Унгар Улсын талд хүнсний аюулгүй байдал, мал эмнэлэг, газар тариалангийн салбарт хамтран ажиллах тодорхой саналууд тавилаа
2018.09.07

Унгар Улсын талд хүнсний аюулгүй байдал, мал эмнэлэг, газар тариалангийн салбарт хамтран ажиллах тодорхой саналууд тавилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Монгол-Унгар Улсын найрамдалт харилцааг бататгах, ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь уламжлалт харилцааг харилцан ашигтай хөгжүүлэх, Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын өргөтгөлийн ажлыг урагшлуулж, бодит ажил хэрэг болгох зорилгоор Унгар Улсад ажлын айлчлал хийж байна.

Зохистой дадлуудыг нэвтрүүлэхээр тохиролцов

        Айлчлалын хүрээнд Унгар Улсын Үндэсний аюулгүй байдлын газрын Ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Засгийн газар, салбар яамнаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл солилцож, уг салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж, эрчимтэй хөгжиж байгааг хоёр тал сайшаав.  

Мөн уулзалтын үеэр талууд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хүрээнд тус байгууллагын арвин туршлагад тулгуурлан Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хөдөө аж ахуйн зохистой дадал /GAP/, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт Үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/, хүнсний салбарт Эрүүл ахуйн зохистой дадал /GHP/-ыг тус тус нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

        Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторид шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, бэхжүүлж хөгжүүлэх, лабораторийн ажилтнуудыг Унгар Улсад сургаж бэлтгэх санал тавьсныг нааштайгаар хүлээн авч, асуудлыг судалж үзэн, хамтран ажиллахаар болсон.

Мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв 

Тэрбээр Унгар Улсын Боловсон хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Паксай Томиссич Орсолайтай уулзаж, Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх цаашид хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, оюутан залуусыг түлхүү хамруулах асуудал дэвшүүлэв. Мөн Биокомбинат ТӨАТҮГ-г шинэчлэх ажилтай зэрэгцэн цаашид энэ үйлдвэрт ажиллах мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг сургахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.  

        Хоёр талын уулзалтыг үргэлжлүүлэн Унгар Улсын Хөдөө аж ахуйн сайд ноён Иштван Нади, Гадаад хэрэг, худалдааны дэд сайд ноён Мадьяр Левентэ, ЭКСИМ банкны гүйцэтгэх захирал ноён Гэргэли Жаклитай тус тус уулзаж ярилцлаа. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат ТӨАТҮГ-ийн өргөтгөлийн ажлын явцын талаар харилцан мэдээлэл солилцож, 2019 он гэхэд уг төслийн зээлийн гэрээг Монгол Улсын Сангийн яам, Унгар Улсын ЭКСИМ банк хооронд байгуулан яаралтай эхлүүлэхэд хоёр талаас хүчин чармайлт гарган тууштай ажиллахаа илэрхийлсэн юм.

Усалгаатай газар тариалан, хүнсний ногооны зоорь байгуулахад хамтарч ажиллах санал дэвшүүллээ

Монгол Улсын Засгийн газар хот суурин газрын ард иргэдийг дотооддоо тарьсан хүнсний ногоогоор тогтмол 100 хувь хангах зорилт тавин ажиллаж байгаа талаараа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дурдаад усалгаатай газар тариалангийн салбарт хамтран ажиллах, хүнсний ногооны зоорь барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх санал тавьсан. Мөн Унгар Улсын Парламентийн дэд дарга ноён Шандор Ледзактай уулзаж, хоёр орны дипломат харилцаа тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн анхаарал хандуулахыг хүслээ.

Ийнхүү Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн Унгар Улсад хийж буй албан айлчлал амжилттай үргэлжилж, хоёр орны найрсаг харилцаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт улам гүнзгийрэн тэлэх бүрэн боломжтой байгааг талууд онцлон тэмдэглэж байна.