2018.09.14

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг бүрэн тоноглогдсон түргэн, тусламжийн авто машинтай боллоо

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баянхонгор сумын Цагаан чулуут тавдугаар багт ХАМТДАА өдөрлөгөө хийлээ.

Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүүлийн үеийн загварын бүрэн тоноглогдсон түргэн, тусламжийн авто машиныг хүлээлгэн өглөө.

Энэхүү авто машин нь шаардлагатай үед зам зуур мэс ажилбар хийх боломжтой, агаар ариутгах кварц зэрэг бүх л төхөөрөмжийг багтаасан иж бүрэн тоноглогдсон, Япон улсад үйлдвэрлэсэн юм.

Яаралтай түргэн тусламжийн автомашины асуудал тус эмнэлэгт нэн шаардлагатай тулгамдсан асуудал болоод байсан юм. Аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн түргэний машинууд яаралтай дуудлага, тусламжинд хүрэлцдэггүй, мөн өвчтөнийг тээвэрлэж явахдаа эмчилгээ хийх боломж нөхцөл дутмаг байсаар ирсэн. 

Тиймээс "ард иргэдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж эмнэлгийн үйлчилгээнд шинэ үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг нэвтрүүлж өгнө үү" гэсэн хүсэлтийг Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар, Засаг дарга Д.Мөнхсоёл нар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирт өнгөрсөн сард  хүргүүлээд байсан юм. 

Улмаар уг асуудлыг Л.Элдэв-Очир гишүүн дэмжиж, хувийн зүгээс зардлыг бүрэн гаргаж, аймгийн Нэгдсэн Эмнэлгийн дарга Н.Баттогтохд өнөөдөр албан ёсоор гардууллаа. Энэхүү машин нь 80 сая төгрөгийн өртөгтэй ажээ. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn