Ц.Даваасүрэн: АХБ-ны дэмжлэгтэйгээр цэнэг хураагуур байгуулах ажлыг эхлэх боломжтой
2018.09.14

Ц.Даваасүрэн: АХБ-ны дэмжлэгтэйгээр цэнэг хураагуур байгуулах ажлыг эхлэх боломжтой

Ирэх оноос Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 100 мВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуур байгуулах ажлыг эхлэх боломжтой гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Bloomberg”-т өгсөн тусгай ярилцлагынхаа үеэр онцоллоо.

"Цэнэг хураагуурын асуудлыг шийдсэнээр өсөн нэмэгдэж байгаа сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтийг үр ашигтай зарцуулах боломж бүрдэнэ. ОХУ-аас эрчим хүч худалдаж авалгүйгээр оргил ачааллын үед цэнэг хуримтлуур ашиглан иргэдийн хэрэгцээг хангах боломж бүрдэнэ" гэдгийг Эрчим хүчний сайд онцолж байсан юм. 

Мөн шөнийн цагаар ОХУ-д эрчим хүч нийлүүлэхийн оронд хуримтлуураа дахин цэнэглэх боломжтой юм байна. Ингэснээр нар, салхины эрчим хүчний нийлүүлэлт буурах үед нөөцөө ашиглах ажээ. Ирэх онд Монголын нар, салхин эрчим хүчний суурилагдсан чадал 210 мВт хүрнэ. Энэ нь тохируулга хийхэд хүндрэл учруулахаар байгаа тул цаашид шинэ цахилгаан станцуудад цэнэг хураагууртай байх шаардлага тавина, эсвэл тодорхой хязгаарлалт хийнэ гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээж байсан юм. Мөн одоогоор сэргээгдэх эрчим хүчний үнэ, дулааны цахилгаан станцын эрчим хүчний үнээс өндөр байгаа нь хэрэглэгчдэд дарамт болж байна гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний тарифын хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа юм.