Бат-эрдэнэ.Ж У.Хүрэлсүх 2018.08.31 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Засгийн газраас МЭДЭГДЭЛ гаргав

Засгийн газраас МЭДЭГДЭЛ гаргав

Монгол Улсын Засгийн газрыг Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэж олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээллийг “Зууны мэдээ” сонин удаа дараа зориудаар нийтлэн гаргаж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

2018 оны 8 дугаар сарын 9, 12-нд Зам, тээврийн хөгжлийн яамны зарим албан хаагчид нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, төмөр замын осол гарсантай холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Тус хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдад хариуцлага хүлээлгэхийг холбогдох албан тушаалтанд, төрийн захиргааны бүх шатны байгууллагад төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга батыг чанд сахиж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон.

Түүнчлэн, дээрх асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаар тогтоолоор Б.Цогтгэрэлийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын, 247 дугаар тогтоолоор Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн.

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ“ гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа болно.

Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшилцөх албан бичигт хариу ирүүлээгүй байгаа бөгөөд хариу ирсэн даруйд уг асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нь цаашид тус яамыг өөрийн биеэр тэргүүлэн ажиллах нь ёс зүйгүй тул сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь Улсын Их Хурлаас эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг Засгийн газрын өөр гишүүнд хариуцуулж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүсч өргөдөл гаргасан.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад хариуцуулах тухай 2018 оны 138 дугаар захирамж гаргасан болно.

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn