2010.01.16

З.Энхболдын холбоо МоАХ-аас шал өөр гэнэ

Ардчилсан нам дотор өд сөдөө ургуулахаар зүтгэж буй Ардчилсан хүчний холбоо өдөр судар харан байж өчигдрийн 12.00 цагаас анхныхаа хурлыг хийлээ. Эл хурлаар УИХ-ын гишүүн З.Энхболд Ерөнхийлөгчөөр, Н.Батбаяр, Р.Амаржаргал, Д.Ганхуяг, Д.Одхүү, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар дэд Ерөнхийлөгчөө сонгогдсон байна.

Эл холбооны анхны хуралдаанд 92 гишүүн нь оролцсон бөгөөд хяналтын зөвлөл гээд дотоод бүтцийн асуудлуудаа ч нэг мөр шийдээд авсан гэнэ. Харин "Ардчиллын суурь болсон МоАХ-гоороо  дамжуулаад үйл ажиллагаагаа явуулж болоогүй юм уу. Эсвэл МоАХ-той Ардчилсан нам бүрэн харилцаа холбоогоо тасалж байгаа хэрэг үү" гэж асуухад дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэ "МоАХ 20 жилийн хугацаанд өөрийн гэсэн тодорхой хүрээлэлтэй болчихсон. Түүгээр дамжуулан Монгол орныг бүхэлд нь хамарсан ажиллагаа зохион байгуулахад учир дутагдалтай учраас шинэ холбоо байгуулж байна" гэсэн хариулт өгсөн.

Ингэхээр Ардчилсан нам дотор "Алтан гадас" фракцыг нам дарах зорилготой МоАХ талыг баримтлагчид гэгдэх З.Энхболд, С.Эрдэнэ нар шинэ холбоо-байгуулан ноёрхлоо тогтоохыг хүссэн бололтой.

Харин тэд шинэхэн холбоогоо МАХН дахь Зүүний хүчний холбоотой ихээхэн төстэй гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Төрийн албан хаагчдын тухай хуулийн дагуу 150 мянган төрийн албан хаагч харъяалалгүй болчихоод байгаа билээ. Иймээс хуучин Ардчилсан намын гишүүн байгаад энэхүү хуулиар намын харъяаллаас гарсан гишүүдээ энэхүү холбоо ивээлдээ авах гэнэ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.