Ц.Цогзолмаа: Шинээр баригдах хороолол бүрт 141 дүгээр сургуулийн чанар, стандарттай ижил сургууль бариулахын төлөө ажиллана
2018.09.03

Ц.Цогзолмаа: Шинээр баригдах хороолол бүрт 141 дүгээр сургуулийн чанар, стандарттай ижил сургууль бариулахын төлөө ажиллана

Мөнгөн хонхны дуу цангинаж, эрдмийн их өргөө ирээдүйд эх орноо хөгжилд хөтлөх хүүхэд багачуудаа хүлээн авч, хичээлийн шинэ жил эхэллээ.

Өнгө, өнгөөр алаглах цэцэг барин ангийн багшаа зорих сурагчид, найз нөхөдтэйгээ гүйлдэх хөөрхөн охид, хөвгүүд, сургуулийн босго анхлан алхаж буй биенээ гайхан харах зургаан настнууд Монгол Улсын ирээдүй. Жил бүрийн намар, есдүгээр сарын 1 хэмээх энэ л өдрийг улс даяараа баяр жаргалаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хичээлийн шинэ жилээ угтан золгож, аз жаргал, хүүхдийн инээд цалгисан энэ өдөр гурван сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцсон юм. Тодруулбал, Яармагт байрлах “Шинэ Монгол Харумафүжи”, нийслэлийн 141 болон Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн нээлтэнд тус тус оролцов. Он цагийн аясаар айлчлан ирж буй 2018-2019 оны шинэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 814 сургууль сурагч, хүүхдүүдээ хүлээн авахаар болсон билээ. Нийтдээ 597.2 мянган суралцагч эрдмийн далайд аялж, мэдлэгээ өргөжүүлж, оюуны цар хүрээгээ нэмэгдүүлэх юм байна.

Япон боловсрол олгох “Шинэ Монгол Харумафүжи” сургууль

Хуваарь ёсоор хамгийн түрүүнд Яармагт байрлах “Шинэ Монгол Харумафүжи” цогцолбор сургуулийн нээлтэнд очсон юм. Тус сургууль нь шинэчлэгдэн, шинээр ашиглалтад орж байгаа бөгөөд арлын Япон улсын дэмжлэгтэйгээр барьж байгуулагдсан байна.  Шинэ сургуулийн нээлтэнд салбар хариуцсан сайдаас гадна Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, арлын улсын мэргэжлийн бөхийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, нэгэн цагт мэргэжлийн сүмогийн дэвжээнээ нэрээ дуурсгаж явсан Д.Дагвадорж, Япон улсаас Монгол Улсад суух элчин сайд Масато Такаока болон хүндэт зочид ирсэн юм.

Энэхүү сургууль баригдаж бий болсноор олон давуу талтай бөгөөд сурагч бүр тухайн орны хэл, соёл, ёс заншил, боловсролыг эзэмших боломж бүрдэж байгааг Ц.Цогзолмаа сайд онцолж, суралцагчдад хандан онц, сайн сурч, эх орноо хөгжүүлэх мэдлэг боловсрол олж авахыг ерөөлөө. Түүнээс гадна Монгол Улсын боловсролын салбарт Япон улс хөрөнгө оруулж байгаад талархал илэрхийлэв.

Япон улсаас Монгол Улсад суух элчин сайд Масато Такаока “Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрдмийн их аянд зорих энэ өдөр, шинэ сургуулийн нээлтэнд орлцож байгаадаа туйлын их таатай байна. Энэхүү сургууль нь Харумафүжигийн хүсэл, мөрөөдлөөр баригдаж байгаа учир сурагчид нь Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны найрамдалт харилцаа улам өргөжиж, боловсрол соёлын харилцаа улам өргөжих болно” гэж хэлээд хичээлийн шинэ жилд амжилт хүслээ.

Сургуулийн захирал Ж.Галбадрах

“Мэргэжлийн сүмо бөхийн залуу аварга Харумафүжи Бямбадорж сургуулийг шинэчлэн барих, боловсролын салбарт хөрөнгө оруулалт оруулах, хамтран ажиллах гайхалтай сайхан санал тавьсан. Үүнийг нь хүлээн авч хэрэгжүүлснээр өнөөдөр олон улсын жишигт нийцэх томоохон сургууль сүндэрлэлээ. Аваргатайгаа хамт энэ сургуулиа тултал нь хөгжүүлж, жишиг болох хэмжээнд байгуулна. Энэ сургуулийг төгссөн хүүхдүүд ирээдүйд Монгол Улсын хөгжлийн ачааг нуруундаа үүрэх боловсон хүчин байх болно гэдэгт илгэлтэй байгаа” гэж хэлсэн юм. Харин Харумафүжи Д.Бямбадорж улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхэд багачуудаа мэдлэг боловсролтой болгохын төлөө өөрийн хувь нэмрийг оруулж байгаагаа илэрхийллээ. Мөн өөрийн зүгээс ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа, өрөө бага ч болов төлж буй ажил гэдгийг онцолсон.

Улсдаа жишиг тогтоох 141 дүгээр сургууль үүдээ нээж, өрхөө татлаа

Салбар яамны зүгээс хийж буй томоохон ажлын нэг бол яах аргагүй шинээр сургууль, цэцэрлэг барьж байгуулах асуудал. Өнгөрөгч сарын сүүлээр Нарны хороололд шинээр баригдсан 141 дүгээр сургууль хичээлийн шинэ жилээ угтан авч, мөнгөн хонхны цангинах дуутайгаар эрдмийн өргөөний үүдээ нээлээ. Эрдмийн аянд зорьсон хүүхэд багачуудын баяр хөөр цалгих өрөө танхим, сандал ширээ эздээ хүлээн байв. Уг сургуулийг хүлээн авах ажил чамгүй хүлээгдсэн бөгөөд Засгийн газар, БСШУСЯ, аж ахуйн нэгж хооронд хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдсэнээр шинэхэн өргөө сурагчдаа ийнхүү өлгийдөн авч байгаа юм.

Нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авч хичээллэх боломжтой, улсын сургууль дотроо хамгийн томд тооцогдох тус сургуулийн барилга нь хүүхдийн сурах орчныг иж бүрэн бүрдүүлсэн аж. Сургуулийн багш, ажилчдыг түргэн хугацаанд бүрдүүлсэн бөгөөд мэргэжлийн зэрэг, туршлагатай, ур чадвартай хүмүүс ажиллахаар болсныг нээлтийн үеэр эцэг, эхчүүдэд сонордуулсан.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Цаашид баригдах хороолол бүрт ийм жишиг, стандарттай сургууль бариулахын төлөө ажиллана

-Ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах таатай орчин бүрдсэн шинэ сургуулийн хичээлийн шинэ жил, мөнгөн хонхны анхны дуу цангинах нээлтэнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энд хуран цугласан эцэг эх, багш нар, зочид, шинэ сургуулийн эзэд болсон сурагчид та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэнд хүргэе ээ. Монгол хүн бүрийн, гэр бүлийн аз жаргал, улс орны ирээдүй бол хүүхэд багачуул билээ. Тиймээс эрүүл энх өсөн торниулж, мэдлэгтэй, зөв төлөвшилтэй иргэн болгон хүмүүжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа боловсролын салбарын эрхэм зорилго юм. Энэхүү сургуулийг улсын болгох шийдвэррийг Засгийн газар, БСШУСЯ гаргаснаас гадна лаборатори сургууль болгохоор шийдвэрлэснийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Ингэснээр сурагчдын хичээлийн ачаалал нэмэгдэх ч гадаад хэл, мэдээллийн технологийн өргөн мэдлэгтэй болох орчин бүрдэж байгаа. Тиймээс сурагчид маань сурахын төлөө эрмэлзэн, хичээл зүтгэлтэй, мэдлэг боловсролтой иргэн болохын төлөө сайн суралцаарай. Энэхүү сургууль нь хороолол дунд баригдаж байгаа жишиг болохуйц, чанарын өндөр стандарттай сургууль. Цаашид баригдах хороолол бүрд ийм жишиг, стандарттай сургууль бариулахын төлөө ажиллана. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

УИХ-ын гишүүн А.Ундараа: Сургуулийг улсад хүлээн авах ажлыг манлайлан ажилласан Ц.Цогзолмаа сайдад талархал илэрхийлье

-Эрдмийн далайд аялахаар хуран цугласан хүүхэд багчууд, нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, хүндэт зочид, төлөөлөгчид, Нарны хорооллын оршин суугчид та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Стэнфордын их сургуульд багшилж байсан үеийнхээ нооргийг хэлэх үгнийхээ гол ишлэл болгохоор бэлтгэсэн юм. Нарны хороололд шинээр сүндэрлэн боссон 141 дүгээр сургуулийн сургалтын чанар дэлхийн жишигт хүрэх хэмжээний, Стэнфорд болон дэлхийн хэмжээний, шилдэг сургуулиудад элсэн орогчдыг бэлтгэн гаргаадаг, чанартай сургалттай ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, улсдаа тэргүүлэх, жишиг сургууль болоосой гэсэн бэлэг дэмбэрлийг бодож байна. Иргэн хүн болгон өөрийн хариуцлагаа ухамсарлаж, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, хоёргүй сэтгэлээр хандах ёстой. Дэлхийн жишигт нийцсэн ийм хэмжээний сургуулийг босгоход чамгүй их хөрөнгө, хүч шаардсан ажил. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа өнөө үед улс төсвийн хөрөнгөөрөө барилгыг хүлээн авах тийм ч амар байгаагүйг хэлэх хэрэгтэй болов уу. Энэхүү сургуулийг хүлээн авах ажлыг манлайлан ажилласан хамт олон, тэр дундаа Ц.Цогзолмаа сайдын дайчин чанар, манлайлалд нийт оршин суугч, сурагчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Шинэ сургууль шилдэг болохын тулд багш, сурагч, эцэг эх гэсэн гурвалсан холбоотой, түншлэлийн хэлбэрээр явбал тэргүүний, дэлхийд өрсөлдөх сургалттай болж чадна. Тиймээс дан ганц мэдлэг олгоод зогсохгүй зөв хүн болгон хүмүүжүүлэх нь чухал юм.

Монгол Улсын гавьяат багш н.Дүгэрсүрэн:

-Энэхүү сургууль баригдах асуудал хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бол өнөөдөр алдрай бяцхан хүүхдүүд, ахлах, дунд ангийн сурагчдаа хүлээн авч, хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Сурагчид, багш нар гээд бүх зүйл нь шинэ, олон улсын жишигт нийцэх хэмжээний сайхан сургууль юм. 141 дүгээр сургуулийг улсын болгох ажлыг удирдан зохион байгуулсан бүх хүмүүст, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад баярласнаа илэрхийье. Өнөөдөр тэтгэвэрт гарсан хэдий ч энэхүү шинэ сургууль зөвлөхөөр ажиллах эрхэм хүндтэй үүрэг хүлээж байгаадаа талархаж байна. Цаашид чанартай сургалт, сурах орчныг таатай болгох гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэснээр улсдаа тэргүүлэх, ирээдүйд дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэнэ. Үүний төлөө зорин ажиллах хэрэгтэй.

Ийнхүү бас нэгэн боловсролын үйлчилгээ үзүүлэх томоохон айл өрхөө татаж, үүдээ нээлээ. Цаашид чанартай боловсрол олгох асуудалд анхаарч, ирээдүй болсон хүүхэд багачуудыг зөв хүн болгон төлөвшүүлэх их ажилд ханцуй шамлан орж байна.

Сурагчдыг хөгжүүлэх бүтээлч багштай Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрэн дунд  боловсрол эзэмшсэн хоёрдугаар сургуулийн нээлтэнд оролцов. Ерөнхий сайд шинэ хичээлийн жилийн нээлтэнд оролцох байсан ч албан ажлын улмаас хүрэлцэн очих боломжгүй болсон тул салбар хариуцсан сайд болон бие төлөөлөгчөөр зөвлөх нь ирсэн байлаа. Тус сургууль нь “Хүүхэд бүрийн хөгжил төлөвшлийн ахицыг тооцон, сургалтын үйл ажиллагаанд арга зүйн шинэчлэл хийж ажиллана” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургалтын чанараа сайжруулж, багш нараа чадавхижуулан, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг сургуулийн захирал Л.Цэнгэлмаа онцлон хэллээ. Мөн сурагчид маань хөгжиж, амжилттай суралцах түлхүүр хүчин зүйл нь бүтээлч багш байдаг учраас цаашдын хөгжил, амжилт ч боловсролын төвшингөөс илүүтэйгээр бүтээлч багш, хамт олны боловсролын шинэчлэлд оршино хэмээсэн юм. Нээлтийн дараа БСШУС-ын сайд ахлах бүлгийн сурагчидтай уулзаж, хэрхэн зөв хүн болох, өөрийгөө сурч мэдэхэд хэрхэн зориулж, амьдралд яаж бэлтгэх ёстой талаар ярилцлаа.

Салбарын сайд Ц.Цогзолмаа

“Эрдэм мэдлэг олж авах нь та бүхний эрхэм зорилго байх ёстой. Аливаа хүн өөрийгөө дайчилж, зөв зохион байгуулалттай байж чадвал ирээдүй гэрэлтэх болно. Залхуурал бол хүний хамгийн том дайсан. Чөлөөт цаг гарвал тоглож наадахаас илүүтэй сурч мэдэхэд тодорхой хугацааг зориулж байх нь зүйтэй. Магадгүй чөлөөт цагаараа хоёр англи үг, номын нэг хуудас уншвал ирээдүйд хэрэг болно гэсэн үг. Өөртөө шаардлага тавьж, залуу насаа сурч мэдэхэд зориулснаар ирээдүй чинь гэрэлтэй байж чадна. Иймээс залхуурахгүйгээр, би хийх ёстой, чадах ёстой гэдэг хүсэл, эрмэлзлэлээр аливаа зүйлд хандаж байгаарай” гэж хэллээ. 

Ийнхүү  Монгол Улсын хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын том баяр, их бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг дагуулсан хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарч сурч мэдэх хүсэлд тэмүүлсэн хүүхэд багачууд эрдмийн их өргөөндөө цуглалаа.