Ж.Бат-Эрдэнэ 2018.08.29 | Монголын үнэн

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газарт миний оролцоо хэрэгтэй бол дэмжлэг үзүүлээд явна

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газарт миний оролцоо хэрэгтэй бол дэмжлэг үзүүлээд явна

ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын эхээр гарсан.

Үүнтэй холбоотойгоор тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Түүнчлэн тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон бусад газрын даргыг ч ажлаас нь чөлөөлсөн. Ингэснээр ЗТХЯ-ыг Шадар сайд Ө.Энхтүвшин хариуцаж байгаа юм.

Тэгвэл улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэж буй энэ үед тухайн салбарын асуудлыг хэн хариуцах вэ гэдэг нь эргэлзээтэй байсан.

Энэ тухайд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

”Хуулийн дагуу дараагийн сайдыг томилсноор өмнөх сайдын бүрэн эрх дуусгавар болдог. Миний асуудлыг УИХ-аар хэлэлцэх хүртэл миний бүрэн эрх хадгалагдаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулиараа УИХ-ын өмнө энэ салбарыг хариуцаж байгаа нь хэвээрээ” гэлээ. Түүнчлэн тэрбээр ажлаа өгсөн тухайд “Энэ салбарт ирэхдээ олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж зорьсон. Зорьсон ажлууд маань эхнээсээ УИХ, Засгийн газрын төвшинд шийдэгдээд явж байх үед ажлаа өгөхөд хүрсэн. Хийж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа үр дүнг хараагүйдээ жаахан харамсалтай л байлаа” гээд хийж хэрэгжүүлсэн болон төвөлөж байсан ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй дурдсан байна. Түүнчлэн “Агаарын тээврийн салбарт либералчлал хийх зайлшгүй шаардалгатай. Ирэх сард Солонгос улстай агаарын тээврийн хэлэлцээ хийхээр бэлтгэж байсан юм. Үүний дараа шинэ нисэх буудлын асуудлыг ч ярина. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход миний оролцоо юу байна, тэр хэмжээгээр Засгийн газарт дэмжлэг үзүүлээд явна” гэжээ.

М.ӨНӨРӨӨ