Л.Элдэв-Очир 2018.09.19 | Montsame.mn

Л.Элдэв-Очир: Хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд, ажлын байрны асуудал чухал байна

Л.Элдэв-Очир: Хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд, ажлын байрны асуудал чухал байна

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очирыг Баянхонгорт ажиллаж үеэр  цаг үеийн зарим асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Та хөдөөгийн багуудад ажиллалаа. Ард иргэдийн аж байдал ямар байна вэ, голчлон ямар асуудлыг тавьж байх юм?

-Энэ уулзалтууд бол миний бодож, мөрөөдөж байсан уулзалт. Төлөөлөл нь болж Их хуралд ажиллаж байгаа болохоор иргэдтэй ойр байж, санаа бодлыг нь байнга сонсож ажиллах нь чухал. Тийм учраас хөдөөгийн 30 гаруй багт ажиллалаа, санасан үр дүндээ хүрсэн гэж бодож байгаа.

Иргэд сум баг болоод өөрсдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлаа ярьж байна. Мөн хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээг сайн мэдэж, мэдээлэлтэй байгаа нь сайшаалтай байлаа. Төр засгийн бодлого шийдвэр энэ чигтээ тогтвортой, эдийн засаг нь идэвхтэй, сэргэлттэй байгаасай гэж иргэд хэлж байсан. Ард иргэдийн аминчлан тавьж байгаа асуудал цомхон.

Оюутны сургалтын төлбөрийн асуудал, эмчилгээний зардлын асуудлыг голлон тавьж байна. Олон хүүхэдтэй айлуудад сургалтын төлбөрийн асуудал нэлээд хүндрэлтэй байдаг тухай, хавдрын хүнд шатанд орсон хүмүүс санхүү, дэмжлэгийн асуудлаар хандаж буй. Мөн хүүхдүүдэд ажлы байр олдохгүй байна гэх. Энэ гурван асуудалд төвлөрч, харилцан ярилцаж, санаа оноогоо нэгтгэсэн тийм л уулзалтууд болсон.

Хэрэв суралцагч өөрөө хичээл зүтгэлтэй байж, голч оноо нь заасан дүнд хүрч байх юм бол сургалтын зээлийн санд хандаад, сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломж нээлттэй байна. Харин сурлагын чанар тааруу хүүхдийг “Хүчээр" дээд боловсрол эзэмшүүлэх гэж чанаргүй сургуульд, хөрөнгө мөнгө, цаг завыг нь гарздуулж байхаар мэргэжилтэй боловсон хүчин, ажилчин анги, малч удмын залуу халааг бэлдэж, аль зөв чигт нь хүүхдүүдээ чиглүүлээч гэдгийг хэлж байгаа.

Малчид ч үүнд санал нэгдэж байсан. Түүнээс гадна хавдрын өвчлөл хүн амын дунд их байгаатай холбогдуулж эмчилгээний төлбөрийн асуудал тавьж байна. Миний бие УИХ-ын гишүүний цалингаа болон өөр эх үүсвэрийн орлогоосоо эмчилгээний зардлын асуудалд тогтмол хандивлаж ирлээ. Энэ хугацаанд боломжоороо 500 орчим иргэнд дэм болсон байна. Бас нэг асуудал нь ажилгүйдэл, ажлын байрны хомсдол. Энэ нь эргээд чанаргүй боловсролын асуудалтай холбогдож буй.

Мэргэжилдээ эзэн болоогүй залуус зуучлагдсан ажилдаа гологдож байна. Тэгсэн атал ажлыг голдог хандлага байна. Хөдөлмөрийн зах зээлд  нээлттэй ажлын байру ихээр зарлагдаж байгаа. Түүнд тэнцэж, ажилтай, орлоготой болох нь хувь хүнээс хамаарна. Энэ мэт асуудлыг хөндсөн, шийдлийг эрэлхийлсэн уулзалт сумдын 32 багт өрнөлөө. Энэ хугацаанд 13 мянга шахам хүнтэй нүүр тулан уулзсан байна. Урьд нь гишүүд ингэж ойроос уулзаж, баг бүрт ажиллаж байгаагүй гээд намайгаа хөөрөгдөх маягтай, сэтгэл хангалуун уулзалтууд боллоо.

- Иргэд эрүүл мэндийн асуудлыг  тавьж байна гэлээ. Тухайн салбартай холбоотой асуудалд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн жилд эрүүл мэндийн салбарт дорвитой ажлууд аймгийн хэмжээнд хийгдсэн. Дурангийн хагалгааны тасагт хэрэглэгдэх иж бүрэн тоног төхөөрөмжийн асуудал, эмнэлгийн байр болон бусад тоног төхөөрөмжийн хангамж зэрэг асуудлуудыг шийдэж ажилласан. Аймгийн удирдлагууд санаачлаад “Эрүүл Баянхонгор” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Дээрх санаачилгыг дэмжээд тодорхой ажил хэрэг болгоё гэдэгт гишүүд санал нэгдсэн.Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашин гардуулсан. Зайлшгүй хэрэгцээ, цаана нь иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал байгаа учир хувийн хөрөнгөөр ийнхүү хөдөлж байгаа юм. Хүнд өвчтөнийг Улаанбаатар руу тээвэрлэнэ гэхэд онгоц байхгүй, зориулалтын машин байхгүй зэрэг хүндрэл байсан бол дээрх асуудлуудыг шийдээд зогсохгүй хатуу хучилттай замаар холбогдсон сумдаас ч өвчтөнийг зөөвөрлөх ажил хөнгөрнө.

Орон нутагтаа “Эрүүл Баянхонгор” хөтөлбөрөө далайцтай, маш үр дүнтэй зохион байгуул, бид бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ хэлж байгаа.

-Сумдад ажилласан хүний хувьд өвлийн бэлтгэл ажил хэр өрнөж байна?

-Баянхонгор аймгийн нийт нутгаар долдугаар сарын 20-ноос хойш зуншлага сайжирсан. Ногоо хожуу ургасан ч гэсэн хангайн сумдын мал тарга тэвээрэг сайн авсан байна. Говийн сумд харин хэцүүхэн байна. Баян-Өндөр сум гэхэд нутгийн 50 орчим хувь нь гантай. Тус сумын Засаг даргатай нь өвөлжилтийн асуудлаар уулзаж ярилцсан.

Цаашаа, Говь-Алтай аймаг руу отор нүүдэл хийж өвөлжих айлуудын асуудлыг тавихаар явах гэж байгаагаа хэлж байсан. Ер нь сум бүр өвс ногооны гарц, цаг агаарын байдал зэргээ үндэслэн өвөлжилт хүндхэн байхаар тооцож, бэлтгэл ажлаа базааж байна. Баг, сум дотроо, зэргэлдээ сум, аймгуудтайгаа гэрээ хэлэлцээр хийх ажлууд ид өрнөж байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд 520 мянган га талбайд тариалалт хийснээс 325 га талбайд нь тэжээлийн ургамал тариалсан. Энэ нь өмнөх жилийнхээс 1.6 дахин өссөн дүн. Тэжээлийн ургалт сайн, хураалтын бэлтгэл ажлаа сайн хангаж байгаа. Өнгөрсөн жил нэлээн хэдэн суманд Багийн төв шинэчлэн барьсан. Ингэхдээ хажууд нь өвс тэжээлийн фондыг байгуулж өгсөн. Аймгийн хэмжээнд хадлангийн бүрэн техникжсэн хоёр компани бий. Хадлан тэжээл сайн авч, аймгийн фондод төвлөрүүлэхээр ажиллаж байгаа.

- Сонгуулийн цөөн хэдэн хоногт л улстөржиж, бусад үед эвлэлдэж ажиллах талаар ч аль аль нам ярьж, хэлдэг. Хөрсөн дээр хэр ажил хэрэг болж байна  вэ?

-Дөрвөн жилийн циклтэй өнөөгийн сонгуулийн тогтолцоо Монголчуудыг хэт их талцуулаад байгаа нь үнэн. Сонгууль болдгоороо болно, мөрийн хөтөлбөр энэ тэр ажлуудыг харж байгаад нэгийг нь сонгочихно биз дээ. Сонгуульд нэр дэвшигч хэн нэгнийг гишүүнээр тодруулахын тулд ард иргэд хоорондоо зөрчилддөг, талцаж асуудал үүсгэдэг явдал байж боломгүй.

Энэ удаагийн уулзалтаар олон хүнтэй нүүр тулахын тулд зохион байгуулалтыг эртнээс хангаж, тусгай уриалга гаргасан. Архигүй, нам, улстөргүй, багийн өдөрлөг хийнэ гэж. Сонгуулийн үеэр хэсэг хүмүүс нийлээд л нэг нэр дэвшигчийг баахан баалж, бөөн асуудал тарьчихдаг. Тэгсэн өнөөх нь сонгогдоод гишүүн болчихоор яахаа мэдэхээ байчихдаг.

Энэ удаагийн уулзалтаар ч ажиглагдаж байлаа. Зарим нөхөд нүүр буруулаад, дальдчаад л гэм хийсэн хүн шиг их хэцүү харагдах юм. Тэгэхээр нь би хэлсэн, та намайг дэмжсэн үү үгүй юу хамаа байхгүй нэгэнт л энэ тойргоос сонгогдож, та бүгдийг төлөөлж байгаа учир ялгаа байхгүй гэж. Ингээд явахаар өнөө нөхөр хамаагүй цэх болж ирээд, уулзалт зөвлөгөөнд идэвхтэй оролцох жишээтэй.

Одоогийн сонгуулийн тогтолцооны гажуудалд үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал санаачлагдаад явж байгаа. Хуулийн ажлын хэсэг гарчихсан. Үүнээс улбаалаад ард иргэдийг хооронд нь талцуулдаг асуудал байхгүй болно гэж найдаж байгаа. Энэ асуудлыг нэг үеэ бодоход хаа хаанаа ойлгодог болчихсон байна.

-Таньтай холбоотой мэдээлэлд хувийн хөрөнгө оруулалтаар гэх тодотгол сонсогддог?

-Улстөрийн зорилготой ч байж магадгүй. Хийсэн ажил гээд ярихаар хувийн хөрөнгөөр юу хийсэн юм бэ гэх асуулт гардаг. Улсын төсвийн хөрөнгөөр хийчихсэн ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн мэт ярьж явдаг гэхчлэнгээр үеийн үеийн гишүүд рүү чиглэдэг байсан дайралт л даа. Тэгэхээр улс орны маань эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед үнэхээр тулгамдаад байгаа асуудлыг цаг алдалгүй шийдэх шаардлага зайлшгүй гарах юм.

Тухайн асуудалд хувийнхаа хөрөнгө оруулалтаар шийдэх асуудал бишгүй байдаг. Харин энийгээ нийтэд ил тод ярьж, хэлж явах нь зөв юм байна гэдгийг саяхнаас мэдэрч байгаа гэх үү дээ. За ингээд ирэхээр тэдэн төгрөгийн тийм хөрөнгө оруулалтыг хийжээ, мөнгө хаанаас гараад ирэв гээд бас байцааж эхэлдэг.

Ойрын үед зургаан суманд арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэлээ. Тус бүр нь 50 сая төгрөгийн өртөгтэй. Тухайн үйлдвэрт ажиллах хүмүүст нэгдсэн сургалт, семинарын ажлыг Баян-Овоо суманд зохион байгууллаа. Аль нэг сангаас санхүүжилт хүлээвэл маш их цаг хугацаа, явдал чирэгдэл болох учир цаг алдалгүйгээр шийдэхэд анхаарсан.

Мөн цэвдэгтэй хөрстэй, 180 метр хүртэл өрөмдөж байж гүний ус гаргаж авдаг Гурванбулаг сумын хувьд ундны усны асуудал хүнд байдаг. Гүний ус шаардлага хангадаггүй, цэвэршүүлэгч тавья гэхээр үнэ өртөг нь дийлддэггүй. Ийм байдлаар явж ирсэн тухайн сумд хувийн хөрөнгө оруулалтаар Хар усан голоос зөөврөөр ундны ус нийлүүлэх автомашины асуудлыг шийдсэн.

Харьцангуй боломжтой байгаа учир тухайн асуудлуудыг шийдээд явж байна л даа. Энд тэндээс зувчуулсан мөнгө, ил далд хөрөнгө байхгүй. Боломжтой байгаа улсууд нь чадах чинээгээрээ хөрөнгө гаргаад, асуудлыг шийдээд явдаг тогтсон жишиг байдаг шүү дээ.

                                                                                                   Б.Мөнхзул

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn