олон, хошуу нутгийн ард түмэнд түгээн дэлгэрүүлж, танилцуулсан байна.

Наадмын үеэр бөх, морь, сур, шагайн тэмцээнээс гадна шатрын тэмцээнийг өргөн бүрэлдэхүүнээр зохион байгуулсан нь сонирхол татав. Наадмын нээлтийн дараа бөхийн барилдаан биш, шатрын тэмцээн болж Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 10, Өлзийт сумын харьяат, дэлхийн шатрын их мастер, Гавьяат тамирчин Ц.Батчулуун 20 хүнтэй зэрэг тоглолт хийжээ.

Шатрын тэмцээнд улс, аймгийн зэрэг цолтой шатарчдаас гадна сонирхогчид ч оролцсон байна. Шатарчдын дунд Ардын уран зохиолч Тангалын Галсан нарын алдартнууд байв.

Даншиг наадмын хоёр дахь өдөр их мастер Ц.Батчулуун нүдээ боогоод таван хүнтэй зэрэг тоглосон нь наадамд оролцогчдын сонирхлыг татаж байжээ. Шатрын тэмцээнд оролцсон бүх хүнд халаасны шатар бэлэглэсэн байна.

Мөн энэ өдрүүдэд Баянлиг сумын сургуульд “Занданшатар” шатрын клубын нээлт боллоо. УИХ-ын гишүүн Г.Занданшатар Баянхонгор аймгийн бүх суманд шатрын клуб нээхээр төлөвлөж, Говийн хүү төслийнхөө хүрээнд тойргийнхоо бүх өрхөд шатар бэлэглэсэн байна.


Аймаг, орон нутгаараа хүүхэд, хөгшидгүй оюуны их спорт шатарт дурласан энэ нутгаас их мастер Ц.Батчулуунаар замчлуулж, ирээдүйд Монголын нэрийг гаргах авьяастай шатарчин төрнө гэдэг нутгийн иргэд итгэлтэй байна. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn