Д.Тэрбишдагва: Хэн нэгнийг хэлмэгдүүлэх гэж ОЮУТОЛГОЙГ шалгаагүй
2018.08.10

Д.Тэрбишдагва: Хэн нэгнийг хэлмэгдүүлэх гэж ОЮУТОЛГОЙГ шалгаагүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Оюунтолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Энэ шалгалт ямар шатандаа байгааг түүнээс тодрууллаа.


-Оюутолгойн гэрээг шалгах ажил ямар шатандаа байна вэ?

-Оюутолгойн ажлын хэсэг дотроо таван дэд ажлын хэсэг байгуулагдаад, тус бүр дүгнэлтээ өгсөн. Эдгээрийг нэгтгээд, үндсэндээ бэлэн болсон. Гэхдээ Авлигатай тэмцэх газар, Аудитын ерөнхий газрын дүгнэлтийг хавсаргаад оруулчих санаатай дүгнэлт хүлээж байна.

-Дүнг урьдчилсан байдлаар мэдээллэх боломж байна уу?

-УИХ-д танилцуулаагүй учраас урьдчилж хэлэх боломжгүй. УИХ-аар хэлэлцээд эцсийн шийдвэрийг УИХ гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх байх.

-Оюутолгойн ашгаас хүртэх хугацааг хойшлуулсан, цахилгааны нийлүүлэлтээ дотоодоос хангаагүй гэх мэт шүүмжлэл өмнө нь гарч байсан. Энэ бүхнийг шалгасан уу?

-Энэ удаагийн Ажлын хэсэг өргөн хүрээнд ажилласан. Тиймээс олон нийтийн дунд ам дамжин яригддаг бүх асуудлыг нягталж шалгасан.

-Та өмнө нь Шадар сайд байхдаа Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт багтаж байсан. Энэ удаад ажлын хэсгийг ахалж байна. Энэ хоёр шалгалтын ялгаа нь юундаа байна вэ?

-2010-2012 оны хооронд хийсэн шалгалтаар санхүүгийн зөрчил нь бараг 3.2 ам.долларт хүрч байсан. Тиймээс өмнө нь байсан зөрчлийг юу гэж үзэх ёстой юм. Дубайн гэрээгээр түүнийг үгүйсгэсэн.

Гэтэл энэ удаагийн шалгалтгаар өмнөх зөрчлийг нь арилгавал цаана нь 1.8 тэрбум ам.долларын зөрчилтэй гэсэн тооцоо гараад байна. Ер нь энэ удаагийн шалгалтын цар хүрээ том учраас өргөн хүрээтэй дүгнэлт гарсан. Бүх бодит нөхцөл байдлыг л гаргаж тавиад байна. Манай ажлын хэсэг 13 гишүүнтэй. Тэдний ихэнх нь хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа. Яг одоогоор Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр өдөр бүр энд ажиллаж байна.

-Оюутолгойтой холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг шалгаж байгаа. Тэгэхээр энэ цаг үед танай ажлын хэсгийн шалгалт давхцаж байгаа учраас ямар нэг ашиг сонирхол агуулсан дүгнэлт гарах вий гэж хардах нэгэн байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Ажлын хэсгийн дүгнэлт бол нотлох баримт, бодит мэдээлэл дээр тулгуурлаж гарна. Тэрнээс биш хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх асуудал байхгүй. Яг баталгаа, нотолгоотой дүгнэлт гаргана уу гэхээс хардлага сэрдлэг дээр тулгуурлаж ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.

Т.Давааням