С.Амарсайхан Д.Сумъяабазар 2018.09.21 | Zaluu.com

Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар, С.Батболд, С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ

Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар, С.Батболд, С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ

12:10 Хүүхдийн ордонд өнөөдөр эхэлсэн Нийслэлийн МАН-ын бага хурал ширүүхэн уур амьсгалтай үргэлжилж байна.

Нийслэлийн МАН-ын бага хуралд  369 төлөөлөгч оролцож байна.  Үүнд дүүрэг тус бүрээс 45 төлөөлөл, мөн нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож байгаа юм. 

 Нийслэлийн МАН-ын хорооны даргын томилгоо өнөөдөр улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна.

НИТХ-ын экс дарга  Ц.Сандуй ажлаа нийслэлийн МАН-ын хорооны хорооны даргаа хүлээлгэж өгснөөс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа.

Энэ хугацаанд нийслэлийн МАН-ын даргын үүргийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гүйцэтгэсээр ирсэн юм.

 Нийслэлийн МАН-ын хорооны даргаа бага хурлаараа сонгодог журамтай. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн МАН-ын бага хурал хуралдаж даргаа сонгоно. 

Нийслэлийн намын даргад УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ.

Нэр дэвшигчид бага хурлын гишүүдэд өөр өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах бөгөөд даргыг бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгоно. 

11:10. Нийслэлийн Намын хорооны тайлан илтгэл дуусч, хурал дотоод асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэх хэргийн дараалал ёсоор одоо Нийслэлийн Хяналтын хорооны дарга Оюуны тайланг хэлэлцэж байна. 

10:30. Нийслэлийн Намын Хорооны XXXIY Бага хурал  Мандатын зомиссын илтгэлээ баталсны дараа хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболд өнгөрсөн нэг жилийн ажлын тайлангаа хурлын төлөөлөгчдөд тавьж байна. Нийслэлийн Намын хороо 189 гишүүн, 17 тэргүүлэгчтэй ажиллаж байгаа бөгөөд гишүүдээ чадавхжуулах, гишүүд дэмжигчдийн хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ажил хийжээ. Мөн 2018 онд намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жил болгон ажиллж байгаагаа илтгэгч тодотголоо. 

 

10:10 Нийслэлийн МАН-ын хорооны XXXIY Бага хурал эхэллээ.  Хурал удирдах тэргүүлэгчээр Барилга, Хот Байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, Багахангай дүүргийн  МАН-ын хорооны дэд дарга Цогцэцэг нарыг сонголоо.

Г.Мөнхбаяр хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав.  Хурлаар:

  1. Мандатын комиссын илтгэл

2.Нийслэлийн МАН-ын хорооны тайлан.  Илтгэгч нь  Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд

3.Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны тайлан. Илтгэгч нь Хяналтын хорооны дарга Оюун.

4.Нийслэлийн Намын хороо, Нийслэлийн Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал

5.Тооллогын комисс байгуулах

Хэлэлцэх асуудлыг батлуулах үеэр Бага хурлын төлөөлөгч Ганбаатар  “Нийслэлийн МАН-ын даргыг сонгох нь Бага хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал учир хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү” гэсэн санал гаргасан.

Гэвч хурал даргалагчийн зүгээс асуудлыг намын дүрэм журмын хэм хэмжээнийн хүрээнд явуулна гэснээр хурал үргэлжилж Мандатын комиссын илтгэлээр үргэлжлэв.  

Нийслэлийн  хэмжээнд МАН-ын 36 мянган гишүүн байгаа бөгөөд тэдгээрийг төлөөлж 369 төлөөлөгч сонгогдон Бага хуралд оролцож байна. 

Төлөөлөгчдийн хамгийн залуу нь 23 настай бол хамгийн ахмад нь 65 настай аж. Мөн төлөөлөгчдийн дийлэнх  нь дээд боловсролтой байна.

М.Нэргүй