2018.08.27

Монгол улсад хэрэгжүүлэх 8 төслийг Австралийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгийн хэмжээнд объктын болон ой, хээрийн гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг 2015 оноос хойш байгуулан, сургаж дадлагажуулах, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор шат дараалалтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Австралийн элчин сайдын яамнаас зарласан “Бичил төслийн хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалтад Онцгой байдлын ерөнхий газрын “Сэлэнгэ, Хэнтий аймгийн 8 суманд гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх төсөл” шалгарч, Австралийн Засгийн газрын буцалтгүй дэмжлэгээр хэрэгжихээр боллоо.

Төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри нар гарын үсэг зурсан юм.

Төсөл хэрэгжснээр ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Ерөө, Мандал, Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын сайн дурын хэсгийн алба хаагчдын хөдөлмөр хамгааллын зориулалтын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл сайжрах, орон нутагт гарсан гамшиг, гал түймрийг богино хугацаанд шуурхай унтраах боломж бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.