Л.Оюун-Эрдэнэ 2018.08.15 | Olloo.mn

Эрхэм гишүүд АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА явуулж, ЖАГСААЛ хийнэ

Эрхэм гишүүд  АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА явуулж, ЖАГСААЛ хийнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр өчигдөр /2018.8.14./ УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн байна

Шаардлагадаа “2018 оны наймдугаар сарын 20-ны дотор “60 тэрбум”-ын хэрэгтэй холбогдуулан Монголын ард түмэн, намын нийт гишүүд дэмжигчдээсээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх, өөрийн хүсэлтээр хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандаж “60 тэрбум”-ын хэргийг дахин нягтлан шалгуулж, олон нийтийн эргэлзээг тайлах, УИХ-ын ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаж байна” гэжээ.

Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хүсэлт гаргаж ханджээ.

Тэрбээр ”УИХ-ын гишүүн миний бие “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдсон намын гишүүдийн ёс зүйн асуудлаар 2018 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 9019 тоот албан бичгээр МАН-ын Ёс зүйн хорооны даргад албан бичгээр хандасан. Улмаар 2018 оны наймдугаар сарын 3-ны өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж тогтоол гаргасан байна. Иймд 2018 оны наймдугаар сарын 20-ны өдрийн дотор МАН-ын Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ үү” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд заасан хугацаанд энэ гурван шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Л.Оюун-Эрдэнийн энэ шаардлагыг энэ сарын 20-ны дотор биелүүлэхгүй бол дэмжиж хамтран ажиллахаа нэр бүхий гишүүд илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан, Л.Энхболд нарын хэд хэдэн гишүүн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийх тэмцлийн дараагийн шатанд оролцоно гэжээ. Тэд Төрийн ордон, Их тэнгэрийн аманд олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулах юм байна. Мөн “60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйх нь шулдарга ёсонд нийцэх эсэх талаар Ард түмний санал асуулга явуулахаар ярилцжээ.

Өөрөөр хэлбэл, тэд энэ сарын 20-ныг хүртэл УИХ-ын дарга хэрхэхийг хараад, түүнээс хойш олуулаа тэмцэхээр болжээ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд