2018.08.30

Л.Энхболд: Монголын ард түмний өмчөөс 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан нь нотлогдлоо

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн мөргөцгөөс хулгайлсан нүүрсний талаар мэдээлэл хийлээ. 

Л.Энхболд: Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгойн лицензийн талбайгаас нүүрс алдагдсантай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцсэн.

5 сарын өмнө Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс алдагдсан эсэхийг холбогдох байгууллагуудыг шалгахыг уриалж байсан. Үүнтэй холбоотой АТГ-т 268 мянган тонн нүүрсийн төлбөр тооцоог барагдуулахаар хоё компани гэрээ байгуулсан нь өөрөө хууль эрх зүйн чадамжтай эсэийг шалгуулахаар хандсан. Харамсалтай нь энэ 5 сарын хугацаанд АТГ-аас ямар нэгэн ахицтай алхам хийсэнгүй.

Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, 10-аад агентлагийг хамруулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилласан. Шалгалтын явцад ГЕГ-аас гаргасан дүгнэлтийн хүрээнд Монгол Улсын гаалиар эх үүсвэргүй 390 мянган тонн нүүрс Тавантолгойн орд газраас гарсан байгаа учир холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Мөн Хил хамгаалах ерөнхий газраас Монгол Улсын гаалиар 2013-2017 оны хооронд нийт 849,121 машин гарсан гэж дүгнэлтдээ ирүүлсэн. Тэгвэл ГЕГ-аас 814 мянган машин гарсан гэж мэдээлжээ. Үүний хооронд 35 мянган машины зөрүү гарч байна. Энэ нь олон удаагийн давтамжаар цөөн хэдэн машин 2013-2017 оны хооронд маш олон удаа хил нэвтэрсэн гэсэн үг. Эдгээрээс зарим нь хоосон гарсан гэх мэдээлэл байна. Үнэхээр хоосон гарсан эсэхийг хууль хяналтын байгууллага шалгана гэж найдаж байна.

Хэрвээ тэр машинууд нүүрстэй байсан бол тээвэрлэгч машинууд дунджаар 90 тонн тээвэрлэнэ гэж тооцвол нийтдээ 3 сая тонны асуудал гарахыг үгүйсгэхгүй.

390 мянган тонн нүүрс эх үүсвэргүй гарсан талаар МХЕГ-аас гаргасан дүгнэлтэд  Эрдэнэс Тавантолгойгоос 368.3 мянган тонн нүүрс биш 340 мянган тонн нүүрс алдагдсан гэж тогтоосон. УИХ-ын гишүүний хувьд Монголын ард түмний өмчөөс нэг ч төгрөг шамшигдуулж болохгүй гэж үзэж байна. Мөнгөн дүнгээр бодвол 25 орчим сая доллар буюу 60 орчим тэрбум төгрөгний өмч хөрөнгө алга болсон байна. ГЕГ-ын шалгалтаас харахад эх үүсвэргүй гарсан 390 мянган тонн нүүрсийг ямар компаниас гаргасан бэ гэдгийг шалгасан. Эрдэнэс Тавантолгой компаниас нийт 206 компани гэрээтэйгээр нүүрс дамжуулан борлуулдаг. Үүнээс ганц Тавантолгой Транс компани 390 мянган тонн нүүрсийг эх үүвэргүйгээр хил нэвтрүүлсэн байна. Тодруулбал аль нэгэн ААН-ээс худалдаж авсан гэх санхүүгийн баримт байхгүй.

Монголын ард түмний өмчөөс 268.3 мянган тонн нүүрс хулгайд алга болжээ гэдэг нь нотлогдлоо. Харин үүнийг хэн төлөх, хэн гэм буруутай вэ гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно. Үүний тулд Засгийн газраас холбогдох яам буюу хяналтын байгууллага руу эдгээр асуудлыг шийдэхийг үүрэг болгожээ. Тавантолгойн Транс компаний зарим нэгэн санхүүгийн баримтыг шалгах гэхээр үерт явсан гэх тайлбарыг өгсөн байна. Монголын ард түмни йг нэг аж ахуйн нэгж дорожилж болохгүй.

Орон нутгийн өмчит Тавантолгой 6 жил уулын ажлын төлөвлөгөөгүй явсан байна. Үүнийг Ашигт малтмалын газар анзаараагүй явсан байна. Үүнийг дагаад байгаль орчны менежментийн нарийвчилсан төлөвлөгөө батлуулаагүй явсан байна. БОАЖЯ юу хийж байсан юм бэ? Энэ 6 жил хянаж байх ёстой байгууллагууд юу хийж байсан юм бэ?