Оюун-Эрдэнэ.Л 2018.08.17 | Vip76.mn

Хатуу самар

Хатуу самар
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Нийгэмд хэвийн бус, гажиг үзэгдлүүд орших нь аюултай. Гэхдээ олон нийтийн дунд хэвийн бус зүйлийг хэвийн мэтээр хүлээж авдаг дадал суух нь хамгийн аюултай. Монголчууд бид агаарын бохирдол, замын түгжрэл, авилга, хээль хахуулийг амьдралынхаа салшгүй хэсэг болгочихсон, тэдгээрийг засах сэдэл, зоригоор дутуу байгаа нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй.

Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш авлигатай холбоотой дуулиантай хэргүүд тасралгүй гарч ирсэн ч тэдгээрээс хууль ёсны дагуу шийдэгдсэн нь маш ховор. Хамгийн сүүлийн нэг жишээ нь 60 тэрбумын хэрэг. Илэрхий мөртлөө “буруутангүй” энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа нь хуулийн байгууллагуудын буруу гэхээсээ илүү олон нийтийн идэвхигүй, өөрсдийн эрх ашгаа хамгаалдаггүй, ноцтой асуудлыг хэсэг хугацааны дараа мартагнадагтай холбоотой. Массын энэ дутагдлыг ашиглан хэргийг тэгсгээд өнгөрөөдөг, хуулийн байгууллагад нөлөөлдөг арга эрх баригчдын дунд бий болсон. Гэвч энэ удаа дээд түвшний авилгачид өөрсөдтэй нь энэ тэнцэхүйц эрх мэдэлтэй, нөлөөтэй, бууж өгөх янзгүй авлигатай тэмцэгч нэгэн хатуу самартай учирсан нь Л.Оюун-Эрдэнэ юм.

Тэрбээр 60 тэрбумын үнэнийг сонсохын тулд болохоос болохгүйг хүртэл бүх аргыг хэрэглэж байна. Прокурор, Тагнуулын газар, АТГ гэх мэт хуулийн байгууллагаас 60 тэрбумын хэргийг хэрхэн шийдсэн талаар тайлбар шаардсан ч олон нийтийн хүлээж буй хариулт авч чадаагүй.  Тиймээс түүнд Нийтийн сонсголын тухай хуулийг ашиглан хэрэгт холбоотой субъектуудыг нүүрэлдүүлэх, нийгэмд үнэнийг хэлүүлэхийг зорьсон. УИХ-ын гишүүдээс шаардлагатай тооны гарын үсэг цуглуулж чадсан. Энэ бол түүний санал, санаачлагыг дэмжих хүмүүс парламентад цөөнгүй гэдгийг харуулж байна. Гэвч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нийтийн сонсгол явуулах эрхзүйн орчин байхгүй гэдэг албан бичгийг ирүүлсэн. Тэгэхээр нь ээлжит бус чуулган зарлуулахын тулд УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулсан. Гэвч ээлжит бус чуулган зарлагдаагүй. Хамгийн сүүлд УИХ-ын дарга, МАН-ын удирдлагад хэвлэлээр ард түмнээсээ уучлах гуйх, хэргийг дахин нягтлуулах, ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах албан шаардлагыг хүргүүлээд байна.

Энэ мэтээр тэр өнгөрсөн хугацаанд нийт 17 төрийн болон намын эрх бүхий байгууллагад бичгээр болон биечлэн хандаж 60 тэрбумтай  холбоотой асуудлаар тайлбар үнэн тайлбар авахыг оролджээ. Гэхдээ тэр бууж өгөхгүйгээр шийдсэн. Тэрбээр “60 тэрбумын асуудлаар би тултал нь явж мухарлана” гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн. Ээлжит бус чуулган зарлах эрх зүйн үндэс бүрдсэн ч зарлаагүйтэй холбогдуулан Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр бид УИХ-ын дарга М.Энхболдыг үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд ороод байна” гэж хэлэв. Хэрэв шаардлагыг заасан хугацаанд биелүүлэхгүй бол олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнтэй нэгдэхээ зарим гишүүн илэрхийлсэн.

Ийнхүү 60 тэрбумыг тойрсон их драм үргэлжилсээр...

Энэ шуугиан дунд Л.Оюун-Эрдэнэ чухам хэн бэ гэдэг том асуултын тэмдэг бий болжээ. Нэг хэсэг нь парламентад сонгогдонгуутаа өөрийг нь дэмжиж байсан намын даргынхаа эсрэг боссон, Засгийн газрыг унагахад оройлон оролцсон, авлигын хэргүүдээр далимдуулж өөрийн эрх ашгийг хөөж байгаа хүн гэж хэлдэг. Харин нөгөө хэсэг нь итгэж болох хүн гэж үздэг. Хоёр дахь хувилбарт итгэмээр санагдана. Яагаад?

Манай нийгэмд бий болсон нэг дутагдал бол хүнд итгэхээ больсон явдал. Мэдээж улс төрийн энэ замбараагүй холион бантан дунд хэн нь хэн бэ гэдгийг ялгахад бэрх. Гэхдээ наад зах нь, итгэхгүй юмаа гэхэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн намынхаа удирдлагын алдааг тэвчиж дуугүй явдаг хэв маягийг эвдэж, дээд түвшний авлигын асуудлыг илрүүлэхэд тууштай явж байгаад нь талархах ёстой. Бодлого тодорхойлох түвшинд авлигын эсрэг ийм хүчтэй санаачлага гаргасанд нь баярлах хэрэгтэй. Бүгдээрээ нэг нэгнийхээ булхайг мэддэг учраас хэн нь ч зоригтой дуугарч чаддаггүй чөтгөрийн гинжин хэлхээг таслах эр зориг гаргасанд нь алга тамшаар.

Тэр УИХ-д сонгогдохдоо үүрэг, хариуцлага гэдэг үгийг хэлж байсан. Түүний хэлж ярьж, хийж буйг харахад тэр нь хоосон үг биш байжээ үзэх үндэстэй. Тэрбээр УИХ-д залуу голдуу гишүүдийг уриалж Авлигын эсрэг парламентын бүлгийг байгуулсан. Товчоор хэлбэл тэр хууль тогтоох түвшинд засаглалын шинэчлэл хийхийн төлөө явж байна. Хуулийн байгууллага зүгээр л “худлаа байна аа” гээд хэлчихвэл худлаа болчих гээд тэр л гажуудлыг нийгэмд ойлгуулах нь Л.Оюун-Эрдэнийн зорилго юм. Түүний хамгийн их тэвчдэггүй зүйл нь Монголчууд авлигыг тэвчдэг сэтгэлгээ. Энэ хүн өндөр албан тушаалтнууд өнөөдрийн эрх мэдлээ мөнхийн юм шиг бялуурч, хууль хяналтын байгууллагатайгаа үгсэн хуйвалдаж төр, ард түмнээ хохироодог байдлыг халах гэж яваа гээд хэлчихэд буруудахгүй болов уу.