Саранчимэг.Б Б.Ундармаа 2018.08.23 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна

УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Филиппин Улсын парламентаас хамтран зохион байгуулж буй Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын дөрөвдүгээр уулзалт Филиппин Улсын нийслэл Манила хотноо өнөөдөр (2018.08.23) эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтаар дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудын Эрүүл мэндийн зорилтод хүрэх нь” сэдвээр үг хэлж, энэ чиглэлээр Монгол Улсын гаргасан санал санаачилгууд, үр дүн, ахиц дэвшлийн талаарх туршлагаас хуваалцлаа.

undefined

Уулзалтаар Ази, Номхон далайн бүсийн 21 орноос 50 гаруй парламентын гишүүд хуран чуулж байгаагийн дотор УИХ-ын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Монголын Улсыг төлөөлөн оролцож байна.  

Энэхүү форум нь эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулахад парламентчид санал бодлоо солилцох, улс төрийн дэмжлэг үзүүлэх, чадавх, нөөц бололцоогоо сайжруулах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал талбар болдгоороо онцлог юм.  Дөрөвдүгээр уулзалтаар санхүүжилт болон зохицуулалт хийх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээх чиглэлээр үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөхөд парламентчдын гүйцэтгэх үүргийг онцгойлон хэлэлцэж байна. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт нь санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүртэх боломжийг хүн бүрт олгох тухай асуудал бөгөөд энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын эрүүл мэндийн зорилтод хүрэхэд нэн чухал суурь нь болж өгдгийг Ази, Номхон далайн орнуудын парламентчид онцлон тэмдэглэлээ.