Ц.Даваасүрэн: Надтай холбоотой байвал ажлаа өгөхөд бэлэн
2018.08.28

Ц.Даваасүрэн: Надтай холбоотой байвал ажлаа өгөхөд бэлэн

Эрчим хүчний яамны удирдлагууд тус салбарт зарласан 5.8  тэрбумын тендерийг хувьдаа завшсан, хувийн компаниудад даваа эрх олгосон байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн билээ. Энэ талаар ЭХ-ний сайд Ц.Даваасүрэнтэй холбогдож “таван үг” солилоо.

-Сайн байна уу, сайхан намаржиж байна уу. Эрчим хүчний удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн юм. Энэ мэдээллийг та сонссон уу, үнэн болов уу?

-Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан таван компани тендерт орж, 5.8 тэрбум төгрөгийн ажил авсан мэдээлэл байгаа юм. Тухайлбал, манай станцад инженер хийдэг хүн ч юм уу эсвэл түүний компани өөр газар ажилд авах асуудал байх гэж ойлгосон.

-5.8 тэрбум төгрөгт таныг  холбоотой  байх гэж хардах хүн олон байна?

-Надтай ямар ч холбоогүй. Хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн.

-Ашиг сонирхлын зөрчилтэй, давуу эрх олгосон гэж АТГ-аас мэдээлсэн?

-АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. АТГ-ын сайдад байгаа мэдээлэлд ч нэр минь байхгүй гэдгийг хэлмээр байна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа. Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн хүн тендерт оролцож байгаа тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой.  Ер нь 130 компани байгаа юм байна лээ. Уг нь АТГ энэ хүмүүсийг ажиллуулах уу,  үгүй юу гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй.

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)