С.Чинзориг 2018.08.16 | Монголын үнэн

С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэндээ төр агентлагаар дамжуулан анхаарал хандуулна

С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэндээ төр агентлагаар дамжуулан анхаарал хандуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГООС зарим зүйлийг тодрууллаа.

-Ямар шаардлагын үүднээс ийм газар байгуулахаар болсон бэ. Үндсэн үйл ажилллагааных нь талаар мэдээлэл өгнө үү?

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-аас энэ оны зургаадугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар тогтоол баталсан. Үүний дагуу шийдвэр гаргаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар өмнө нь Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяанд ажиллаж байсан. Харин Засгийн газраас шийдвэр гаргаснаар дотроо үндсэн гурван нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Тухайлбал, Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн төсөвт улсын үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаа явуулна. Тус газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөг ялгаваргүйгээр, бүрэн эдлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

-Шинээр байгуулах агентлагийн бүтэц, орон тооны талаар мэдээлэл өгнө үү. Мэдээж олон талын ач холбогдолтой байх болов уу?

-Шинээр байгуулах агентлагт тусдаа төсөв, орон тоо шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв 121 ажилтан, 2.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү төвийг түшиглэж 35 хүний орон тоог шинээр байгуулах агентлагийн бүтцэд шилжүүлэн хүний нөөцийг бүрдүүлэх юм. Агентлаг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Мөн нийгмийн амьдралд тэгш оролцох боломж бүхий дэд бүтцийг бий болгоход энэ агентлаг томоохон түлхэц үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг эрт оношлох боломж бүрдэнэ гэж тооцсон. Монгол Улсын нийт хүн амын 3.5 хувь буюу 103 мянга 600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний 58 хувь нь олдмол бол 42 хувь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс энэхүү агентлагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг ойлгодог, шийдвэрлэх гарц, гаргалгааг сайн мэдэх мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахыг бидэнд үүрэг болгож байна.

-ХНХЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцдаг шүү дээ. Гэтэл шинээр, тусад нь агентлаг байгуулах шаардлага байсан юм уу. Төр данхайх нэг хэлбэр биш үү?

-Улсын хэмжээнд 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгааг би дээр дурдсан шүү дээ. Тийм учраас эдгээр иргэнээ бид дэмжиж, хамтдаа хөгжиж урагшлах ёстой. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг олон асуудал тулгамддаг. Энэ асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийддэг байя. Цаашилбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дан ганц яам шийдчихгүй. Тиймээс салбар хоорондын уялдааг хангах шаардлагын үүднээс энэ агентлагийг байгуулсан.

-Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдэд байгаа насанд хүрсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төр цаашдаа хэрхэн анхаарал хандуулах вэ. Тэднийг байрлуулах тусгай газар байгуулах уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй болон хараа хяналтгүй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар орон гэргүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай асуудал оруулсан ч Улаанбаатар хотын захиргаатай нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байгаа тул түр хойшлуулсан. Удахгүй энэ асуудлыг дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Засгийн газар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Тухайлбал, тусгай хэрэгцээтэй иргэдийг асрах халамжийн төвүүдийг шинээр байгуулах шаардлагатай байгаа. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, асрах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төвүүдэд аттестатчилал явуулна. Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 байгууллага байгаа ч ердөө дөрөв нь төсвөөс санхүүжилт авдаг. Бусад нь ТББ болон олон улсын байгууллагын шугамаар санхүүжилтээ шийдэж байна. Монгол Улсын төр эх орны ирээдүй болсон хүүхдүүдээ бусад оронд эсхүл төрийн бус байгууллагад даатгаад байж болохгүй.

-МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болох асуудал яригдаж байгаа юм билээ. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-2019 оны төсөвт 17 орчим тэрбум төгрөг суулгасан МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудлыг ярьж байна. Энэ асуудал бараг бидний саналын дагуу шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа.

-ОУВС-гийн төлөөлөл манай улсад ажиллаж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийсэн. Энэ удаад цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар шийдэлд хүрнэ гэж байсан. Энэ асуудал юм болсон талаар мэдээлэл өгнө үү?

-ОУВС-гийнхан өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 6-ны хооронд манай улсад ирж ажилласан. Ингэхдээ Засгийн газартай хэлэлцээр хийгээд буцсан. Бид Сангийн яам болон МҮЭ-ийнхэнтэй уузахаар ярилцаж байна. Манай яамны зүгээс гурван талт улсын хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналтай байгаа. Ирэх долоо хоногийн эхээр цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой асуудлыг Засгийн газарт оруулах чиглэлтэй ажиллаж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn