Л.Болд 2018.09.21

Л.Болд: Монгол Улс Аливаа сайн шийдвэрийн эталон загварыг өөрийн болгож авч байж л хөгжинө

Л.Болд: Монгол Улс Аливаа сайн шийдвэрийн эталон загварыг өөрийн болгож авч байж л хөгжинө

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Манай талаас УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Б.Ундармаа болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд, түүнчлэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Европын парламентын гишүүн Херберт Дорфманн (Итали), Хелга Стивенс (Бельги), Вульф Клинз (Герман), Мирославс Митрофановс (Латви) зэрэг төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар Монгол Улсын улстөрийн болон төрийн албаны тогтвортой байдал, хүний эрхийн төлөв байдлын талаар харилцан санал солилцож, ярилцлага өрнүүлсэн юм.

Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле,

-Уулзалтын үеэр яригдах олон чухал сэдвүүдэд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чиглэл томоохон байр суурь эзэлж байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хоёр талаасаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байсан ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгаа. Үүний шалтгааныг тодорхойлж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярилцаж байна.

Европын холбооноос баталсны дагуу европын зах зээлд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсаас татваргүйгээр гаргах нь нээлттэй ч экспортын бүтээгдэхүүний чанар, стандартаас шалтгаалж үр дүнд хүрдэггүй. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, шийдлүүдийг гаргаж ирнэ гэсэн бодолтой байна гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа

“Өнгөрсөн жилүүдэд АНУ-тай ил тод байдлын гэрээ байгуулсан, Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт нэгдсэн, Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийгээд, одоо БНСУ-тай хийхээр бэлтгээд бүх зарчим,  асуудлуудаа тохирчихсон байдаг.

Гэтэл манайхан татвар болон эдийн засагтай холбоотой гол хуулиуд дээрээ өглөө сэрээд нэг юм боддог шигээ үсэрч харайсан шийдвэрүүд их гаргадаг. АН-ын үед баталсан гээд л хамаг хуулиудаа өөрчлөөд, баллаж сохлоод унана. Эргээд тэр нь амьдрал дээр бөөн будлиан, түнш орнуудад ч ойлгомжгүй. Үүнийгээ л больчих хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийгээ гадаад, дотоодын гэж ялгалгүйгээр тэдэнтэйгээ ярилцаж тохиролцож, үр дүнг нь тооцож байж хууль тогтоомжоо гаргамаар байна.

Бид гуравдагч хөрш орнуудтайгаа түншилж, тэдний хөрөнгө оруулалт чухал гэж үзэж л байгаа бол эргээд тэдэнд ойлгомжтой зарчимтай хууль тогтоомж гаргах ёстой. Гэтэл үүнийг л бид чадахгүй байгаад байна.

Гэтэл Монгол Улс Европын холбоотой цаашдаа итгэлцэл, дотно харилцаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг санхүүгийн хамтын ажиллагаагаа  урагшлуулах уу үгүй юу гэдэг нь үнэхээр хоолой дээр тулчихсан байгаа ийм цаг үед болж байгаагаараа энэхүү Монгол Улс болон Европын холбооны парламентын хоорондын XII уулзалт онцлог байна.

Нэмээд хэлэхэд, бид татварын хөнгөлөлтүүд эдэлж байна, эдлэх бололцоо олдож байна гээд том пиар хийгээд яваад л байдаг. Яг бодит амьдрал дээр хоёр хөрштэйгөө тээврийн асуудал, тарифын асуудлуудаа шийдээгүй нөхцөлд цаасан дээрх хоосон амлалтууд л болчихоод байна л даа. Юмыг бодитой харах хэрэгтэй. Европын Холбооны хөгжингүй, тэргүүлэгч улсуудын хөгжил, хамгийн том хүчин чадал нь шинэ технологи, орчин үеийн ноу хау, мэдлэгийн эдийн засагт л оршиж байгаа. Түүнийг нь л Монголын хөрсөн дээр буулгаж өөрийн болгож авах хэрэгтэй. Тэрнээс Европын Холбооны тэр долоо, найман мянган төрлийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлээд гаргана гэдэг бол үлгэр. Та бүхэн сая хатагтай Ивета Григулегийн үгийг сонслоо, Европын зах зээлд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсаас татваргүйгээр гаргах нь нээлттэй ч экспортын бүтээгдэхүүний чанар, стандартаас шалтгаалж үр дүнд хүрдэггүй гэдгийг.

Тэгэхээр юун түрүүнд Монгол Улс өөрөө Европын Холбооны хөрөнгө оруулалтыг авах хэмжээний чадвартай болох хэрэгтэй. Тэгэхийн тулд евро стандартыг Монголынхоо хөрсөнд буулгах хэрэгтэйг би онцолмоор байна. Евро стандарт гэдэг нь ердөө л амьдрах таатай боломж бүрдэж байгаагаас өөрцгүй. Тэр стандартыг авахаар бид нар тусгаар тогтнолоо харьд алдаж байгаа хэрэг биш. Европчуудын эдэлж байгаа, хэрэглэж байгаа бүхэн, авч байгаа үйлчилгээ гээд бүх юм аваар осолгүй, хүнд тааламжтай, хортой нөлөөгүй, хүний эрхийн талаасаа хүүхдийн хөдөлмөр мөлжөөгүй гээд бүх стандартууд нь хэрэгжсэн байдаг. Үүнийг л бид шууд нутагшуулах хэрэгтэй байгаа юм. Аливаа сайн шийдвэрийн эталон загварыг өөрийн болгож авч чадвал, Ази, Европыг холбосон чухал байр сууриа алдалгүй Европын Холбоог ойртуулж чадвал, Монголын хөгжлийн хамгийн том гарц энд байна гэдгийг анзаарч харж, дээр доргүй л ойлгомоор байна.