Владивостокт Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт эхэллээ
2018.09.11

Владивостокт Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт эхэллээ

Мягмар гариг (2018.09.11)-т Владивостокт олон улсын удирдагчдын уулзалтын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт шинэ геополитик, эдийн засгийн хамгийн ажиллагааны хөгжлийн тухай хэлэлцүүлэг эхэлсэн талаар “РИА Новости”агентлаг уламжлав. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь есдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд ОХУ-ын арал дээр, Алс Дорнодын Холбооны Их Сургуульд болж байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, “Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд гурав хоног үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад 60 гаруй орны олон мянган төлөөлөгч оролцож буй аж.

Алс дорнод бүс нутгийн хөгжил, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулагчдыг дэмжих арга хэрэгслүүд хийгээд амьдрах нөхцөлийг сайжруулах арга хэмжээнүүд зэрэг сэдвээр чуулга уулзалтад оролцогчид санал бодлоо солилцох юм байна. Чуулга уулзалтын үеэр соёл, спорт болон боловсролын хөтөлбөрүүдийг мөн зохион байгуулах ажээ.

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцож байгаа аж. Хятадын удирдагч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа оролцож буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс дагалдан яваа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана. Мөн Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийг Владивосток хотын олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизов, Приморын хязгаарын Амбан захирагчийн орлогч Д.Ф.Братыненко, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын орлогч А.И.Яковлев, Приморын хязгаарын Амбан захирагчийн тамгын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.Ю.Старичков нар угтан авчээ.

"Дорнын эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцох Ерөнхийлөгчийн айлчлал "Россия" сувгийн "Вести в субботу" нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч С.В.Брилёвт ярилцлага өгснөөр эхэлсэн байна. Өнөөдөр Ерөнхийлөгчид Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар бараалхана.

Владивостокийг зорьсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Гансүх, Т.Тэгшжаргал, Ц.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж болон бусад албаныхан багтжээ.