БОГД ХААНТ Монгол улсын АНХНЫ БАГА СУРГУУЛИЙН 100 жилийн ой тохиож байна
2018.09.12

БОГД ХААНТ Монгол улсын АНХНЫ БАГА СУРГУУЛИЙН 100 жилийн ой тохиож байна

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн бага сургуулийн түүхт 100 жилийн ой өнөөдөр болж байна. Сургуулийн ойд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан болон үе үеийн захирал, багш нар, төгсөгчид оролцож байна.

Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу Одоогийн Архангай аймгийн Ихтамир сум /хуучнаар Их тэнгэр сум/-ын нутагт Хан-Өндөрийн хийдэд үүсч байгуулагдсан түүхтэй.
Хан-Өндөрийн бага сургуулийг музей болгож байгаатай холбоотойгоор төгсөгчдийн зүгээс мөнгөн болон хуучин ажиллаж байсан захирал, багш ажилтнуудын хөрөг зургийг хандивлаж байв. Тус сургуулийг ажиллаж байх хугацаанд ашиглаж байсан хөгжмийн зэмсэг, сурагчдын дүрэмт хувцас, хүүхдүүдийн хийсэн бүтээл зэргээр үзэсгэлэн гаргасан байлаа.  
Сэцэн чин вангийн хошуу ноёд нь Их эзэн Чингис хааны 15 дахь үеийн залгамж агь Батмөнх даян хааны шууд удам угсааны Гэрзэнз Жалайр хутагт ноёны хүү Цэцэн, Цэрэн ноён, түүний хүү Цэнгүнжав 7-р хүү Лхаваандорж, асарсан хүү Баянжаргал, хүү Цэдэнбазар, Дарам ноёны 2-р хүү Наянт ван түүний 3-р агь ноён Артаасэд буюу Арди-Шид нарын үе залгамжилсан ноёд бөгөөд их эзэн хааны удам угсааныхан гэдгийг Халхын Сайн ноён хан аймгийн ван гүнгүүдийн шаштир түүхэн сурвалж бичигт байдаг. Дарам ноёны 2-р хүү Наянт ван Бээжингээс ирж, өөрийнхөө ноёны сангаас хөрөнгө мөнгө гаргаж, энэ сургуулийг 1917 онд Монгол бичгийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд 1918 онд анхныхаа төгсөлтийг хийснээр Хан-Өндөрийн бага сургууль байгуулагдсан оныг түүх бичлэгт 1918 оноор тогтоосон байна. 


Монголын төр нийгмийн зүтгэлтэн, бүх цэргийн жанжин, комиссар, корпус командлагч, аюулаас хамгаалах байгууллагын өндөр дээд албан тушаалтан, шилдэг эх орончид, багш, эмч нарын сор болсон нэр бүхий сэхээтнүүд энэ сургуульд “А” үсэг заалгаж, бичиг ном соёлын мөр хөөсөн намтар түүхтэй.
Б.Гэрэлт-Од