Д.Сарангэрэл: Галт тэргэнд 328 хүн явснаас 9 хүн гэмтсэн, 2 хүний бие тааруу байна
2018.08.13

Д.Сарангэрэл: Галт тэргэнд 328 хүн явснаас 9 хүн гэмтсэн, 2 хүний бие тааруу байна

Цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. 

-Дорноговь аймагт осолдсон галт тэргэнд зорчиж явсан хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ? 

-Галт тэргэнд 329 хүн явсан. Ослын газар дээр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Даланжаргалан сум, Айраг сумын эмнэлгийн эмч нар, өрхийн эмч нар, Төмөр замын төв эмнэлгийн эмч нар гээд 37 хүниий бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа. Үүнээс есөн хүнд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай гэж үзэж, Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт хүргэсэн. Тэдгээр хүнээс тархины доргилттой хоёр хүн эмнэлгийн хяналтад байна. Нэг жирэмсэн эмэгтэйг хяналтад аваад, биеийн байдал гайгүй учир эмнэлгээс гаргасан. 

Дараа 120 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж нарийвчилсан үзлэг шинжилгээ хийгээд хоёр хүн эмнэлэгт үлдсэн. Энэ хоёр хүн хүнд байна. Нэг нь 48 настай эмэгтэй, олон хавирга хугарсан, уушги цоорсон байх магадлалтай гэж үзэж байсан. Шинжилгээгээр азаар тийм гэмтэл гарсангүй. Гэхдээ элэгний дээд хэсэгт шингэн хуримтлагдсан гэж үзсэн учир ГССҮТ-өөс мэс заслын баг гарсан, шаардлагатай бол яаралтай мэс засал хийнэ. 

54 настай эмэгтэйн толгой дээрээс юм унасан учир тархины гэмтэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс биеийн байдлыг тогтворжуулаад ГССҮТ рүү тээвэрлээд ирж байгаа. Одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн зүйл гараагүй. Есөн хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд, зургаа нь том хүн байна. Гэхдээ доргилт авсан, осол гэмтэл учир дараа нь янз бүрийн хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг учир эмчийн зөвлөгөө авах, шаардлагатай бол эмнэлэгт хандахыг зөвлөөд хүмүүсээ буцааж байгаа гэв.