Л.Энхболд 2018.08.31 | Монголын мэдээ сонин

Л.Энхболд: АТГ муу ажиллаж байна

Л.Энхболд: АТГ муу ажиллаж байна

-“Тавантолгой транс” компанийн санхүүгийн баримтыг шалгах гэхээр үерт урссан гэдэг  тайлбарыг өгсөн байна- 

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас алга болсон 268.3 мянган тонн нүүрсний асуудлыг олон нийтэд дэлгэсэн. Түүнээс хойш ямар нэгэн мэдээлэл өгөлгүй өнөөг хүрсэн байна. Энэ асуудал юу болсон бэ?

-Мэргэжлийн хяналтын газраас шалгасан дүнгээс харахад, “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 биш 340 мянган тонн нүүрс алдагджээ гэж тогтоосон байна.  340 мянган тонн нүүрсэнд ямар нэгэн ангилал алга. Тухайлбал, исэлдсэн эсвэл коксожсон юмуу гэдэг ангилал байхгүй. Мөнгөн дүнгээр 25 орчим сая ам.доллар буюу 60 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгө Монголын ард түмний халааснаас алга болсон байна.

-Хил гаалиар гарсан ямар нэгэн тэмдэглэл, баримт байна уу?

-Гаалийн шалгалтаас харж байхад эх үүсвэргүй гарсан 390 мянган тонн нүүрс ямар компаниар дамжиж вэ гэдгийг гаргасан. Орон нутгийн өмчит Таван толгой компаниас 206 компани гэрээгээр нүүрс дамжуулан борлуулдаг юм байна. Үүнээс ганц “Таван толгой транс” гэж компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хил нэвтрүүлсэн байна. Энэ нь аль нэг аж ахуйн нэгжээс худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт байхгүй байгаа юм. Тэгэхээр 268.3 мянган тонн нүүрс алдагджээ гэдэг нь нотлогдлоо.

-Үүнд хэн буруутай вэ, хэн хариуцлага хүлээх вэ?

-Хууль хяналтын байгууллага эцэслэн тогтооно. Засгийн газраас холбогдох яамаар нь дамжуулж, шийдүүл гэдэг үүрэг өгсөн.

-Нүүрстэй холбоотой өөр ноцтой асуудал байна уу. Та энэ асуудлыг анх мэдээлэхдээ ийм л зүйл ярьж, хэлж байсан шүү дээ. Үүнээс өөр мэдээлэл байхгүй гэсэн үг үү?

-“Таван толгой транс” компанийн санхүүгийн баримтыг шалгах гэхээр үерт урссан гэдэг тайлбарыг өгсөн байна. Монголын ард түмнийг нэг компани ингэж доромжилж болохгүй. Тиймээс хууль хяналтын байгууллага хуулиа сахиулж ажиллах ёстой. Орон нутгийн жижиг Таван толгой бүтэн зургаан жил уулын ажлын төлөвлөгөөгүй явсан байна. Холбогдох газрууд нь яагаад үүнд хяналт тавиагүй юм бэ гэх мэт ээдрээтэй олон асуулт төрийн албанд байгаа юм. Орон нутгийн Таван толгойн 268.3 мянган тонн нүүрс боловч эх үүсвэргүй гарсан 390 мянган тонн нүүрс алга болсон байна. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтооно.

-Удирдлагуудыг нь АТГ-т өгөөд шалгуулахаар болсон шүү дээ. Ямар нэгэн хариу ирсэн үү?

-АТГ-аас хариу алга. Бүтэн таван сар хүлээлээ. АТГ хангалттай ажиллаж чадахгүй байна. Тэд муу ажиллаж байна гэж миний зүгээс үзэж байгаа. Мөрдөн байцаалт хийж байгаа бол би хөндлөнгөөс орох эрх байхгүй. Гэхдээ надад явцын мэдээллийг өгөх боломжтой.

-Та орон нутгийн жижиг Таван толгойд санаархсан ямар нэгэн үйлдэл байна уу. Үүний цаана ямар нэгэн эрх ашиг байгаа  юу?

-Байхгүй. Л.Энхболд гэдэг хүний ямар нэгэн эрх ашиг энд байхгүй. Надад орон нутгийн Таван толгойг хүчгүйдүүлэх, ашигтай ажиллаж байгааг зогсоох, өр төлбөр, өшөө хонзон санасан зүйл байхгүй. Шалгалт оруулахад 268.3 мянган тонн нүүрстэй холбоотой ямар ч санхүүгийн баримт  энэ тэр байхгүй байгаа юм. 331 тэрбум төгрөгийн хөрс хуулалтын ажлыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр  төлбөр тооцоог нь хийсэн баримт гарсан  гэх мэт харамсалтай өчнөөн мэдээлэл  бий.

-Алга болсон нүүрсний зөрүү  яагаад их байгаа юм бэ?

-268.3, 340 мянган тонн гэсэн ойлголт бий. Хоёр аж ахуйн нэгжээс ажлаад “Эрдэнэс Таван толгой” компанийн тусгай зөвшөөрлөөс алга болжээ гэж тогтоосон. Энэ миний анх гаргаж ирсэн баримт. Мэргэжлийн хяналтын газраас сая ажлын хэсэг гаргаад, 340 мянган тонн нүүрс гаргажээ гэсэн. Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гэх мэт хэд хэдэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. “Таван толгой транс” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ 70 хувь, хөрөнгө оруулагч талын захирал Д.Даваадорж 20 хувь гэсэн байгаа юм. Энэ талаар гарсан дүгнэлтийг Засгийн газраар авч хэлэлцсэн.  Энэ дүгнэлт нь тэмдэглэлээс гарсан байна. Энд гарсан бүх зөрчлийг арилгуулахаар холбогдох сайдуудад үүрэг өгсөн байна билээ.

-Таныг Д.Бат-Эрдэнэтэй уулзсан  гэдэг мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Уулзаагүй.

-Та бүхний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулахаар хүсэлт гаргаж, УИХ-ын даргад өгсөн. Ээлжит чуулган зарлахгүй байгаагийн шалтгаан юу юм бэ?

-УИХ-ын 26 гишүүн санал нэгдэж, М.Энхболдод хүсэлт гаргасан. Нийгмийг бухимдуулаад байгаа олон асуудалд цэг тавъя, шийдье гэсэн боловч одоо хэр нь хурлын товоо зарлаагүй байна. Үндсэн хуулиар ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдийн 1/3  нь санал гаргасан тохиолдолд хуралдах боломжтой. Миний хувьд хурал зарлах байх гээд хүлээж байна.

-Ээлжит бус чуулганаар ЗТХ-ийн сайдын асуудлыг яаралтай шийдэхгүй бол толгой яамдын нэг нь эзэнгүй байна шүү дээ гэсэн шүүмжлэл  байна?

-Засгийн газрын хуралдаанаар дэд сайдыг томилсон. Шадар сайд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тиймээс эзгүй гэж хэлж болохгүй.

-Сайдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар хэлэлцээд УИХ-аар оруулна гэсэн. Нам дотор хэд хэдэн хүний нэрийг ярьсан байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Би Удирдах зөвлөлд бай­даг­гүй. Тиймээс энэ  шийдвэрийн талаар  мэдээлэлгүй байна. Бүлгийн хурлаар ярилц­вал тодорхой болох байх.

Б.ПҮРЭВЖАВ 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn