Байгалмаа.Ц 2017.01.26 | Ub.life

Ц.Байгалмаа: Улаанбаатар бол ТОМ ХОТ. Тэр хэрээрээ том СОРИЛТ БАС БОЛОМЖ бий

Ц.Байгалмаа: Улаанбаатар бол ТОМ ХОТ. Тэр хэрээрээ том СОРИЛТ БАС БОЛОМЖ бий

НИТХ-ын mөлөөлөгч , МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаатай ярилцлаа. Инженерийн шинжлэх ухааны доктор, Харвардын судлаач багшаар ажиллаж байсан тэрбээр одоо ажил амьдралынхаа нэгэн шинэ цэгт ирж, Улаанбаатар хотыг “Аз жаргалтай хот” болгох зорилго тавин, НИТХ-д сууж байна. Бидний ярилцлага түүний болоод энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн анхны дэлгэрэнгүй ярилцлага гэдгээрээ онцлог байсан юм.

-“Харвард”-ын Ц.Байгалмаа одоо НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа болжээ. Шинэ албанд очсоноос хойших анхны дэлгэрэнгүй ярилцлага энэ болох болов уу. Та шинэ албандаа хэр төвхнөж байна вэ?

-Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болоод яг хагас жил боллоо. Ерөнхийдөө ажил жигдрээд явж байна. Энэ хугацаанд НИТХ зургаан удаа чуулганаа хийж, багагүй ажил амжуулсан. Тухайлбал, Нийслэл хотын 2016 оны төсвийн тодотгол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон  2017 оны төсөв болоод газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төлөвлөгөө зэрэг томоохон төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ бол их ажлын өмнөх төлөвлөлт, бэлтгэл гэсэн үг. Одоо энэ бүхнийг бодит ажил хэрэг болгох гээд хичээж байна даа. 

-Энэ албанд та анх удаа ирсэн. Зорилго, төлөвлөсөн зүйлсээ ажил хэрэг болгоод явахад хэр их саад бэрхшээл учирч байна вэ?

-Бид “Аз жаргалтай хот” хэмээх консепцыг дэвшүүлээд ажиллаж байна. Аз жаргалтай нийслэл хотыг шидэт дохиураар бүтээхгүй. Тийм болохоор бид төлөвлөлт дээр нэлээд нухацтай ажилласан. Монголын хүн амын тал хувь нь амьдардаг, улсын эдийн засгийн 70 орчим хувь нь төвлөрсөн гэж үзвэл Улаанбаатар “том” хот. Тэр хэрээрээ том боломжууд бий гэж боддог. Дагах асуудал, бэрхшээл ч үүнээс үүдээд олон. Харин ийм их нөөц боломжтой орны сая гаруй иргэний амьдралыг хангалуун, санаа зовох зүйлгүй болгож, хөгжүүлэх угтаа тийм ч хэцүү ажил бас биш.

-Та хамгийн сүүлд тойрогтоо хэзээ очив?

-Би өөрөө тойргийнхоо яг дунд амьдардаг. Өдөр бүр тойргийнхоо дэлгүүрээр үйлчлүүлж, тойргийнхоо цэцэрлэг сургуульд хүүхдүүдээ хүргэж өгч байна. Ажлын хувьд харьяа байгууллагууд, цэцэрлэг сургуулиуд руу байнга очиж ажиллаж байна. Төсөв батлахын өмнө гэхэд тийш очиж, асуудлуудыг нь сонсож, хуралд санал оруулах боломж төлөөлөгч хүнд байдаг. Үүнээс гадна манай тойргийн сонгогчид надтай үргэлж фэйсбүүкээр тогтмол харилцдаг л даа. Тэр бүрт боломжоороо хариу өгч, яаралтай асуудлыг тухай бүрт шийдэхийг хичээдэг.

-Иргэдийн хувьд сонгосон хүмүүсээсээ их юм хүлээдэг. Ихэвчлэн тэр нь санаанд нь хүрэхгүй бол дайрч давшлах нь их. Та сонгогдсон төлөөлөгчийн хувьд иргэн хүнээс юу хүсэх вэ?

-Хот бол та бидний гэр орон. Гэр хорооллын гудамжинд хүүхэд халтирч гэмтэхэд, орон сууцанд хогоо ил задгай хаясан байлаа гэхэд тэрийг өөртөө тусгаж, ойрхон хүлээж авах хэрэгтэй. Тухай бүрт нь би юу чадах вэ, хаана хандах вэ гэдгээ мэддэг, мэдээллэдэг байх ёстой.

Иргэд ямар асуудлыг хэн хариуцдаг вэ гэдгийг сайн мэддэггүй болох нь анзаарагдсан. Ерөнхийдөө иргэдийг энэ талын мэдээллээр хангах нь миний дараагийн дөрвөн жилийн ажлын нэг хэсэг байх болно. Харин манай хорооныхон бол харьцангуй мэдээлэл сайтай. Жишээ нь хоорондоо фэйсбүүк групп үүсгэж, СӨХ-д шаардлага тавих зэргээр зохион байгуулалтад орж ажилладаг.

-НИТХ-д МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тийм учраас нэг бодол, нэг үзэл санаагаар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явахад саад багатай байгаа болов уу. Сонгуулиас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ зуур та болон танай багийн хийсэн хамгийн том, чухал ажил юу байв?

-Өнгөрсөн сонгуулиар ард түмэн бидэнд маш том итгэл хүлээлгэсэн. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь МАН-ын гишүүн гэдэг бол том үзүүлэлт. Одоо харин бидний “том үзүүлэлт” гаргах, итгэлийн хариуг ажил, үйлсээр барих цаг. Би болоод багийн гишүүд маань үүнийг маш сайн ойлгож байгаа.

Бид Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны төсвөө батлахдаа нийслэлийн иргэдийн санал хүсэлтийг тусгуулахад голлон анхаарсан. Хэдий төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа боловч бидэнд мөнгөгүй гээд хойш суух эрх байхгүй. Харин ч хэрхэн ухаалаг байж, зөв оновчтой ажилд хөрөнгө оруулах вэ гэдэг чухал болсон. Энэ жил нийгмийн салбарт 19 тэрбум, тэр дундаа боловсролын салбарт 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь 11 сургууль, цэцэрлэг шинээр баригдах юм. Утааг бууруулах ухаалаг шийдвэр гаргахад бид тал талдаа хичээж байгаа. Багагүй хэмжээний мөнгө төсөвлөсөн.

-Нийслэлийн өвөл асуудлаар дүүрэн. Утаа, түгжрэл, хальтиргаа гулгаанаас  эхлээд маш олон асуудал зэрэг хөндөгддөг. Тэгсээр хавар цас хайлж, утаа шингэрч, хүмүүсийн урсгал номхрох хүртэл хэрэлдэж, хэлэлцсээр шийдсэн тодорхой зүйл, үр дүн багатай дараачийн улиралтай золгосоор дасчээ. Энэ байдал МАН олонх болсон НИТХ-ын үед хэр урагштай шийдэгдэх вэ?

-Үе үеийн нийслэлийн удирдлага дээрх асуудлуудыг, тэр дундаа агаарын бохирдлын асуудлыг шийдэхээр ажиллаж ирсэн. Үүнд алдаа ч бий, оносон зүйл ч бий. Тиймээс бид дан ганц алдааг олж хараад өмнөхөө шүүмжилснээр эсвэл, хэдэн тал болж талцан хуваагдсанаар зөвхөн цаг хугацаа л алдана. Яагаад гэвэл бидний асуудал нэг шүү дээ. Монгол хүн бүрийн дайсан гэсэн нэгдсэн ойлголттойгоор дайснаа дарахаар хамтдаа ажиллах ёстой гэж бодож байна.

Эцэг эхчүүд нэгдэж, иргэд шаардлага тавьж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ нэг зүйлийг бид өөр хоорондоо ойлголцох хэрэгтэй. Нэг далайлтаар өөрөөр хэлбэл нэг төлөвлөгөөгөөр утааг шийдэж чадахгүй. Бид ухаалаг ажиллах ёстой. Жишээ нь, нийт утааны 80 хувийг үйлдвэрлэж байгаа гэр хорооллын айлуудын янданг буулгаад, нүүрс зарахыг болиулаад утааг шийдэж чадахгүй шүү дээ. Алсдаа бид гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй, тэр хүртэл утаагүй халаалтын системийн хэрэглээг нэмэх, төвийн дулаанд холбогдсон мөртлөө дулааны алдагдал ихтэйн улмаас цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлдэг хуучны орон сууцуудыг дулаалах, нийт утааны зургаан хувийг гаргадаг автомашины түлшний стандартыг дээшлүүлэх бодлого гэх мэт тухайн газар бүрт нь тохирсон өөр төлөвлөгөөгөөр системтэй ажиллах ёстой.

-Иргэд нийгмийн сүлжээнд идэвхтэй байхын хэрээр хотын удирдлагуудыг шүүмжлэх өнгө аяс зарим талаар хяналтаас гарчих гээд байдаг болж. Энэ бүхнийг юу гэж хүлээж авдаг вэ, иргэдийн санал гомдлыг ажилдаа хэрхэн тусгадаг вэ?

-Иргэдийн бухимдал, санал гомдлыг сошиалаар ч бай, ямар ч сувгаар хүлээж авах үүрэг нь төлөөлөгч биднийх шүү дээ. Тэгээд ч ажлаа аваад жил ч болоогүй байхад шүүмжиллээ гэж би гомдоллохгүй. Харин ч шүүмжлэх нь зөв. Иргэдийн шүүмжлэл бол бидэнд ташуур өгч байгаа хэрэг. Тиймээс шүүмжлүүлж, эрчтэй явах нь харин ч сайн. Асуудлыг хүлээж авах мэлмийтэй байх хэрэгтэй.

-Энэ сонгуулиар бүрэлдсэн НИТХ таны харж буйгаар хэр хүчтэй баг вэ?

-Хүчтэй, хүчгүй гэж харах нь харьцангуй ойлголт юм. Гэхдээ иргэд хамгийн мэргэн сонголтыг хийсэн гэж бодож байна. Иргэд бидэнд итгэл хүлээлгэсэн, тэрхүү итгэлийг нь дааж ажиллах болно оо л гэж бодож байна. Олонх нь анх удаа НИТХ-д ажиллаж буй хүмүүс. Мэдээж хамгийн түрүүнд бид нийслэлийн ажил өнгөрсөн хугацаанд яаж урагшилж ирсэнтэй танилцах хэрэг гарсан.Шинэ албанд томилогдсон хүн учраас ажилд шүүмжлэлт өнцгөөс хандаж үзсэн. Ингэхдээ урьд нь ажиллаж байсан хүмүүсийг сэрдэх биш, төрийн албаны тогтолцоо ямар байгаад илүү анхаарал хандуулсан. Манай төрийн аппаратын бүтэц, ажиллах тогтолцоо нь жаахан доголдолтойг ойлгосон.

Энэ удаагийн НИТХ-д сонгогдсон төлөөлөгч нараа харж байхад ихэнх нь өөр өөрийн салбарыг манлайлж, улс орон нийслэлийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн хүмүүс байгаа. Бизнесийн салбар, боловсрол, улстөр нийгмийн салбарт аль хэдийнэ байр сууриа олсон мэдлэг боловсрол, ажлын туршлагатай төлөөлөгч нар маань цаашид хамтраад нийслэл хотоо хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Э.Бат-Үүл даргатай өмнөх багийн ажилд та ямар дүн тавьсан бэ?

-Өмнөх засгийн үед хотын ажил нэлээн сайжирсан гэж хүмүүс үздэг юм билээ. Харин би бол хотын ажил явдгаараа л явж иржээ гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Тэд ажил гэхээс илүүтэй пи-араа сайн хийсэн гэдгийг онцолмоор байна. Хийнэ гэж бодсон ажлаа  хийхээсээ өмнө зарлачихдаг юм байна л даа.

Нэгэнт зарлаж, ам гарсан ажлаа хурдан хугацаанд хийхдээ анхаарсан болохоос биш тооцоо судалгаа, үр дүнг нарийн тооцоогүй нь анзаарагдсан. Ингээд долоо хэмжиж, нэг огтлолгүйгээр түргэн хийх гэж оролдсон ажлуудыг одоо тооцож үзвэл ямар ч төлөвлөгөөгүй, хэрэгцээтэй газраа очоогүй, өр шир нь хэтийдсэн, үр дүн муутай болжээ гэсэн сэтгэгдэл төрсөн шүү.

Гэтэл энэ хугацаанд иргэдийн шаардлага  улам өндөр болжээ. Хийсэн, хийгээгүй ажлаа хэчнээн пи-ардсан ч хүмүүс түүнийг ялгаж салгаж, сонголтоо хийдэг болсон байна. Хэлбэр бус агуулга чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Гүйцэтгэлээ сайн хийх ёстой юм байна, ингэхийн тулд төлөвлөлтөө сайн хийх ёстой гэдэг л бодол төрсөн.

-Сүүлийн найман жилийн дотор Монгол улс мөнгөтэй ч байж үзлээ, мөнгөгүй ч болж үзлээ. Гэхдээ хотын хөгжил иргэдийн хүссэн шиг явсангүй. Тэгэхээр асуудлын гол юу байв?

-Бодлого, төлөвлөлтийн явцад алдаа гарчээ. Ажлууд хоорондоо уялдаа холбоотой, хүртээмж жигд байх ёстой гэж би боддог. Нэг төлөвлөгөөгөөр Улаанбаатарын ажлыг явуулна гэж байхгүй. Энэ бол маш том хот. Орон сууцанд амьдрагчдын асуудал гэж байна. Дэд бүтцийн асуудал гэж байна. Гэр хорооллын асуудал байна. За, иргэдийн амьжиргааны түвшнээр аваад үзэхэд бас өөр асуудлууд гарч ирнэ. Дээрээс нь Улаанбаатар Монголын эдийн засгийн 70-80 хувийг авч явдаг учраас бизнес эрхлэгчдийн асуудлууд ч их. Тиймээс тэр бүрт таарсан бодлогуудыг боловсруулах ёстой юм. Бид ингэж ажиллаж байна.

-Та НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албыг хашиж байгаа. Энэ бол том алба, нэр хүнд бөгөөд итгэл. Тэр хэрээр ажил, хариуцлага нь их байгаа биз. Үүнийг та боломж гэж харж байна уу, эсвэл дааж давахад бэрх ажил гэж хүлээж авдаг уу?

-Эрх барьж байгаа намын бүлгийн хувьд нийслэлийн өмнө тулгарч байгаа асуудлуудын улс төрийн шийдлийг бид яаж гаргахаас иргэдийн амьдрал шууд хамаарна. Тийм ч болохоор манай намын бүлэг зөв шийдвэр гаргахын тулд байнга иргэдээ сонсож, асуудалд нухацтай судалгаатай хандаж, хэлэлцэн зөв шийдвэр гаргах шаардлагатай. Үүнд бүлгийн дэд ахлагчийн үүрэг хариуцлага их бий гэж бодож байна.

Ер нь албан тушаал бол эрх мэдэл биш л дээ. Харин ч хэцүү үүрэг хариуцлага. Ялангуяа иргэдийг төлөөлж байгаа хүний нийгмийн хариуцлага өндөр байх ёстой.

-Үе үеийн НИТХ-ын гишүүд, ялангуяа эрх барьж байгаа нам үйл ажиллагаагаа явуулахад эрхзүйн орчны дутмаг байдлыг байнга шүүмжилж ирсэн. Одоо та бүхэн хотын захиргаанд олуулаа сууж байна. Та тэр бүлгийн дэд даргаар ажиллаж байгаагийн хувьд энэ бэрхшээлтэй тулгарч байна уу?

-Тийм ээ, иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлуудыг шийдэх бодлогоыг тодорхойлж, хэрэгжилтэнд нь хяналт тавих үүрэгтэй байгууллага болохын хувьд НИТХ болон хурлын төлөөлөгчдөд иргэдийн зүгээс тавих шаардлага хүлээлт өндөр байдаг. Гэтэл өнөөдөр хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэл хотын эрх зүйн байдал нь аймгуудтай адил түвшинд байна. Бид өнөөдөр иргэдийнхээ хүлээлтэнд хариулахуйц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд төсөв, санхүү, дэд бүтэц, газар гэх мэт хотын хөгжлийн амин чухал салбаруудын бодлогоо аль болох бие дааж шийддэг, тэр шийдвэртээ иргэдийн саналыг тусгаж чаддаг байх шаардлагатай.

Хотын дарга болон НИТХ-ын дарга нар  2017 оныг нийслэлийн эрхзүйн орчныг шинэчлэх жил болгон зарласан нь ийм учиртай. Хотын эрхзүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойг хэдий 22 жил өнгөрсөн. Өнөөдөр улс орнууд хотууд ямар хурдтай хөгжиж байгаа билээ. Бид бодлогын үндсэн суурь болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа хянаж шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Бид өнөөдөр засаг даргатайгаа хамтран эрх зүйн байдлыг сайжруулж шинэчлэх ажлыг хийж байна.

-Улаанбаатар хотыг хөгжлийг үеийн үед “эрэгтэй нүд”-ээр харж ирсэн. Одоо ч нэг их өөрчлөгдөөгүй. Харин эмэгтэй хүн, эмэгтэй удирдагчийн нүдээр Улаанбаатар танд ямар харагддаг вэ?

-Хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйст л хуваагддаг. Тэгэхээр ямарваа нэг асуудлыг аль аль өнцгөөс харж шийдэж байвал илүү төгс болох нь ойлгомжтой. Жишээ нь хот гээд ярихаар бид амьдрах орчин дэд бүтэц гэсэн асуудал руу ордог. Гэтэл Улаанбаатар хот маань хүүхдээ салхилуулах талбайгаас эхлээд цэцэрлэг сургуулийн хүртээмж гээд эмэгтэйчүүдийн дуу хоолойг илүү сонсоод явбал жинхэнэ утгаараа хүн лүүгээ чиглэсэн хөгжлөөр замнаж чадна гэж бодож байна.

-НИТХ бол завгүй алба. Таны эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлыг хажуугаар нь хийгээд явах боломж бараг л гарахгүй байгаа байх. “Үндсэн ажил”-аа хэр санаж байна вэ?

-Үнэнээ хэлэхэд санаж байна. Судлаач, шинжээчийн ажлыг удаан хугацаагаар хийсэн болоод ч тэр үү би аливаа асуудалд хандахдаа  баримт судалгаанд суурилж шийдвэр гаргах гээд байдаг талтай. Одоо хийж байгаа ажлын хүрээнд хотын амьдралтай холбоотой янз судалгааны тоо баримттай танилцахаар улам бүр лавшруулж учир шалтгааныг нь тодруулах гээд байдаг талтай. Энэ нь өмнөх ажлаа санаж байгаагийн илрэл юм болов уу гэж боддог.

-Улаанбаатар хотын хамгийн сайхан, бахархмаар зүйл таныхаар юу вэ?

-Надаас та яагаад Японд амьдралгүйгээр Улаанбаатарт ирэхээр шийдсэн бэ гэж олон хүн асуудаг. Хариу нь гэвэл би энд л илүү эрч хүчтэй, хурдан хэмнэлтэй, сонирхолтой амьдарч чаддаг гэдгээ мэдэрдэг. Улаанбаатарын энэ түргэн хэмнэл намайг сэргэг, эрч хүчтэй байлгадаг. 

 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn