Б.Батзориг 2018.08.30 | News.mn

"Буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангана"

"Буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангана"

“News« агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ« буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг онцолж байна.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос товчхон тодруулга авлаа.

-Энэ зун нэлээд хур бороотой байлаа. Энэ нь тариаланчдад нэн таатай байсан болов уу. Одоогоор ургацын урьдчилсан баланс ямар үзүүлэлтэй гарч байна вэ?

-Өнгөрсөн онд Монгол Улс ургац алдаж байсан. Харин энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна. Бид ургацын балансыг нэмэгдүүлэхийн тулд газар тариалангийн бүс нутгаа зарласан. Ингэснээр малчид, тариаланчдын ойлголцол зөв болсон гэж харж байгаа. Мөн ОХУ-аас 10 сая ам.долларын техник тоног төхөөрөмж,  8000 тонн элит зэрэглэлийн үрийг оруулж ирээд, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Бүх тариалангийн талбайг хашаатай болгох зорилт тавьсан. Энэ бүхний үр дүн сайн гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт 497,2 мянган га-д тариалалт хийснээс биелэлт 96,8 хувьтай байна. Урьдчилсан тооцооллоор 450 мянган тонн үр тариа хурааж авахаар 425,8 мянган тонн нь улаан буудай байгаа юм. Мөн 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авахаар төлөвлөж байна. Цаг агаарын болон бусад хүндрэл учрахгүй бол буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой болно.

-Ирэх жилийн нөөцөд хэдэн тонн буудай хадгалж байгаа вэ?

-Ирэх жилийн тариалалтад зориулан 51 мянган тонн үрийн буудай нөөцлөхөөр төлөвлөж байна. Харин 330 мянган тонн цэвэр хүнсний улаан буудайг хүн амын гурилын хэрэгцээг хангахад зориулж үйлдвэрлэл эрхлэгчдэд нийлүүлэхээр төлөвлөөд байна.

-Энэ онд хэдэн төгрөгийн шатахуун хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа вэ?

-Шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлөөд авах боломж олгосон. Ургац хураалт дууссаны дараа үндсэн төлбөрийг ургацаар хийх юм.

-Энэ жил улаан буудай экспортоор авахгүй гэсэн үг үү?

-Энэ жил нийт 450,2 мянган тонн үр тариа хурааж авахаас  425,8 мянган тонн нь улаан буудай байгаа. Манай дотоодын хэрэгцээнд 330 мянган тонн улаан буудай шаардлагатай тул дотоодоос хангах бүрэн боломжтой. Тариаланчдад олгосон хөнгөлөлттэй тусламжийн үнэ төлбөрийг буудайгаар авдаг. Ингэхдээ тонн тутмыг 560 мянган төгрөгөөс доош буулгахгүй байх бодлого баримтална.

Т. ДАВААНЯМ

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn