Д.Сумъяабазар 2018.08.29 | Gogo.mn

Д.Сумъяабазар: Нүүрсний салбарт тэргүүлэх техник, технологи нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ

Д.Сумъяабазар: Нүүрсний салбарт тэргүүлэх техник, технологи нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай Олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалттай холбогдуулан ярилцлаа.

-Нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалт энэ жил найм дахь удаагаа ирэх сард болно. Та энэ удаагийн “Coal Mongolia-2018” чуулга уулзалтын ач холбогдолыг хэрхэн тодорхойлох вэ?

-Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн салбар. Уул уурхайн салбар дотроо тэрбум давсан ам.долларын экспорт хийдэг хоёр том багана байдаг нь зэс, нүүрс хоёр. Энэ оны эхний долоон сарын байдлаар уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 23.9 хувиар өсөхөд нүүрсний олборлолт 753.8 тэрбум төгрөгөөр буюу өмнөх оны мөн үеэс 53.8 хувиар өссөн нь ихээхэн нөлөө үзүүлсэн талаар Үндэсний статистикийн хорооны тайланд дурьдагдсан байгааг та бүхэн олж үзсэн байх.

Нүүрсний салбар ийнхүү улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээгээр энэ оны хувьд нүүрсний үнэ өндөр байгаа нь манай улсын нүүрсний салбарт чиглэсэн сонирхлыг ихээр төрүүлж байгаа. “Coal Mongolia” чуулга уулзалтын хувьд сүүлийн хэдэн жил тасралтгүй зохион байгуулагдаж, салбарын хөгжлийн олон талт асуудлуудыг хэлэлцдэг болон төлөвшиж байна.

-Та чуулга уулзалтын үндсэн илтгэлийг хэлэлцүүлэх гол зочдын нэг. Нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэлээ энэ удаа танилцуулах уу. Шинээр энэ салбарт ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?

-“Coal Mongolia-2018” арга хэмжээнд би оролцож салбарт хийгдэж буй ажлуудын талаар танилцуулах тул уг арга хэмжээний явцад та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авна байх. Ерөнхийдөө экспортын нүүрсээ бүрэн гүйцэд ашиглан, өндөр ашигтайгаар борлуулж, үр дүнг нь улс нийтээрээ хүртэх, олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалах тал дээрх урт хугацааны цогц бодлогыг хэрхэн томъёолж, алхам алхмаар хэрхэн хэрэгжүүлээд явж байгаа талаар ярих болно.

-“Coal Mongolia-2018” чуулга уулзалт энэ удаа “Технологийн дэвшилд хамтдаа” гэсэн уриаг дэвшүүлж байгаа. Өнөөдөр бид нүүрсээ илүү нэмүү өртөг шингээж, ахиу орлого олохын тулд юуны өмнө технологийн талаар ярихаас аргагүй болж байна. Энэ тал дээр яамны байр суурийг сонирхож байна?

-Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт, уналтын мөчлөгийг богино хугацаанд туулаад үзсэний хувьд Монгол Улсын нүүрсний салбар өнөөдөр бүх шатандаа тэргүүлэх техник, технологи нэвтрүүлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх тухай ярихаас өөр арга байхгүй. Монгол Улсын төсвийн орлогын томоохон хэсгийг бүрдүүлж буй нүүрсний салбар үнэ өндөр үед ажиллаад, үнэ унах үед зогсоод байх нь улсын эдийн засагт ч том савлагаа үзүүлж байгаа тул энэ салбарын өрсөлдөх чадварыг хангах нь манай яамны зүгээс тэргүүлэх ач холбогдол өгч буй асуудлуудын нэг болж байна.

Нүүрсний тээвэр, ложистик, боомтын нэвтрүүлэх чадварыг нэн тэргүүнд сайжруулахад анхаарч байна. Засгийн газар, Ерөнхий сайдын түвшинд нүүрс экспортолж буй боомтууд дээр ажиллаж, хөрш БНХАУ-ын ӨМӨЗО-ы холбогдох түвшинд анхаарлыг нь хандуулах ажлуудыг хийж ирсэнийг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхийдөө сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хооронд болсон өндөр, дээд хэмжээний уулзалтуудын явцад нүүрсний асуудал хөндөгдсөөр байгаа.

Миний бие мөн сайдын ажлыг хүлээн авснаас хойш экспортын нүүрс олборлож буй компаниуд, нүүрс экспортын гол боомтуудаар явж ажилллаж байна. Гашуунсухайтын боомт, Шивээ хүрэнгийн боомтууд дээр ажилласан. Өнгөрсөн долоо хоногт ӨМӨЗО-нд айлчлал хийлээ. Эдгээрийн хүрээнд хоёр улсын хоорондын нүүрсний тээвэр, ложистикийн асуудлууд дээр тулгараад байсан гацааг тодорхой хэмжээнд шийдсэн бөгөөд цаашид хөгжлийн шинэ шатанд гаргах тал дээр нь анхаарч ажиллаж байна.

Яамны хувьд зөвхөн нүүрс гэлтгүй уул уурхайн салбарын техник технологийн асуудалд анхаарсан бодлого дээр ажиллаж байгаа. Тухайлбал, алт, зэс, нүүрс, жонш зэрэг ашигт малтмалын төрөл бүр дээр нь тал бүрийн төлөөллийг оролцуулсан шат дараалсан ажлуудыг зохион байгуулж, хайгуул, бүтээн байгуулалт, олборлолт, байгаль орчин, нийгэм гээд бүх тал дээрээ олон улсын сайн туршлагыг нэвтрүүлсэн, шинэ технологийг ашигласан салбар болохоор зүтгэж байна. Эдгээрийн үр дүн бүгд нэг өдрийн дотор гарахгүй нь тодорхой ч жил ирэх бүр үр дүн нь гараад явах нь дамжиггүй.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Тавантолгой”-н хүлээгдэж буй ч IPO-г чих тавин чагнаж байна. Бэлтгэл ажил ид үргэлжилж байна уу. Хоног хугацаа улам давчуу байна. Ажлын хэсэг туулах замынхаа гуравны нэгт хүрсэн үү?

-Тавантолгойн ордыг ашиглаж буй байдлыг шинэ шатанд гаргаж, үр ашгийг нэмэгдүүлэх арга зам нь олон улсын хөрөнгийн биржд IPO хийх хувилбар гэдгийг УИХ-ын 73-дугаар тогтоолоор баталгаажуулсан. Үүнээс хойшхи сар хагасын хугацаанд бүх шатанд бэлтгэл ажлуудыг хангаад явж байна. Засгийн газрын түвшинд төмөр замтай холбоотой, мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшилтэй холбоотой шийдвэрүүд гарсан. Бэлтгэл ажлын явцын талаар яамнаас тусгайлан мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа.

-Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Энэ салбарт нүүрс хийжүүлэх, нүүрснээс шингэн түлш, тодруулбал, нүүрснээс нийлэг байгалийн хийх үйлдвэрлэх зэрэг төслүүд өмнө нь яригдаж, тодорхой түвшинд судалгааны ажил хийгдсэн. Эдгээр төслүүд хэр урагшилж байна вэ?

-Монгол Улс эрчим хүчний буюу хүрэн нүүрсний баялаг нөөцтэй. Үүнийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хий болон түлш үйлдвэрлэх асуудал бизнесийнхний ч, Засгийн газрын ч анхааралд байгаа. Цаг хугацааны хувьд өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүний үнээс хамааран хөрөнгө оруулах сонирхол урьд өмнөх түвшинд хүрэхгүй байна гэж ойлгож байна.

-Уул уурхайн салбарт итгэлцэл чухал байгаа. Энэ итгэлцэл дээр улс орны эдийн засгийг нуруундаа үүрч буй тус салбар оршин тогтнох учиртай. Тогтвортой, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд бид юуг дор бүрнээ анхаарах хэрэгтэй байна вэ?

-Бидний хувьд гадагшаагаа гаднын хөрөнгө оруулагчдын, дотогшоогоо нийт иргэдийнхээ итгэлийг олж авах ажлыг нэгэн зэрэг хийж байгаа юм. Эдгээр итгэл сулрахад хүрсэн суурь шалтгаанууд бий. Тэдгээр дээр дүгнэлт хийсэн байгаа, сууриар нь илааршиулахгүй бол өнгөн талаас нь эмчлээд хол явахгүй нь тодорхой байна.