УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 146 дугаар цэцэрлэгт шатрын клуб нээлээ
2018.09.04

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 146 дугаар цэцэрлэгт шатрын клуб нээлээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клуб нээлээ.

“Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Улс орны хөгжил иргэдийн боловсролтой шууд хамааралтай. Боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд цэцэрлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өнөөдөр бяцхан үрсийнхээ ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж, шатрын клуб нээж байна.

Одоогоор “Ногоон бэрс” клубээ гурван цэцэрлэг, нэг сургуульд нээсэн. Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд их талархаж хүлээн авч байгаад баяртай байна. Цаашдаа ч олон сургууль, цэцэрлэгт шатрын клуб нээх төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шатрын спортыг дэмжиж, иргэдийн хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд жил бүрийн хавар, намарт өсвөр, насанд хүрэгчдийн ангиллаар “Ногоон бэрс” шатрын тэмцээн зохион байгуулдаг аж.