С.Амарсайхан: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ХУВЬЧЛАЛЫН ГЭРЭЭГ эргэж ХАРНА
2018.08.16

С.Амарсайхан: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ХУВЬЧЛАЛЫН ГЭРЭЭГ эргэж ХАРНА

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, ААН-үүдийн үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Мөн нийслэлийн засаг захиргааг Яармагт шилжүүлэх талаар хөндөн ярилцсан юм.

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2017 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 2018 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн талаар танилцуулахад, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд орон нутгийн өмчит үйлдвэрийн 32 газар (ОНӨҮГ) үйл ажиллагаа явуулснаас 20 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар (ОНӨААТГ), 12 нь төсөвт үйлдвэрийн газар байв. Эдгээр ААН нийт 246.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ашигтай ажилласан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт цэвэр ашиг 1.5 тэрбум төгрөг, нийслэлд оногдох ногдол ашгийн хэмжээ 480 сая төгрөг бөгөөд төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээ нь 440.334.300 төгрөгөөр батлах тогтоолын төслийг хэлэлцэв.

Тэргүүлэгчдийн зүгээс Төв цэнгэлдэх хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө, “Улаанбаатар” чуулга зэрэг нийслэлийн өмчит байгууллагуудын орлого зарлагын талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга н.Энхболдоос асууж нөхцөл байдалд нэлээн шүүмжлэлттэй хандаж байлаа.

Жишээ нь, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, 

"Бид агаар, орчны бохирдол утаагаа өвөл яриад зун мартдаг, улсын наадам болохоор Төв цэнгэлдэхийг санадаг, наадам дуусаад мартдаг. Төв цэнгэлдэхийг тохижуулах ажлыг нь нийслэл хийдэг, ашиглах эрх нь хувийн компанид байдаг, ийм байдлыг цэгцлэх цаг болсон" 

Тэргүүлэгч Ц.Байгалмаа

"Ашиггүй болон бага ашигтай ажиллаж байгаа нийслэлийн өмчит  газруудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг нь шалгах, ашигтай ажиллаж чадсан байгууллагыг урамшуулдаг байдлаар тогтолцоог цаашид бий болгоё" гэж байв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн нэр дор үйл ажиллагаа эрхэлдэг атлаа нийслэлдээ ямар ч үр өгөөжгүй, ашиггүй, ногдол ашиг нэрээр жилийн 31 сая төгрөг өгдөг зарим нэг байгууллагыг байлгах шаардлагатай эсэхийг холбогдох албаныхнаас асууж байв. Тэрээр байгууллагуудын орлого зарлагын төлөлтийг 2019 оны төсөвт өөр хувилбараар тавина. Орлогыг нь өсгөж, зарлагыг нь багасгах тал дээр анхаарч ажиллах үүрэг өгсөн юм. Улмаар Нийслэлийн болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийн хувь хэмжээг 100 хувь нийслэлийн төсөвт төвлөрүүлэх саналыг тэргүүлэгчид дэмжлээ.

Хэлэлцэх асуудлын хүрээнд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Яармаг” шинэ төвд шилжүүлэн байршуулах ажлын явцын талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар танилцуулав. Одоогийн байдлаар гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулж, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэн, барилгын суурийн ажлыг эхлэд байгаа аж.

Хуралдааны дараагаар НИТХ-ын дарга С.Амрсайханаас зарим зүйлийг тодруулав.

-Нийслэлийн захиргааг Яармагт шилүүлэх ажилд өнөөдрийн байдлаар саад болж байгаа зүйл бий юу?

-Байхгүй. Энэ ажил төслийнхөө хүрээнд төлөвлөлт, санхүүжилт бэлэн, түүнийхээ дагуу явж байгаа. Энэ онд багтаан нийслэлийн захиргааг ХУД-ийн нутаг дэвсгэр Яармагт шилжүүлэх ажлыг хийж дуусгана.

-Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, ААН-үүд хэр ашигтай ажиллаж байна вэ?

-Нийт ОНӨҮГ 12 ААН-ээс 8 нь ашигтай ажиллаж байгаа ч хангалтгүй хэмжээнд байна. Жишээ нь, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн гэж байна. Нийслэлийнхээ ерөнхий төлөвлөгөө, хийж буй ажилтай уялдаж ажиллахгүй, өөрөө захиалга аваад дураараа ажилладаг байсныг одоо өөрчилж нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын дэргэд хотынхоо ажлыг хийх үүднээс ажиллуулж эхэлсэн. Нийслэлд харьяалах орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, ААН-үүд үйл ажиллагаа, ашиг орлогынхоо 70 хувийг өөрсдөдөө авдаг хэрнээ нийслэлд төвлөрүүлэх ногдол ашгийг 30-хан хувиар хотдоо өгдөг буруу жишгээр яваад байгааг болиулж байгаа. Ийм шийдвэрийг НИТХ-аас гаргаад байна. Тухайлбал, энэ оны хувьд гэхэд нийслэлд 1.6 тэрбум төгрөгийг оруулахаар болсон. Уг нь төлөвлөснөөр 486 сая төгрөг орох байсан. Ингэж болохгүй. “Гэрлэх ёслолын ордон” жилд 1.284 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Зардал нь 963 сая төгрөг. Нийт цэвэр ашиг нь 321.220 сая төгрөг. Нийслэлд хуваарилах ногдол ашиг нь 29 сая төгрөг гэх мэтчилэн нийслэлийн байгууллагууд иймэрхүү байдалтай байгааг өөрчилж, одоо ингэж ажиллуулахгүй. Бүх ногдол ашгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. 2019 онд эдгээр байгууллагыг яаж ажилладгийг харна. Ашиггүй ажилласан газрыг татан буулгана. Ингэж аль аль талдаа хариуцлагатай ажиллах шаардлага байна. Бас нэг жишээ хэлэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал байна. 49 хувь нь нийслэлд, 51 хувийг хувийн компани эзэмшдэг, энэ жил нийслэлд ногдол ашиг гэж долоохон сая төгрөг өгч байн. Ийм байж болохгүй. Энэ үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлалын гэрээг эргэн харах хэрэгтэй байна.