Д.Даянбилгүүн 2018.09.14

Д.Даянбилгүүн: “Ард даатгал” сайн засаглалыг өөртөө нутагшуулж чадсан

Д.Даянбилгүүн: “Ард даатгал” сайн засаглалыг өөртөө нутагшуулж чадсан
“БиДиСек” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн

-Даатгалын салбар одоогийн түвшнээсээ 10 дахин өсөх боломжтой-

“БиДиСек” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй цөөн хором ярилцлаа.

-Даатгалын салбарын хоёр ч компанийн IPO  хөрөнгө оруулагчдын хүртээл болох гэж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?

-Санхүүгийн ямар ч компани хөрөнгийн зах зээлд хөл тавих үүд хаалга бол аль эрт нээгдсэн шүү дээ. Энэ боломжоо компаниуд одоо л ашиглаж эхэлж байна. Даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлийн нэг хэсэг болж байгаа нь онцлох үйл явдал.

Үүнийг цаашид хөрөнгийн зах зээл Монголд илүү тэлж, хөгжих дохио гэж ойлгож байгаа. Иргэдийн хувьд даатгалын компанийн хувьцаа эзэмшигч байгаад зогсохгүй эндээс ногдол ашиг хүртэх илүү боломжтой. Тухайлбал, “Ард даатгал” компани гэхэд үйл ажиллагаа явуулж ирсэн 24 жилийнхээ 23-т нь ногдол ашиг гэж тараасан байх жишээтэй. Ийм компани хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй болж байгаа нь дараа дараагийн компаниудад шинэ жишиг тогтоож өгч байна. Даатгалаас бусад салбарын компаниуд ч гэсэн ойрын хугацаанд хөрөнгийн зах зээлд орж, олон нийтийн компани болох байх. 

-Энэ он гарснаас хойш хэд хэдэн компани хөрөнгийн зах зээлд IPO амжилттай хийсэн. Зах зээ­лийн ямар байна вэ?

-Хөрөнгийн зах зээлд маш их нөөц боломж харагдаж байна. Хөгжиж байгаа зах зээл гэдгийг хөрөнгө оруулагчид нэгдүгээрт анзаарч, ажигласан байна. Даатгалын компаниуд энэ зах зээлийн оролцогч болсноор өөрсдийнх нь нэр хүнд, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, бүтээгдэхүүн, үйлчилгээнд хүртэл ахиц дэвшил гарах давуу талтай.

Иргэдийн хувьд урт хугацааны хөрөнгө оруулалт хийснээр эндээс илүү өгөөж хүртэхээр харагдаж байна.

Мэдээж богино хугацаанд ашиг олоод гарах хөрөнгө оруулагч бий. Урт хугацааны хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн өнөөдрийн өсөл­төөр хэмжих нь тухайн хөрөн­гө оруулагчийн өөрийнх нь сонголт.

-Бирж дээр гарахаар зэхэж байгаа хоёр компанийн засаглалд та ямар дүн тавих вэ?

-Компанийн засаглал, ил тод байдал нь яах аргагүй хөрөнгө оруулагч шийдвэр гаргах мөчид хардаг чухал үзүүлэлт мөн л дөө. “Ард даатгал” гэхэд хараат бус дөрвөн гишүүн­тэй.

Тухайлбал, “Сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Эрдэнэс Монгол”-ын Бизнес хөгжил эрхэлсэн дэд захирал О.Одбаяр гэсэн хүмүүс энэ компанийн ТУЗ-д хараат бус гишүүний үүрэг гүйцэтгэж байна.

Үйл ажиллагаа явуулсан энэ 24 жилийн хугацаанд санхүүгийн тайлангаа олон нийтэд цаг хугацаанд нь мэдээлж, тогтмол тайлагнаж ирсэн байгаа юм. Үүнээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цөөнгүй ажлыг сайн дураараа хийсэн байна. Дүн тавих гэхээс илүү ийм засаглалын соёлтой компани хөрөнгийн биржид бүл нэмсэнд мэргэжлийн хүний хувьд олзуурхаж сууна.

-“Ард даатгал” хувьцаагаа 700 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа. Энэ таны харж байгаагаар хэр бодитой үнэ вэ?

-“ВDO” хараат бус аудитын компани “Ард даатгал”-ын үнэлгээг 18.9-20.3 тэрбум гэж үнэлсэн. Үүнийг манайх болон үнэт цаас гаргагч талтай зөвшилцөөд үнэлгээг 40 хүртэлх хувиар бууруулж, 12.25 тэнрбумаар тооцон нэгж хувьцааг 700 төгрөгөөр санал болгосон.

Энэ нь олон нийтэд хямд үнээр авах боломжийг бий болгож өгч байгаа юм. Үнэт цаас гаргагчийн давуу тал гэвэл анхны хувийн даатгалын компани гэсэн тодотгол “Ард даатгал”-ын өмнө явдаг. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд мөн бүртгэгдсэн.

-Монголын даатгалын салбарын ойрын ирээдүйг та хэрхэн зураглах вэ. Энэ салбарт ямар боломж харагдаж байна вэ?

-Даатгалын салбар хөгжингүй орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг, хөгжиж байгаа орнуудад 4-5 хувийг эзэлдэг бол Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувьтай байна.

Манай улсын ДНБ-ий өсөлт дунджаар 6-8 хувь байгаа. Даатгалын салбар мөн адил ийм өсөлт үзүүлэх боломжтой. ДНБ-ий өсөлт энэ хэвээр үргэлжилвэл даатгалын салбар 10 дахин өсөж, хөгжиж буй орнуудын түвшинд хүрэхэд ойрхон байна. Тэгэхээр ирээдүй бол гэрэл, гэгээтэй харагдаж байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn