Ц.Даваасүрэн 2018.08.15 | Монголын үнэн

Ц.Даваасүрэн: "Рио Тинто" гэрээгээ зөрччихөөд хувилбар ярих биш ажлаа л хийх ёстой

Ц.Даваасүрэн: "Рио Тинто" гэрээгээ зөрччихөөд хувилбар ярих биш ажлаа л хийх ёстой

"Оюутолгойд цахилгаан станц барих ажил зогсонги байдалтай байгаа нь хоёр тал байршлаа тогтож чадаагүй байгаатай холбоотой" гэх утга бүхий мэдээллийг "Рио Тинто" группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Энэ талаар болон Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Өмнийн бүсийн эрчим хүчний гэрээг Засгийн газар өнгөрсөн онд цуцалсан. Үүнтэй холбогдуулаад Оюутолгойн цахилгаан станцын ажил гацаанд орсон гэх мэдээлэл гарсан. Гэтэл "Риотинто"-гийн нэг захирал цахилгаан станц барих гэхээр танайх байршлаа зааж өгөхгүй байна гэх агуулгатай зүйл ярьсан байх юм. Та үүнд салбарын сайдын хувьд тайлбар өгнө үү. Ер нь тэр гэрээг ямар шалтгаанаар цуцалсан юм бэ?

-Тавантолгойн цахилгаан станцын асуудал бол тусдаа юм. Тэнд төслийн нэгж нь ажилладаг. Харин Өмнөд бүсийн эрчим хүчний гэрээг бид яагаад цуцалсан гэхээр хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т ‘МонголУлсын нутаг дэвсгэрээс дөрвөн жилд багтаад эрчим хүчээ авна" гэсэн заалттай юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аар баталгаажуулсан гэрээг УИХ-тай зөвшилцөлгүйгээр Засгийн газар дангаараа байгуулж болохгүй байсан юм. Тийм учраас л цуцалсан. Түүнчлэн "Рио тинто"-гийн Арнауд Суарат гэдэг нөхөр "Дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэдэг шаардлага тавивал бид Оюутолгойд цахилгаан станц баримаар байна" гэсэн байх юм.

Хөрөнгө оруулалтын гэрээгээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй яваа юм биш үү гэдэг дүгнэлт төрж байна. Учир нь, шаардлага бус, энэ гэрээний 7 3-аар тэд цахилгаан станц барих үүрэг хүлээж байгаа юм шүү дээ. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2012 оноосоо дөрвөн жилийн дотор буюу 2017 оиы долоо дугаар сар гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авах ёстой байсан юм. 

Гэтэл энэ хугацаа нь өнгөрчихөөд байхад "Хэрвээ Монголын тал шаардлага тавибал" гэж юугаа яриад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Үнэн хэрэгтээ өөрсдөө үүргээ биелүүлээгүй байгаа биз. 

-Тавантолгойн дулааны цахилгаан станцын 64 хувийг эзэмшиж байсан “Марубен” гарсантай холбогдуулан Солонгосын талтай хамтрахаар ярилцаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Хэрэв зөвшилцөлд хүрвэл энэ төслийг ондоо багтаагаад хөдөлгөж амжих уу?

-Тавантолгойг түшиглэсэн төслийн нэгж цахилгаан станц барих чиглэлээр өөрийнхөө хүрээнд бүхий л ажлаа хийсээр ирсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд орж гарсан зүйл бий. Надад байгаа мэдээллээр Тавантолгойнхон эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ болон баталгааны асуудлаар Оюутолгойнхонтой тодорхой төвшинд санал солилцож байгаа юм билээ.

Мөн Солонгосын хөрөнгө оруулагчдын зүгээс ч хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр болж байгаа. Ер нь "Рио тинто" компани Оюутолгойн гэрээний хүрээнд гурван чиглэлээр эрчим хүч авах үүрэг хүлээсэн. Тухайлбал, нэг бол өөр дээрээ барих, эс бөгөөс Монгол Улсаас авна. Мөн гуравдагч этгээдээс авч болно гэсэн заалт бий. Тэр нь Тавантолгой гэсэн үг л дээ. Тэднээс авч болно, нээлттэй. Хэрвээ энэ хоёр хамтраад явсан бол өдийд бид аль хэдийнээ цахилгаан станцтай болчих байсан. Уг нь 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан атлаа өнөөдрийг болтол юу ч хийгээгүй. Тэгсэн мөртлөө хаана барих тухай одоо яриад байгаа юм. Өөр дээрээ баръя гээд 2012 оны долдугаар сард таван жилийн хугацаатайгаар манайхаас   зөвшөөрөл авчихсан улс шүү дээ. Энэ хугацаанд юугаа хийж байсан юм бэ. Барьж эхлэх нь байтугай шаваа ч тавиагүй.  Тэр зөвшөөрлийнх нь хугацаа өнгөрсөн онд дууссан. Монголын төрөөр ингэж тоглоом хийдгээ болих хэрэгтэй. Зөвшөөрлийнхөө хугацааг дуустал нэг ч цэг хатгалгүй явчихаад өнөөдөр ийм зүйл ярьж болохгүй. 

-2014 онд энэ гэрээг дахин хийсэн байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ? 

-2012-2014 онд Өмнийн говийн цахилгаан станц барих хамтын гэрээг шүү байгуулсан. Үүнээс өмнө юу ч хийгээгүй. Тэгснээ 2014 онд “Тавантолгойтой байр хамтаръя" гээд гэрээ байгуулчихсан юм. Тэр гэрээгээр дөрвөн жилийн дотор цахилгаан станц барих үүргээ  түдгэлзүүлсэн заалтыг хууль бусаар оруулсан байсан. Тийм ч учраас  Засгийн газраас энэ гэрээг цуцалсан.

Энэ хугацаанд “Рио тинто"-гийнхонд  сонголт хийх бүхий л боломж нь байсан. Өөрийн талбай дээр барья гэхэд нь зохих зөвшөөрлийг олгосон. Сүүлдээ Тавантолгойтой хамтармаар байна гэхээр нь хориг тавиагүй. Гэтэл бодитой зүйл юу ч хийдэггүй. Адаглаад хамтраад эд ТЭЗҮ боловсруулаад. тодорхой ажил хийчихсэн бол өнөөдөр байршил гэх мэт зүйл ярьж болно. Юу ч хийгээгүй байж ”Ажил зогсоолоо" гэж ярьж болохгүй шүү дээ. Манай яамны байр суурь бол аль ч төслийг нь дэмжье гэж байгаа юм. Өөрсдөө юу ч хийгээгүй байж манай талд хариуцлага үүрүүлэх гэж байгаа бол тийм зүйл байж болохгүй гэдгийг  хатуу хэлье.

-Манай улсын тэр дундаа салбар яамны зүгээс Тавантолгой, Оюутолгойн талтай цахилгаан станц барих асуудлаар хамтын уулзалт хийж байв уу?

-Тавантолгойнхны зүгээс өмнө нь энэ талаарх уулзалтыг зохион байгуулж байсан юм билээ. Тэр төвшиндөө бол тохиролцсон болов уу гэж бодож байгаа. Хамгийн гол нь баталгааны асуудал байсан. 

“Рио тинто"-гийн зүгээс батлан даалтаа гаргаж өгөөгүй. Түүнээс болоод зарим хөрөнгө оруулагч гарч явсан. Одоо шинэ хүмүүстэй хэлэлцээр хийж байгаа юм билээ. Тавантолгойнхон өөр дээрээ цахилгаан станц барих ажлаа бол хийгээд явж байгаа.

-Тавантолгойн дулааны цахилгаан станц барих ажил цаашаа хэрхэн үргэлжлэх бол, таны харж байгаагаар?

-Монгол Улсын Засгийн газар. УИХ-н ын байр суурь тодорхой болчихсон шүү дээ. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэсэн станц барина гэдэг байр суурийг Засгийн газар, УИХ илэрхийлсэн. Энэ бол манай асуудал. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан буюу гурван эх үүсвэрээр цахилгаан станц барих асуудлаа ажил хэрэг болгох “айлын" хэрэг шүү дээ. 

-Дөрвөн жилийн хугацаанд Оюутолгой ямар ч байсан дотоодоос эрчим хүчээ авна гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ хугацаа хэзээ дуусгавар болно гэсэн үг юм бэ?

-2020 он гэж байхгүй. Дөрвөн жилийг эд нар дахиад тоолох гээд байна л даа. Гэрээнд тусгасан дөрвөн жилийн хугацаа аль хэдийнээ өнгөрчихсөн.

-Цуцалснаас эхэлбэл дахиж тоолох юм биш үү?

-Тэр хамаагүй. Угаасаа хууль бусаар гэрээ хийсэн байсан учраас гэрээгээ л дага гэдэг зарчмын дагуу л манай  талаас цуцалсан юм шүү дээ. Үндсэндээ "Рио тинто" гэрээгээ зөрччихөөд л явж байна.

-Оюутолгой үйл ажиллагаа явуулж эхлээд дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүч авна гэж гэрээнд тусгасан боловч гэрээгээ зөрмсөн юм байна. Харин одоо хариуцлагын асуудал ярих ёстой юм биш үү?

-Энэ тухайд хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, эдний зээлийн хүү хэт өндөр байгаа, олсон орлогынхоо 20  хувийг төлөхгүй байгаа явдал ч бий. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой заалтыг зөрчсөн асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа шүү дээ. Тэр төвшинд хариуцлагатай холбоотой дүгнэлтийг гаргаж таарна. "Рио тинто" нэгэнт гэрээгээ зөрччихөөд янз бүрийн хувилбар яриад явах биш ажлаа л хийх учиртай.

-Энэ талаар болон гэрээтэй холбоотой асуудлаар ойлголцлын ширээний ард суух зайлшгүй шаардлага үүссэн юм биш үү. Аль нэг талаас санал тавьсан зүйл байна уу?

-Намайг томилолтоор явсан хойгуур “Рио тинто"-гийнхон уулзах хүсэлт гаргасан байна лээ. Цаашдаа энэ талаар ярилцахын тулд зайлшгүй ширээний ард сууж таарна.

-Багануурын цахилгаан станцын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Гэрээг цуцлах асуудал яригдаж байгаа юм уу. Энэ гэрээг цуцалбал Засгийн газар 512 тэрбумын өрөнд орно гэсэн мэдээлэл байгаа?

-Нөхөн төлбөрийн тухайд нөгөө талаас ийм хэмжээний хохироп учирч болзошгүй гэсэн л зүйл ярьж байгаа. Түүнээс яг бид мөнгө төлөх гээд байгаа асуудал байхгүй. Гэрээг цуцлаад маргаан үүслээ гэхэд гэрээний дагуу тодорхой мөнгөн дүн яригдах байх. Энэ цахилгаан станцын технологи нь тохирохгүй байгаа юм биш. Манай системд тохирохгүй өндөр хүчин чадалтай турбин генератор тавих гээд байгаа юм. Манайд 240 мегабайтаас илүү турбин генератор тавьж болохгүй. Учир нь. манайх ОХУ-аас 240 мегабайтыг авч байж өөрийнхөө системийг тохируулдаг. Түүнээс дээш генератор тавивал зохицуулж чадахгүй. Технологийн хувьд таарахгүй байхад ярьж байгаад энэ гэрээг байгуулсан байсан. Бид хөрөнгө оруулагч талтай манайд тохирсон системтэй цахилгаан станц барих шаардлага тавьсан. Түүнээс гэрээг цуцалъя гэсэн зүйл яриагүй.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn