А.Ундраа 2018.09.07 | News.mn

Тогтвортой хөгжлийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Ундраа илтгэл тавилаа

Тогтвортой хөгжлийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Ундраа илтгэл тавилаа

Зүүн хойд Азийн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилгын олон талт уулзалт, форум амжилттай болж өндөрлөлөө. Тус форумыг Үндэсний хөгжлийн газар болон УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос зохион байгуулжээ.

Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан тус форумд Япон, Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ зэрэг улс орнууд өөрсдийн орны тогтвортой хөгжлийн зорилтын явц, ололт амжилт, тулгамдаж буй сорилт, бэрхшээл зэрэг асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэв. Монгол Улс тус форумыг зохион байгуулагчийн хувьд голлох үүрэгтэй оролцлоо. УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа Монголын хэсгийн салбар хуралдааныг даргалж илтгэл тавьсан юм.

Монгол Улсад  НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд анх хэрэгжиж эхлэн өдрөөс  хойш буюу 2016 оны хоёрдугаар сард өөрийн үндэсний “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг хуульчлан баталсан. Тэр цагаас хойш Монгол Улсын Их Хурлын “Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо”, Засгийн газрын харьяа тогтвортой хөгжлийг хангах үүрэгтэй агентлаг болох “Үндэсний хөгжлийн газар”-ыг байгуулан тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн өөрийн гэсэн бүтцийг бий болгосон байна. 2018 оны эхээр Монгол улсын Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан байна. Энэ утгаараа Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үндэсний хэмжээнд хуульчлан баталсан, холбогдох институци, бүтцийг бий болгосон орнуудын эхэнд бичигдэж байна.

2019 оны зургаадугаар сард НҮБ-ын өндөр түвшний улс төрийн зөвлөгөөнд Монгол Улс үндэсний сайн дурын илтгэлээ анх удаа танилцуулах юм. Зүүн хойд Азийн энэхүү хуралдаанд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга зам, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, эдгээрийг тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдуулсан байдал, мөн ололт, амжилт, сорилт бэрхшээлийг дүгнэн ярилцсан уулзалт боллоо.

Өндөр хөгжилтэй Япон улсын хувьд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын олонхыг нь хэрэгжүүлсэн байдлаараа тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрсэн гэж хэлж болохуйц  боловч зарим зорилтуудын хувьд тулгамдаж байгаа асуудлууд байсаар байна. Тухайлбал жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, улс төр болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй түвшинд байгаа нь Монгол Улсаас хойгуур бичигдэж байгааг Япон улсаас ирсэн төлөөлөгч онцолж байлаа. Энэ асуудлаар Японы Ерөнхий сайд Шинзо-Абэгийн гаргасан хөтөлбөр, санаачилгууд олон байна. Тухайлбал “Society 5:0” хөтөлбөрийг Японы засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байна. Энэ нь Аж үйлдвэрийн IV хувьсгалын дараагийн шат буюу “Нийгэм 5:0” гэсэн хувьсгал бөгөөд зөвхөн аж үйлдвэр, технологийг хөгжүүлэхээс гадна хүний хөгжил, нийгэм, байгал орчны асуудлыг онцгойлон анхаарч өргөн хүрээтэй, олон талаас хандан авч үзэх дараагийн хувьсгалын суурийг бэхжүүлэх асуудлыг Япон улс ярьж эхэлсэн байна.

БНСУ-ын хувьд тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2006 онд зөвхөн байгаль орчныг хамгаалах талаас нь хандан хууль баталсан. Монгол улсаас хойгуур бичигдэж байгаа гэж хэлж болохуйц асуудал нь БНСУ Монгол улстай харьцуулахад парламент дахь тогтвортой хөгжлийн асуудал  эрхэлсэн хороо, бүтэцгүй, хариуцсан агентлаггүй, мөн хуульчлан баталсан албан ёсны хөгжлийн үзэл баримтлал бүхий бичиг баримт байхгүй бөгөөд энэ нь БНСУ тогтвортой хөгжлийг зөвхөн байгал орчны асуудал, эсвэл аль хэдий нь бүх зорилтуудыг биелүүлсэн гэх хандлага, ойлголт байна гэдгийг БНСУ-аас оролцож буй төлөөлөгч онцлон хэлж байлаа. Энэ бол илтгэл тавьсан орнуудын хоёр улсын жишээ юм.

Манай улс  2019 оны НҮБ-ын өндөр түвшний хуралдаанд Монгол Улсаа төлөөлөн илтгэл тавих бэлтгэл ажлыг орон даяар эхлүүлж төрийн болон иргэний, бизнесийн байгууллагууд идэвхтэй оролцож байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn