Байгалмаа.Ц 2018.09.11 | News.mn

”ҮНЭГҮЙ БОЛОВСРОЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ”

”ҮНЭГҮЙ БОЛОВСРОЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ”

Японы үндэсний технологийн хүрээлэн төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгалмаагийн санаачилгаар Коосэнгийн суралцагчдын сургалтад ашиглах төдийгүй инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Коосэнгийн цуврал сурах бичгийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд гардуулсан юм. Дээрх сурах бичгүүдийг Японд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй Коосэн технологийн коллежууд сургалтдаа ашигладаг бөгөөд японы мэргэшсэн багш нарын сурах бичгийг монгол суралцагсдын хүртээл болгосон нь энэ юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Др. Ц.Байгалмаатай боловсролын асуудлаар цөөн хором ярилцлаа.


-Коосэнгийн цуврал сурах бичгийг яагаад орчуулахаар болсон талаар мэдээлэл өгөөч?

-Математик, хими, биологи зэрэг суурь шинжлэх ухааны онолууд инженерийн салбарт хэрхэн ашиглагддаг, улмаар инженерийн мэдлэгээ нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад яаж ашиглах зүйг монгол залуустаа таниулахыг зорилоо. Цаашлаад ирээдүйн бүтээлч, бүтээгч инженерүүдийн бэлтгэх зорилт тавьж ажиллаж байгаагийн минь нэг хэсэг энэ гэж болно. Цаашид ч хэрэглээний математик, инженерийн мэргэжлийн номуудыг монгол хэлээр орчуулж оюутан, залуустаа хүргэх болно. Ер нь Коосэнгийн сурах бичгүүдийн онцлог нь онолын ойлголтыг гүнзгий, хэрэглээний талаас нь маш ойлгомжтой жишээгээр боловсруулсан байдаг.  Бид эдгээр сурах бичгээ монголд үйл ажиллагаа явуулдаг Коосэн загварын гурван сургуулийн суралцагчдадаа үнэгүй тараах юм. Манайд сурах бичгийг цэвэр хэрэглэх, хадгалах ёстой гэсэн нэг ойлголт байдагтай би санал нийлдэггүй харин ч сурах бичгийг тухайн суралцагч хэрэглэгдэхүүн болгож, бичиж тэмдэглэж ашиглах ёстой. Энэ ч утгаараа сургуулийн номын санд нь бус оюутнуудад гарт нь өгөх юм. Тэд сургуулиа төгсөөд ажлын байранд гарсан ч энэ нь хэрэглэгдэхүүн болж байх учиртай.

-Жил ирэх тусам их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсээр байна. Энэ жил гэхэд сургалтын төлбөр тодорхой хувиар өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт  их сургуулиудыг сургалтын төлбөрөө үндэслэлгүй нэмэхийг эсэргүүцэн  оюутнууд жагслаа. Энэ асуудлыг юу гэж харсан бэ?  

-Манай оюутнууд сургуулийн төлбөрийг нэмэхдээ инфляцын түвшинтэй уялдуулах шаардлагыг тавилаа. Тэдний бичсэн уриа, самбаруудыг хараад алдаа, мадгаа илүүтэй ер нь л хэлэх, шаардах санаагаа ядаж самбарт хэрхэн байрлуулж хүргэх вэ гэдгээ ч төлөвлөөгүй нь анзаарагдсан. Боловсролын түвшин, хүний чадварыг эндээс л дүгнэчхэж болно. Боловсрол гэдэг бол амьдрах арга ухаанд суралцах үйл явц гэж би хувьдаа боддог. Үүнд хэрхэн суралцах уу гэхээр аливаа асуудлыг шийдвэрлэх, бэрхшээлээс шийдлийг нь олж хардаг, үүнийгээ ажил хэрэг болгохын тулд системтэй төлөвлөдөг, түүнийхээ дагуу гүйцэтгэдэг чадвар суулгах л явдал шүү дээ. Энэ чадварыг японд гэхэд цэцэрлэгийн насны хүүхэд байхаас л суулгаж эхэлдэг. Гэтэл манай оюутнуудад одоог хүртэл энэ чадвар үгүйлэгдэж байгаа нь өнөөгийн боловсролын чанарыг илтгэж байна.

Хэдийгээр улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр өндөр байгаа ч бид өнөөдөр зах зээлийн нийгэмд амьдарч байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Үнэ дагаж чанар гэж үг ч бий. Боловсрол бол өндөр өртгөөр олддог мэдлэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Их, дээд сургуулиуд оюутны төлбөрөөрөө үйл ажиллагааны зардлаа нөхдөг шүү дээ. Тэгэхээр сургалтын чанарыг сайжруулахын тулд төрөөс тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй. Тухайлбал, улсын сургуулиудад төлбөрийн хэмжээгээ тогтоох эрхийг нь өгөөд чанартай сургалтай явуулах шаардлага, шалгалт тавьж шахах, эсвэл огт үнэ төлбөргүй болгоод төсвөөс санхүүжүүлдэг болох гэхчлэн хувилбарууд байж болно.

-Та Японы их сургуульд боловсрол эзэмшиж, мөн тэнд олон жил багшилсны хувьд ер нь  Японы их, дээд сургуулиудын төлбөрийн систем нь яаж явагддаг вэ?

-Японд улсын сургуулиуд нь хямд талдаа. Чанарын үнэлгээгээр адилхан улсын, хувийн сургуулийг харьцуулаад үзвэл улсын сургуулийн төлбөр нь 2-3 дахин хямд байдаг. Төрөөс нь бодлогоор дэмжиж төсвөөс боловсролын салбартаа ихээхэн хөрөнгө оруулдаг. Манайд бол ЕБС-иудад төрөөс асар их мөнгө зарцуулдаг, энэ нь ч зөв. Гэхдээ эцэг, эхээс мөнгө гарахгүй байлаа гээд үнэгүй гэсэн үг биш улс энд ямар их мөнгө зарцуулж, иргэд ч цаг хугацаа, сургалтын хэрэглэгдэхүүн гээд асар их үнэ “төлж” байгаагаа ухамсарлаж үнэгүй боловсрол байдаггүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй.  Үүнийг гаднын улс орнуудад маш сайн мэддэг учраас хүний, өөрийн хүүхэд гэлтгүй сайн сурахыг шаарддаг. Яагаад гэвэл залуучуудад чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд төр нь татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа гэдгийг ойлгосон нь тэр.

Эх сурвалж: https://news.mn/r/1995651/ 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn