Д.Сумъяабазар 2018.09.24 | Монголын мэдээ сонин

Уламжлал эвдэгч

Уламжлал эвдэгч
Д.Сумъяабазар

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал  өнгөрөгч өдрүүдэд болж, удирдлагаа сонголоо.

Тэд нийслэлийн МАН-ын хороог УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт даалгаж, өөрчлөлт шинэчлэлт, итгэл, найдварын   хамт хүлээлгэж өгөв. Магадгүй энэ сонголт нь намдаа өөрчлөлтийг бас дэвшилтийг авчрахыг хүссэн олон залуусын мөрөөдөл биелэх шийдвэр болж чадсан гэхэд хилсдэхгүй болов уу.  

Нөгөөтэйгүүр, МАН-ынхан түүхэндээ байхгүйгээр  нээлттэй, ардчилалтай, маргаантай,  мэтгэлцээнтэй, шүүмжлэлтэй хурлаа хийж чадлаа. Үүний эцэст удтал хүлээлгэсэн нийслэлийн  МАН-ын Бага хурлын  гишүүд жирийн  дэмжигчдийнхээ  хүсэл, сонирхолд нийцсэн сонголтоо хийв.

МАН-ынхан уламжлалт ёсоор нийслэлийн МАН-ын хороог хотын дарга С.Батболдод даалгахаар шийдвэрлэж, дэвшүүлсэн боловч заалнаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дэвшиж, олонхийн санал авсан нь ах намын хувьд уламжлал болон тогтсон бичигдээгүй “дэгт” цэг тавилаа. Нөхөд нь түүнд итгэл хүлээлгэсэн  гол шалтгаан нь УУХҮ гэх Монголын эдийн засгийг түүчээлэх толгой яамыг хэрхэн удирдаж байгаа болон олон жил гацсан “Толгойн орд”-ыг хөдөлгөж, уул уурхайн салбарт шинэ дэвшил авчирч буйд найдсаных байх. Түүнчлэн намдаа зоригтой өөрчлөлт, шинэчлэлтийг эхлүүлж чадна гэж итгэсэндээ Д.Сумъяабазарыг дэмжсэн биз ээ. 

Тиймээс нийслэлийн МАН-ын хороог ямар байлгах, хэрхэн удирдан чиглүүлэх, яаж өөрчлөх нь Д.Сумъяабазарын мэдэлд ирэв. Мөн МАН-д байгаа авлига, албан тушаалын наймаа,  алдарт 60 тэрбумын асуудал гэх мэт болохгүй, бүтэхгүй бүхний төлөө сөрж зогсох ганц гарц түүнд үлдэв. Түүнийг нийслэлийн намыг хороог хэрхэн,  яаж зөв зохион байгуулалттай удирдахаас МАН-ын 2020 оны хувь заяа шийдэгдэх юм.