Ц.Даваасүрэн: “ДЦС-4”-ийн удирдлагыг одоо болтол томилоогүй
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
2018.09.18

Ц.Даваасүрэн: “ДЦС-4”-ийн удирдлагыг одоо болтол томилоогүй

Өнгөрсөн бямба гарагт “ДЦС-4”-т техникийн саатал гарсны улмаас нийслэл даяар цахилгаан тасарсан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн эл явдалтай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийж, нийслэлийн иргэдээс уучлалт гуйлаа. Уг саатлын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүйг салбарын сайд хэлсэн бөгөөд “Тухайн өдөр ажиллаж байсан монтёрын буруутай үйлдлээс болсон байх магадлалтай гэж үзэж байгаа” хэмээсэн.

Мөн тэрбээр “Цаашид бид хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэйг энэ осол харууллаа. Юуны түрүүнд, мэргэжлийн хүмүүсээ бэлтгэх хэрэгтэй болсон байна. Сонгуулийн мөчлөг дагаж боловсон хүчин өөрчлөгддөг байдал нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын ур чадварт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй. Ялангуяа үйлдвэрийн аюулгүй байдлыг хангаж байгаа ерөнхий инженерүүдийн асуудалд анхаарах ёстой.

Хоёрдугаарт, манай салбарын системийн удирдлагын тогтолцоо хоёрдмол байгаа нь сахилга, хариуцлага сулрахад нөлөөлж байна. Төрийн өмчит компаниудыг яам мэдэлдээ авах шаардлагатай байна. Эрчим хүчний доголдол гарахад бүх хүн яам руу ханддаг.

Гэтэл тэр компанийн удирдлагыг томилдог, чөлөөлдөг, санхүү, төсвийг баталдаг эрх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-т байна. Тус станцад өмнө нь хэд хэдэн осол гарч байсан. Тиймээс манай яамнаас энэ оны нэгдүгээр сарын 25-нд тус станцын үйлдвэрлэл, аюулгүй байдал хариуцсан ерөнхий инженерт хариуцлага тооцуулах албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт явуулж байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар энэ талаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Энэ удаа яам хариуцлагаа хүлээе. Гэхдээ манай компаниуд яамныхаа харьяанд байх ёстой. Гуравдугаарт, манай эрчим хүчний систем бие даасан бус гэдгийг энэ осол харууллаа. “ДЦС-4”-т осол гарахад л бүгд зогсчихлоо шүү дээ” гэлээ. Сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах хариултыг өгсөн юм.

-“ДЦС-4”-т гарсан гэмтлийг бүрэн зассан уу. Багануур дүүрэг эрчим хүчгүй байгаа гэнэ.

-Ослоос үүдэлтэйгээр хоёр генераторт гэмтэл гарсан. Үүнийг нягтлах хэрэгтэй байна. Өнөөдөр гурван генератор ажиллаж байгаа. Орой гэхэд дөрөв дэх нь ажиллаж эхэлнэ. Үлдсэн хоёрыг нь бид дахин нягтлах шаардлага байгаа. Дахин саатал гаргахгүйн төлөө ажиллана. Одоо ямар нэгэн хязгаарлалт хийх шаардлагагүй. Засвар, үйлчилгээтэй холбоотойгоор Багануурт хязгаарлалт хийсэн байж магадгүй.

-Тус станцад хэр хэмжээний хохирол учирсан бэ?

-Нэг их өндөр биш. Өөрөөр хэлбэл, ямар нэг техник, тоног төхөөрөмж эвдрээгүй. Тиймээс хохирлыг өөрсдийн хөрөнгөөс гаргах боломжтой.

-Эрчим хүчний саатлаас болж иргэд, аж ахуйн нэгжид хэдий хэмжээний хохирол учирсан бол?

-Нийт хохирлын хэмжээг тодорхойлоход бэрх. Жишээ нь, талх үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж хэдий хэмжээний хохирол амссаныг тэр бүр тодорхойлох боломжгүй.

-Эл саатал нь байгууллага, өрхийг дулаанаар хангах ажиллагаанд нөлөөлсөн үү?

-Үгүй. Харин завсар, үйлчилгээтэй холбоотой дуусгаагүй ажил бий байх.

-Энэ өвөл “ДЦС-4”-т гэмтэл гарахгүй гэх баталгаа байна уу?

-Техникийн хувьд хоцрогдсон зүйл бий. Тиймээс ОХУ-аас зээл авч, дөрвөн генераторыг засварлах ажлыг эхлүүлж байтал ийм асуудал үүслээ. Өвлийн ачааллыг давахын тулд дөрвөн генераторыг шинэчлэх ажлыг түр зогсоохоос аргагүй болж байна. Ид ачаалал дууссаны дараа шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлнэ.

-Генераторуудыг зун шинэчилж болоогүй юм уу?

-ОХУ-аас авах зээл бүрэн шийдэгдээгүй. Ирэх онд шийдэгдэх байх гэж найдаж байна. Сая Хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын хөрөнгө гаргаад нэг генераторын шинэчлэлийг эхлүүлж байсан юм. Хүйтний улирал эхэлж байгаа тул энэ ажлыг хойшлуулахаас өөр арга алга.

-Тус станцад ТУЗ гэж бий. ТУЗ-д нь Эрчим хүчний яамны газрын дарга нар байдаг гэсэн.

-Үүнээс болж том маргаан дэгдэж байна. ТУЗ олонхын саналаар шийдвэр гаргадаг. Бид гол гол газрын дарга нар болон ТУЗ-ийн 51-ээс дээш хувийг яамнаас томилдог байх талаар саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн.

Гэхдээ үүнийг шийдээгүй. Засгийн газар ирэх хуралдаанаараа үүнийг шийдэх байх. Хараат бус байлгана гээд хамаагүй хүмүүсийг ТУЗ-д оруулчихдаг.

-Салбарын сайдын хувьд та хариуцлага хүлээх үү?

-“Хариуцлага хүлээ” гэвэл хүлээж болно.

-“ДЦС-4”-ийн захирлыг томилсон уу. С.Анхбаяр гэдэг хүн ажлаа хийж байгаа юу?

-Удирдлагынх нь асуудлыг одоо болтол шийдээгүй. С.Анхбаяр ажлаа хийгээгүй. Шүүхийн шатанд маргаантай байгаа. Бид цаг алдах боломжгүй гэдгээ хууль, хяналтын байгууллагад илэрхийлнэ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт дараагийн арга хэмжээг авмаар буйгаа хэлнэ.

-Та энэ саатлын өмнөхөн тус станцын үйл ажиллагаатай танилцсан шүү дээ.

-Гэнэтийн саатлыг урьдчилж мэддэг байсан бол өнөөдөр асуудал үүсэхгүй шүү дээ. Үүнийг хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэж үзэж буйгаа дахин хэлье.

Сэтгүүлч Б.Номин